Буянбат
Умрын дурдан салхиар би
Өглөө болгон үнэсүүлэх дуртай
Уг нь тэр улаалзгана жимснээ хөхсөн
Үзэсгэлэнт бүсгүйн улаан уруул байсан юм.
Намрын борооны дуслаар би
Нартын гунигийг хэлхэж харах дуртай
Урьд нэгэн цагт эсгий гүрний төлөө
Харь богтолсон Хүннү гүрэн байсан юм.
Хацрынх нь хундаганд ширгэсэн хэмээн
Цасны ширхэг болгоныг зүйж би шүлэг бичлээ
Цагаан занданд ширэлдсэн сүнсийг нь зууж ирсэн хэмээн
Алтан хараацайн үүрийг би бурхны аньсганд заслаа
Бойтгийнх нь өлмийг үнэсэж царцаж унасан жавар хэмээн
Будант хангайн цэцэг бүхнийг сүлжиж
Бүүвэй аялсан бүсгүй бүхэнд барилаа
Булган дээлийнх нь өврөөс гээгдэж үлдсэн хурууд хэмээн
Буурал говийн цахиур болгоныг цахиж
Мянга мянган зул асаалаа.
Уул уулын царамд ятгын чавхдас доргих мэт уяхан хөхөө донгодох нь
Алс мордсон амрагаа санаж
Янагийн хээнцэр дагинууд дуулан байх мэт
Ус усны уулзвар дээр
Ээжийн хоёр мөөм шиг ижил хун үерхэх нь
Ширүүн дайнд мордох нөхөртэйгөө
Сүүлчийн удаа бүсгүй нь эрхлэн байх мэт
Аянга тас хийн гадаслана
Мяндсан аргамжаагаар ороолгох мэт
Аймшигт тулааны өөдөөс
Ардаг Хүннү тэгж илдээ сугалдаг байсан юм гэнэ лэй
Атаа тэнгэр нүрэглэнэ
Мянган Галба юүлэх мэт
Ар хязгаарын тэртээгээс
Хүннү Зүсмийн адуу тэгж үерлэдэг байсан юм гэнэ лэй
Сариг цагаан ингэ ивлэнэ
Хутгалдах хүүгээ залбирсан эхийн сэтгэл байлаа
Сарны мөнгөн униар асгарна
Цэргийн жагсаалын хойноос өргөсөн цацлын сүү байлаа
Дээрэнгүй хөх чоно дэлхий тастаж улина
Модун Шань Юйн морин дээр исгэрсэн хөөмий байлаа
Гал улаан цэцгүүд тангаргийн аясаар буйлна
Газар нутгаа өмөөрч асгасан баатруудын минь цус байлаа.
Сая живаа жилийн үлгэрийн битүү оньсого мэт
Салхины үзүүрээс эртний нулимс амтагдана
Сансрын зай нэвт цоргисон Дува Сохорын нүд мэт
Саарал үдшийн анир сүвлэж хүрэл сум исгэрнэ
Эсгий гэрийн хаяанд домгийн Марал хөлөө сойж эрхэлнэм
Их нүүдлийн сүүлчийн чимээ наад дундуур урсаж өнгөрнөм
Атилын цангасан сэлэм ухаарлын харанхуйг цавчилнам
Айсуй цагийн далд совин алганы зураасанд гэрэлтнэм
Түрэмгий бардам Хүннү аялгуу
Тэнгэрийн цагаан унаганд хувилаад
Түнэр харанхуйг түймэр мэт галдаж
Түүхийн нууц руу уусан уусан алдрав.
Хүннү аялгуу
Хувилгаан аялгуу
Хурмастын аялгуу
Монгол аялгуу
Молор аялгуу , Мөнхийн аялгуу.
