
Өчигдөр шөнө Швейцарийн Цюрих хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос зохион байгуулдаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин / Ballon d'Or/ шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн хувьд ДАШТ-тэй жил байсан тул шилдгүүдийн дундах өрсөлдөөн нэлээд хүчтэй өрнөсөн. Шилдэг гуравт тунаж үлдээд байсан Португалийн К.Роналдо Реал Мадридын хамтаар Аваргуудын лигийн цомыг өргөсөн бол Герман хаалгач М.Нойер шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга болсон бол Аргентин залуу Л.Месси дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд үлдсэн билээ.

Мессигийн хувьд өмнө нь хамгийн олон удаа буюу дөрвөн удаа энэхүү шагналыг хүртэж байсан тул дахин хүртэж түүхийг бүтээх үү гэдэг асуулт хөлбөмбөг сонирхогчдын дунд байсан. Харин К.Роналдогийн хувьд өмнө нь хоёр удаа хүртэж байсан тул гурав дахь удаагаа хүртэж өрсөлдөгч Мессигийн амжилтад дөхөж очих уу гэдэг асуулт ч гарч байсан. Тэгвэл ДАШТ болоод Германы Бундес лигт өөрийн багаа түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан М.Нойер 50 гаруй жилийн дараа шилдэг хөлбөмбөгчин шагнал хүртсэн л түүхэн дэх хоёр дахь хаалгач болох уу гэдэг нь ихээхэн анхаарал татаж байсан юм.
Шигшээ багуудын дасгалжуулагч, ахлагч болоод спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг энэхүү шагналыг эцсийн мөчид Португалийн шигшээ багийн ахлагч, Реал Мадридын К.Роналдо гурав дахь удаагаа хүртлээ. Реал Мадридын супер од Кристиано Роналдо 37.66%-ийн саналаар тэргүүлж, карьерийнхаа 3 дахь Ballon d'Or-ийг хүртэн Иохан Круйфф, Кевин Кееган, Карл-Хайнз Румменигге, Мишель Платини, Марко Ван Бастен, Лионель Месси нарын адилаар Ballon d'Or - ийн цомоо хамгаалсан түүхэн дэх 7 тоглогч боллоо.Харин Мессигийн хувьд 15.76%-ийн саналаар 2-т орсон бол, Нойер 15.72%-ийн санал авч 3-т оржээ.
Түүнчлэн уг ёслолын үеэр шилдэг дасгалжуулагч, шилдэг гоолын эзэн, шилдэг эмэгтэй тоглогчдын шалгаруулахаас гадна бэлгэдлийн багийг нэрлэдэг билээ. Өнгөрсөн зуны Дэлхийн аваргаар Уругвайн шигшээ багийн хаалганд гоёмсог гоолыг шигтгэсэн Колубын шигшээ болон Реал Мадридын хагас хамгаалагч Хамес Родригес "ФУСКАС"-ын нэрэмжит 2014 оны шилдэг гоолын шагнал хүртлээ.

Харин Дэлхийн аварга, Германы шигшээ багийн дасгалжуулагч Иахим Лёв 36.23%-ийн саналаар Реал Мадридын Карло Анчелотти(22.06% ), Атлетико Мадридын Диего Симеоне(19.02%) нарыг ардаа орхин 2014 оны Дэлхийн шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртлээ.

Тэгвэл 2014 оны бэлгэдлийн шигшээ багт хаалгачаар Мануэль Нойер, хамгаалагчаар Тиаго Силва, Серхио Рамос, Давид Луис, Филипп Лам, хагас хамгаалагчаар Тони Кроос, Анхель Ди Мария, Андрес Иньеста, довтлогчоор Арьен Роббен, Криштиано Роналдо, Лионель Месси нар нэрлэгдсэн байна.

Харин оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчид Германы Надин Кесслер, АНУ-ын Эбби Уэмбэх, Бразилийн Марта нар дэвшсэнээс Надин Кесслер оны шилдгээр нэрлэгдсэн. Тэрбээр Германы шигшээ болон "Вольфсбург" багийн довтлох чиглэлийн хагас хамгаалагч юм.

