
Хамгийн анх хүмүүс огторгуйн нар сар, од гаригийн хөдөлгөөнийг ажиглан цаг баримжаалдаг байсан ч энэ нь тийм ч нарийвчлалтай байсангүй. Сүүлд хүмүүс нарны тусгалыг ашиглан цаг бүтээсэн нь наран цаг юм. Цинь, Хань улсын үед наран цаг нь ард түмний дунд их түгээмэл байжээ. Наран цаг нь том дугуй тавагтай, нүүрэн талд нь 12 цагийг заасан "хулгана, үхэр, бар, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, гахай" гэсэн хэмжээ байх ба нүүрэн талын дунд нэгэн зэс зүүг зоож өгсөн байна. Нарны тусгалд зэс зүүний сүүдэр нарны хөдөлгөөний дагуу аажмаар хөдөлдөг. Зэс зүүний сүүдэр аль хэмжээнд хүрнэ тэнд тэр цагийг заадаг. Ингэснээр цагийг баримжаалах нь харьцангуй нарийвчлалтай болсон юм.
Гэвч бүрхэг өдөр, шөнө орой болоход нарны цаг ажиллахгүй болдог байв. Хожим хүмүүс ус дуслуулах, элс гоожуулах аргыг ашиглан цаг хугацааг хэмжих болсон бөгөөд нэгэн шинэ төхөөрөмж бүтээсэн нь зэс данхан усан цаг юм.
Зэс данхан усан цагийг мөн "Усан цаг", "Данхан цаг" гэх зэргээр нэрлэдэг. Хамгийн анх данхан цагийг нэг зэс данханд ус хийгээд, данхны ёроолд жижиг нүх гарган, данхны төвд хэмжээс бүхий багана байршуулсан байдаг. Ус жижиг нүхээр дуслан гарч ус багасахад хүмүүс хэмжээст багана дээрх усны түвшингөөр цаг хугацааг баримжаалдаг байжээ. Гэвч мөн л энэ төрлийн цагийн нарийвчлал төдий л хүмүүсийн эрэлт хэрэгцээнд нийцэхгүй байв.

Данхан цаг нь үеийн үед уламжлагдан хөгжиж хожим дөрвөн домбоноос бүрдсэн цогц багаж болж хөгжсөн байна. Дөрвөн домбыг дөрвөн давхар модон тавиур дээр байршуулах ба хагмийн дээд талын данхыг “Наран данх”, доод гурван данхыг “Саран данх”, “Одон данх”, “Ус цуглуулгч данх” гэж тус тус нэрлэнэ. Наран, саран, одон данх болгоны доор ус дуслах нүх байх ба “Ус цуглуулагч данх”-ны дотор нэгэн хувиарт хэмжүүр байдаг. Ус Наран данхнаас Саран данханд дусаж, дахиад Одон данханд дусах ба адаг сүүлд нь Ус цуглуулагч данханд дусална. Ус цуглуулагч данхны усны хэмжээ улам ихсэж, усны мандал дээшлэхэд, уснаас дээш цухуйх хувиарт шугам дээрх нарийн хэмжээст зураасуудыг харж цаг мэддэг байна. Устай данхны багтаамж их байх тусам цагийг илүү оновчтой заадаг байна. Одоо Хятадын Түүхийн музей болон Бээжингийн Хааны Ордны музей тус бүрт Юань улсын болон Чин улсын үеийн дөрвөн зэрэгт данхан цагийг хадгалж байна.
Наран цаг болон зэс данхан цаг нь Эртний Хятад хүмүүсийн нарийн ур ухаан, уйгаггүй хөдөлмөрч чанарын яруу тод илрэл бөгөөд энэ нь эртний Дундадын ард түмэн хэрхэн цаг тооллыг хөтөлж байсныг харуулахаас гадна Эртний Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжлийг судлах үнэт материал болдог юм.
