Дипломат харилцаа тогтоосноос хойшхи сүүлийн 50 жилийн хугацаанд Хятад, Германы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Гаалийн ерөнхий газрын 02-р сарын 25-нд нийтэлсэн мэдээллээс харахад 2025 онд Хятад, Германы бараа бүтээгдэхүүний худалдаа 1.51 их наяд юаньд хүрч, 2024 онтой харьцуулахад 5.2 хувиар өссөн нь Хятадын 2025 оны гадаад худалдааны нийт өсөлтийн хурдаас 1.4 хувиар өндөр байна. Үүнд Герман руу экспортлох бараа 846.3 тэрбум юаньд хүрсэн бол Германаас импортлох бараа 664.3 тэрбум юаньд хүрсэн байна.
Тодорхой бүтээгдэхүүний хувьд цахилгаан механик бүтээгдэхүүн нь хоёр талын худалдааны тогтвортой өсөлтийн гол хөдөлгөгч хүч болсон. 2025 онд Хятад, Германы хоорондох машин механизм, электрон бүтээгдэхүүний нийт импорт, экспортын хэмжээ 1.07 их наяд юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн нь Хятад, Германы нийт худалдааны хэмжээний 70 гаруй хувийг эзэлсэн байна. Үүнд автомашин болон түүний эд анги 131.5 тэрбум юань буюу Хятад, Германы цахилгаан механик бүтээгдэхүүний нийт худалдааны 12.3 хувийг эзэлж байна. Мөн тус хугацаанд Хятад, Германы эмийн материал, эм, үндсэн органик химийн бодисын импорт, экспорт тус тус 65.7 тэрбум юань, 18.4 тэрбум юаньд хүрсэн байж, 3D хэвлэгч, үйлдвэрлэлийн робот зэрэг шинээр гарч ирж буй салбарын бүтээгдэхүүний импорт, экспорт тус тус 2.6 тэрбум юань, 1 тэрбум юаньд хүрсэн байна.
Дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засаг болох Хятад, Герман улсууд харилцан ашигтай хамтын ажиллагаатай цогц стратегийн түншүүд бөгөөд хоёр улсын хооронд өндөр түвшний солилцоо тогтмол явагддаг. 02-р сарын 25-ны өглөө Германы канцлер Фредрих Мерц Хятадад хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэн ирэв. Фредрих Мерцийн айлчлалд түүнийг дагалдан автомашин, химийн бодис, биофармацевтик, машин механизмын үйлдвэрлэл, нөөцөд суурилсан эргэлтийн эдийн засаг зэрэг Германы давуу талтай салбаруудын 30 орчим тэргүүлэгч компанийн удирдлагуудыг багтаасан өндөр түвшний худалдаа, эдийн засгийн төлөөлөгчид оролцсон нь Герман улс хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх хүчтэй хүсэл эрмэлзлийг бүрэн харуулж байна.
