Дуудаач овогтой Т.Энххад

Үүрээр зүүд сэмэрнэ
Сэмэрхийгээр нь ханаа ширтэв
Зургийн чинээ зайд
Зааны чинээ тэмээ зогсоно
Тэнгэрийн чинээ нүдэнд нь
Дэлхийн чинээ нутаг харагдах
Өдөр ажлаас гарахад
Өвлийн тэнгэр уранхай харагдана
Уранхайгаар нь нар гоожино
Хариад ханын зургаа харахад
Хагссан буурын нүдэнд нар
Хамрыг нь залах зүгээс өвс үнэртэнэ
Хаашаа харсан ч мөр ...
Цаснаас цагаан ботгоны буцсан мөр
Шорооноос халуун нь бурхны ирсэн мөр
Зургаас ховхорсон цасны хүйтэн мөр
Нүднээс хар нь нутгийн минь нүүсэн мөр
Үдшийн харанхуй намайг шахаж
Би номын гэрэл дотор зүүрмэглэв
Зүүрмэглэх зай
Тохом сэврээхийн хооронд
Зүүдэнд жиндсэн хурууны өндөгөөр
Зургаа очиж тэмтэрвэл
Хэлбэр нь элснийх байв
Хэмжээ нь нутгийнх байв
Ховхрох зай нь
Хөдөөгөөс хот хүртэл
Ээдрэх зай нь
Зүүд гэтэлтэл ...
