solongonews
Монгол Улсыг монгол бичгээр танилцуулсан анхны ном нээлтээ хийлээ
2015-01-19 17:18
Монгол Улсыг монгол бичгээр танилцуулсан анхны ном боллоо.

        1 дүгээр сарын 18-ны үдээс хойш МУ-ын нийслэл Улаанбаатар хотноо МУ-ын "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагын санаачлан хэрэгжүүлж байгаа "Байгаль эх дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян"-ы хүрээнд монгол бичгээр бүтээгдсэн "Шинэ зууны Монгол улс" номын нээлт боллоо. Энэ ном нь МУ-ыг монгол бичгээр танилцуулсан анхны ном боллоо.

   Номын нээлт дээр тус номын редактор, Өвөр Монголын Ар хорчин нутагтай А.Уд хэлэхдээ: -Миний бие "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагатай хамтан МУ-ыг танилцуулсан монгол бичгийн ном хийлээ. Энэ номд ашиглагдсан бүх ном зохиол, материал 100 хувь МУ-ынх юм. Жишээлбэл, байшингийн бүх материал МУ-ынх, харин би байшинг барьсан хүн нь юм. Англи, Хятад, Япон хэл дээр МУ-ыг танилцуулсан ном зохиол байдаг. Харин МУ-ыг монгол бичгээр танилцуулсан ном байгаагүй. Ингээд "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллагын захирал Наранцогт, орлогч захирал Баярхүү, менежер Сайнзаяатай энэ номыг хийхээр тохиролцож, хэдэн сар хичээн ажиллаад өнөөдөр номын нээлтээ хийж байна. Гэхдээ энэ ном төгс төгөлдөр болсон гэж би хэлж чадахгүй байна. Манай Өвөр Монголд жалгын гөрөөсийг үргээж, залуу анчдыг өдөөнө гэсэн үг байдаг. Энэ ном хэвлэгдснээр монгол бичигтэй монголчууд маань МУ-аа танилцуулсан улам сайхан ном бүтээх болно гэдэгт би итгэж байна гэжээ.

 

        "Нэр төр, Эрхэмсэг амьдрал" төрийн бус байгууллага нь 2009 байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. 2010 оноос "Байгаль дэлхийгээ аврах Тэнгэрлэг аян" –ыг Монгол орон даяар өрнүүлэн ажиллаж байна. Энэ номноос олох ашгаараа Дундговь аймагт 100 мянган ширхэг мод тарихаар төлөвлөөд байна. Мөн Өвөр Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн "Сүхээгийн саарал морь" домгоор хүүхдийн жүжиг, уран сайхны кино хийхээр зорьж байгаа юм байна.

Зургийг: Цэцэн

Зохиогч: С.Саранчимэг, Цэлмүүн
Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл