solongonews
Монголхүрээ шяний “Зулын баяр”
2015-01-10 19:59
Одод түгж эхлэхэд хурсан олон хийд тойрон адис авч, аливаа сайн сайхан бүхнээ хүсэн даатгана. Мөргөлөө дуусгасны дараа хийддээ орж зул барин, өргөл барьцаа өргөж, хүж асаан хүссэн бүхнээ наминчилна.

Харганатын зулын баяр

Шиньжяний Или Казакийн Өөртөө Засах Жөүгийн Монголхүрээ шяний цэргийн агтны талбай Харганатад байрладаг. Энд таван мянга гаруй Монголчууд амьдарч байна. 12 дугаар сарын 16-нд Монголхүрээ шяньд нийтийн зулын баярын арга хэмжээ зохиогдох тул Харганатынхан зулын баяраа урьдчилан тэмдэглэсэн байна. 13-ны өглөө 10 цагийн үед бид Харганатын морин спортын талбайг зорьлоо. Биднийг очиход хол ойрын хүмүүс уван цуван цугларч буй харагдана. Үзэгчдэд амрыг нь бодож арга хэмжээг зохион байгуулсан цэргийн агтны талбайгаас тусгай автобус гарган тосож хүргэжээ.

11 цагийн үед морин спортын талбайн их танхимд хүмүүс дүүрч, хөөр баяраар бялхав. Хөгшин залуу бүгд монгол дээл хувцсаараа гоёсон байлаа. Буурлуудынхаа үг заавраар хуран цугласан монголчууд зул мандааж үдэшлэгээ эхлүүллээ. Ерөөлийн бэлэгтэй үгээр үдэшлэгийг эхлүүлэн, наян настай буурайгаас найман настай балчир хүртэл биелгээ биелж, монгол дуугаа дуулцгаана. Шиньжян дахь монголчуудын дунд “Алтан гургалдай” хэмээн алдаршсан дуучин Дүнхуар “Хүлээлт”,“Салхин жигүүрт шувуу” зэрэг сайхан дуугаа хурсан олон монголчуудаа хүргэлээ.

Жин үд өнгөрөөд монгол үндэстний уламжлалт эрийн гурван наадмаа хийв. Өвдөг шүргэм зөөлөн цас хурдны морьдын туурайнд цацлагдаж, хийморьт сайхан морьд зуузай холбон тэмүүлнэ. Морин дээрээс хадаг шүүрч ур авьяасаа гайхуулан, эрхий мэргэн харваачид эрдэм ухаанаа уралдуулна. Өөлд бөх барилдаж, томчуудын дэргэд хүүхдийн бөхийн барилдаан ч явагдсан юм.

Монголхүрээ шяний “Зулын баяр”

12 дугаар сарын 16-нд Монголхүрээ шяньд нийтийн зулын баяр болов. Шяний Багачуудын ордонд мянга гаруй монголчууд хуран цугларч хамтдаа баясан цэнгэлээ. Монголхүрээ шянь 170 мянган хүн амтай, 17 мянга гаруй монголчууд амьдардаг.

“Богд ивээх хийд”-ийн хоёр лам болон нутгийн хэдэн ахмад буурлууд тайзан дээр зул барин найрыг эхлүүллээ. Монголхүрээ шяний нийтийн зулын баяр хорь дахь удаа болж байгаа нь энэ юм. Энэхүү баяр нэгэнт нутгийн монголчуудын томоохон чуулган болсон ба арга хэмжээг тохиолдуулан уран сайхны тоглолт болдог байна. Баярын үеэр Монголхүрээ шяний монголчууд хол ойроос хүрэлцэн ирж, уран сайхны тоглолт үздэг. Энэ жилийн нийтийн зулын баяр ч мөн уламжлал ёсоор сайхан явагдлаа.

Монголхүрээ шяний нам засгийн талаас ч нийтийн зулын баярыг хүндэтгэн үзэж, зардал мөнгө зэрэг тал дээр туслан дэмждэг байна.  Энэхүү баярыг шяний шууд харьяа байгууллага нэгж, аж ахуйн нэгжээс ээлжлэн зохион байгуулсаар өнөөг хүрчээ. Мөн тус арга хэмжээ жил ирэх тусам өргөжин тэлж, тухайн орон нутгийн бас нэгэн соёлын гол зүйл болсон байна.

“ Богд ивээх хийд”-ийн зулын баяр

Нар жаргахын үед хол ойроос хүрэлцэн ирсэн монголчууд “Богд ивээх хийд”-д болзоотой юм шиг хуран чууллаа. “Богд ивээх хийд” 1898 онд байгуулагдсан. Монголхүрээ шян нь энэхүү хийдийн дэргэдээс анхлан шаваа тавьсан гэдэг. Энд шашин мөргөлийн үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ид үедээ 500 гаруй ламтай байжээ. Өнөөдөр арван ламтайгаар  хурал номоо хуруулж байна.

Одод түгж эхлэхэд хурсан олон хийд тойрон адис авч, аливаа сайн сайхан бүгдээ хүсэн даатгана. Мөргөлөө дуусгасны дараа хийддээ орж зул барин, өргөл барьцаа өргөж, хүж асаан хүссэн бүхнээ наманчилна. Монголхүрээ хийдийн лам нараас хэнгэрэг цанаа дуугаргаж, ном уншиж эхлэхэд хурсан олон мөргөлчид дараалан зогсож, дэг хүндлэлтэйгээр бурхандаа мөргөж наманчлан даатгана. “Богд ивээх хийд” мөргөлчдөөр дүүрч найман настай балчраас наян настай буурал хүртэл ирсэн байлаа. Мөргөл дууссаны дараа бамбар асааж, хийдийн өмнө овоолсон цасан дээр хатгаж, сүсэг бишрэлийн ёслол үйлдэнэ. Хурсан олны барьсан зулаар асаасан бамбар “Богд ивээх хийд”-ийг гэрэлтүүлж, бүхий л хүний сэтгэлд сайн сайхан бүхнээр ивээхийн ерөөл талбина.

“Богд ивээх хийд” бол Монголхүрээ шяны монголчуудын сүжиг бишрэлээ гүйцэтгэх газар юм. Хурал номоо тасралтгүй хуран, жил бүрийн зулын хорин таванд зул барьж, бамбар асаан, хурал ном хурдаг сайхан уламжлалтай.

Хувь айлын “Зулын баяр”

12 дугаар сарын 14-ний өдөр Монголхүрээ шяны цэргийн агтны талбайн н.Бадамжав эхнэр н.Сайнбаяртайгаа үүрийн гэгээтэй зэрэгцэн “Зулын баяр”-ын бэлтгэл хийлээ. Бид тэднийхээр очиход монгол дээлээ өмссөн Бадамжав хашааны үүдэнд хадгаа дэлгэж, хөөрөг зөрүүлэн угтаж авсан юм.

Зулын баярын бэлтгэл олон өдрийн өмнөөс эхэлдэг. Энэ өдөр хонь мал нядлахыг, утаа хиншүү гаргахыг цээрлэдэг болохоор хонь малаа эртнээс бэлдэж, боорцог идээгээ хэдэн өдрийн өмнө хайрч зэхдэг байна. Ламаас хийморийн дарцгаа аль зүгт хэрхэн хийсгэх тухай асууж, үгийг нь дагана. Түүнчлэн төрөл төрөгсөддөө сураг чимээ өгч, зулын баярыг хамтдаа тэмдэглэдэг.

Энэ өдөр н.Бадамжав хамгийн түрүүнд хадам ээж ааваа тосон авчирч, мөн бамбар орооход хэрэглэх дэрс түүж авчирчээ. Үдээс хойш болоход төрөл төрөгсөд нь түүний гэрт хүрэлцэн ирлээ. Хадам аав ээж нь хойморт саатаж, хүүхэд багачууд нь хөл хөөрцөг болцгооно. Томчууд зулын баярын бэлтгэл ажил хийгээд завгүй. Бамбар ороох ажил маш удаан хийгддэг. Түүж авчирсан дэрсээ бэлтгэн, дараа нь тохойн үеэсээ дунд хурууны үзүүр хэртэй хувааж, хүн болгон насныхаа тоогоор дэрс авч хөвөнгөөр орооно. Даруй 10 настай бол арван дэрс ороож, 50 настай бол 50 дэрс орооно. Гэхдээ 60-аас дээш настай хүнийхийг гурав гурваар ороож гурвыг арваар төлөөлүүлж болдог. Харин үлдсэнийг тоо ёсоор нь ороодог байна. Жишээлбэл: 66 настай хүн бол гурваар ороосныг зургаан хэсэг дэрс авч, ганцаар ороосныг зургаан хэсэг авч ороодог. Энэ маягаар цугласан бүхэн алдалгүй орооно. Учир нь энэ өдөр нийт монголчууд нэг нас нэмэгдлээ хэмээн бэлэгшээдэг.

Үүний дараа шар тос хайлуулаад, ороосон бамбараа шар тосонд дүрж царцаана. Дараа нь зул хийн, цөгцөндөө шар тос хийж бэлтгэнэ. Мөн дараа нь гадаа гарч цасан овоо босгоод, ахмадаасаа урьтан зул барьж, бамбар асааж наманчлан мөргөөд, цасан овоогоо гурав тойрно. “Энэ өдөр нэг зул барьвал мянган зул барьсантай тэнцэж, нэг маань тоолбол түмэн маань тоолсонтой тэнцдэг шүү!” гэж Бадам гуай сургана. Ингэж дууссаны дараа бүгдээрээ гэрт орж зулын цай уулаа. Зулын цай уухаар ахмад буурал бэлэг дэмбэрэлтэй үг хэлсний дараа архи хэмнэж, ахмад буурлаас эхлэн архины ерөөл хэлдэг. “Зуун жил зул барьж, мянган жил маань тоолох болтугай, жилээс жил нэмж, наснаас нас нэмж, аминаас амь нэмж, Зонхав бурхны хишгийг хүртсүгэй!” хэмээн ерөөж, бусад нь “Ерөөл бат оршиг!” хэмээдэг. Цайллага дууссаны дараа мах гаргаж, үзэмтэй будаа хийн, гурилтай хоол иддэг. Ийнхүү зулын баярын арга хэмжээ дуусгаад гэр гэртээ харьцгаадаг байна.

Монголхүрээ шяний Өөлд Монголчууд ийнхүү нийтийн зулын баяр, Хийдийн зулын баяр, Хувь айлын зулын баяр хийж, энэхүү гайхалтай буянтай өдрөө дурсган тэмдэглэж байна. Монголчууд маань өөрийн гэсэн уламжлалт сайхан ёс заншлаа Монголхүрээ шяний Монголчууд шиг уламжлан бадрааж явбал уламжлалт сайхан ёс заншил үеийн үед залгамжлагдан үлдэх нь зайлшгүй.

 

 

 

Зохиогч: С.Зоригт, Баярцэнгэл, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл