
Эрт цагт хүмүүс жижиг модон савхыг ашиглан тоо боддог байсан бөгөөд энэ жижиг модон савхыг "Тоологч савх" гэдэг байсан ба "Тоологч савх"-ыг багаж болгон тооцоолон бодохыг "Савх тоолох" гэдэг байжээ. Сүүлд хөгжлийн явцад, бодох тооны орон ихсэхтэй зэрэгцэн энэхүү жижиг модон савхны ашиглалт хязгаарлагдах болжээ. Ингэснээр хүмүүс илүү дэвшилтэт тооцоолох багаж зохиосон нь сампин байлаа.
Сампин нь тэгш өнцөгт хэлбэртэй, дөрвөн тал нь модон урт дөрвөлжин, дотроо хэд хэдэн жижиг модон савх бэхэлсэн байх бөгөөд савх болгон нэг оронг төлөөлдөг, жижиг савх болгонд модон эрих байх ба дундуур нь хөндлөвчөөр хоёр хэсэгт хувааж өгсөн, дээд хэсэгт савх тус бүрт хоёр эрих байх ба эрих тус бүр “5”-ыг илэрхийлдэг бол харин доод хэсэгт байх савх тус бүрт таван эрих байх ба эрих тус бүр “1”- ийг илэрхийлдэг.

Сампинг ихээр хэрэглэх болсноор хүмүүс сампингийн аргачлалыг боловсруулсан ба тооны төгс ур чадварыг сампингийн арга техниктэй хослуулснаар тооцоолон бодох ажиллагааны хурдыг эрс нэмэгдүүлсэн байна. Мин улсын үед (1368—1644) сампингаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлүүдийг хийж чадахаас гадна аливаа биетийн жин, тоо ширхэг, талбай, эзэлхүүнийг тооцоолоход ашигладаг болжээ.
Сампины хийц энгийн, үнэ хямд, тооцоолох аргачлалыг цээжлэхэд амархан, тооцоолон бодоход хялбар байдаг, иймээс ч сампин Дундадад маш өргөнөөр хэрэглэгдэх болсон юм. Сампин аажмаар Япон, Солонгос гэх мэт хөрш зэргэлдээ орнуудаар өргөн тархсан байдаг.
