solongonews
Ё.ЭРДЭНЭТОГТОХ: Хөдөлмөр, ухаан хоёр амжилтын замд хөтөлдөг
2015-04-24 17:22
Зүүн Сөнид нутагтай яруу найрагч Ё.Эрдэнэтогтохын уянгалаг сайхан шүлгүүдэд Монголын нэр хүндтэй хөгжмийн зохиолчид аялгуу хийж, олны танил дуучид амилуулсан байдаг. Тэрээр саяхан үзэгчдийн сэтгэлд хүрсэн дуунуудаараа Улаанбаатар хотноо Бөхийн өргөөнд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийгээд иржээ. Энэхүү тоглолт Бөхийн өргөөнд анх удаа өвөр монгол уран бүтээлчийн үдэшлэг гэдэг утгаараа онцлогтой, өргөн цар хүрээтэй тоглолт болсон билээ. Ингээд түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа хүргэе.

     - Сайн байна уу, юуны өмнө “Боорчийн тал” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэнд тань баяр хүргэе, Та бол Өвөр монголоос анх удаа Монгол Улсад тоглолт хийж байгаа яруу найрагч. Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ.  Ер нь тоглолтыг хэзээнээс төлөвлөж эхлэв?
- Сайн байна уу, Солонго сэтгүүлээр дамжаад уншигчидтайгаа уулзаж байгаадаа их баяртай байна. Үзэгчид их хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Бөхийн өргөөний суудал бүгд дүүрсэн. Их сэтгэл хөдөлгөсөн явдал боллоо. Ноднин жилээс төлөвлөөд энэ оны 4 дүгээр сарын 8-нд тоглолтоо амжилттай хийлээ.

- Өмнө нь Өвөр Монголд тоглолт хийж байсан уу?
- Өмнө нь Өвөр Монголд тоглолтоо хийж байгаагүй, энэ онд юм уу, ирэх жилд хийх санаатай байгаа.

- Монголын хичнээн уран бүтээлч, ямар ямар уран бүтээлчид оролцов?
- Тоглолтод маань Монгол Улсын Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэн, АУЗ Тангадын Галсан, АУЗ Шагдарын Дулам, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Го.Мөнхцэцэг, Өвөр Монголын алдарт яруу найрагч Ц.Цолмон нар мялаалгын шүлэг хэлсэн. МУГЖ Д.Хүрэлхүү, СТА Г.Ундармаа нар хошин шогийн мялаалга өргөлөө. Монголоос 13 уран бүтээлч оролцсон. Мөн  МУГЖ, Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан, Сөнидийн нэрт хөтлөгч, ерөөлч О.Сүртбаатар миний шүлгээс уншиж оролцсон. Уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул,   дуучин Т.Дэлгэрмөрөн, Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Батсайхан, Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа, Б.Цолмонбаяр зэрэг МУСТА дуучид,  Б.Энхбат, Р.Цогтбаяр, Ц.Бямбахорол нарын дуучид Монгол Улсаас оролцсон. Өвөр Монголын дуучин МУСТА Р.Отгонтуяа,  хөөмийч Ч.Ангараг, кино жүжигчин, морин хуурч Э.Бодь, хөгжмийн зохиолч, дуучин Г.Сэргэлэн, Сөнид нутагтай залуу дуучин Д.Цэвэрцэцэг, Х.Хөгжилбаатар, Баруун үзэмчин нутагтай залуу дуучин О.Буянаа нар оролцож ая дуугаа өргөсөн. Дашрамд хэлэхэд,  олон сайхан уран бүтээлчид тоглолтод маань орох байсан ч аргагүй цагт хязгаарлагдсан тул оруулж чадаагүй, та нараасаа уучлалт хүсч, Өвөр монголд хийх тоглолтдоо оролцуулна гэдгээ хэлье.

- Та олонд хамгийн сайн танигдсан дуунаасаа нэрлэнэ үү?
- Нутаг усаа магтан дуулсан Уудам Тамч, Алагхан цэцгийг битгий тасдаарай, Үйтэн хуар, Шувуун саарал, Бумбын орон шиг Будар нутаг, Дүүриймаа. Тэр дундаа Үйтэн хуар дуу маань залуучуудын дуулах дуртай хит дуу болоод байгаа.

- Тоглолт зохион байгуулахад дэмжсэн, хамтарч ажилласан хүмүүсийн тухайд сонирхуулбал?
- Боорчийн тал тоглолтыг маань Өвөр монголын Одон телевиз, Монгол Улсын ‘’Like’’ телевиз хамтран зохион байгуулсан. Ерөнхий найруулагчаар МУАУЗ Б.Лхагвасүрэн ах маань ажилласан. Туслах найруулагчаар Өвөр Монголын Одон телевизийн Ж.Содбилэг, МУ-ын ‘’Like’’ телевизийн Ц.Эрхэмбаяр, Авга нутагтай хөгжмийн зохиолч, морин хуурч  Б.Чармайлт.  Зохион байгуулахад UBS телевиз, Монгол, Өвөр монголын соёлын солилцоог ахиулах холбоо, Дундад улсын соёлын солилцооны төв, Монгол Улсын “Найрамдал” эмнэлгийн  ерөнхий эмч, доктор Б.Намтай, Насны зам ХХК-ний захирал Д.Цэцэн, “Уранбилэг орших” олон улсын уул уурхайн, зам тээврийн компаний Г.Эрдэмт зэрэг хүмүүс дэмжиж тусалсан.   Монгол Улсад амьдардаг садан төрлүүд маань бүгдээрээ энэхүү тоглолтыг зохион байгуулахад их тусалж дэмжлээ.

- Та ямар ямар номнууд хэвлүүлж олны хүртээл болгосон бэ?
- Хамгийн анх Гилгүүн баатар, Их Тамчийн тэнгэр, Эртний баатрын шонхор яруу найргийн номнууд, “Дуутай үйлстэй ханилъя” дууны шүлгийн ном, Зөв санаатай гол гэсэн шүлгийн түүвэр хятад хэл дээр. Дараа нь Нарийн шарга гэсэн хайку шүлгийн түүвэр монгол бичиг, кирилээр гаргаж байсан.  Дууны хувьд Гилгүүн баатар, Боорчийн тал, Шувуун саарал, Үйлс сэрмүүн хангай, Алтан нарны алган дээр зэрэг арваад шүлгийн DVD, CD клипүүд гаргасан байгаа.

- Хамгийн сүүлд хэзээ, ямар  шүлэг бичсэн бэ?
- Хамгийн сүүлд “Үүлэн хөх морин, Морио чимэхүй, Ариун цасан эрвээхэй, Хаврын чимээ” гэсэн  хэдэн шүлэг бичсэн. Эдгээр шүлэг маань Шилийнгол сэтгүүлд нийтлэгдсэн байгаа. Ер нь дандаа богино шүлэг бичдэг, урт шүлэг бичдэггүй.

- Ойрын үед ажиллаж байгаа шинэ бүтээлийнхээ тухайд сонирхуулбал?  
- Одоохондоо барин тавин хийж буй шинэ бүтээл байхгүй. Хамгийн сүүлийн түүврээс хойш бичсэн шүлгүүдээ түүвэрлэж байгаа. Ирэх жилээс ном болгон гаргах санаатай. Харин хэд хэдэн дууны шүлгийн захиалга аваад байна.  Сүүлд найз нөхөд, ахан дүүс дууны шүлэг ээж аавдаа ч гэдэг юм уу, хурдан морины сэдэвтэй шүлгүүд бичүүлэхээр захиалсан, удахгүй бичиж өгөх ёстой. Сүүлийн хэдэн сарын турш тоглолтын бэлтгэл ажил гээд завгүй байсан учир энэ ажил жаахан хойшлогдсон байгаа.

- Таны хамгийн унших дуртай ном?
- Оросын зохиолч Михаил Шолоховын Дөлгөөн дон зохиолыг унших дуртай.

- Та өөрийн аль бүтээлдээ хамгийн их хайртай вэ?
- Өөрийнхөө шүлгээс Уургын морь, Ангасан нуур луу адуу үерлэнэ, Анжисны морь, Өвгөн бүргэдийн үхэл, Залуу бүргэдийн хилэн, Захидал, Мөрөөдөл, Ганцаараа уйлж хоцорлоо, Мод, Үүдийг минь түлхэж сар орж ирлээ зэрэг шүлгүүдээ их хайрладаг. Мөрөөдөл шүлгийг 2006 онд Дэлхийн  Монгол туургатны яруу найргийн наадамд уншаад 5 дугаар байр эзэлж байсан.

- Амжилт гэж таныхаар юуг хэлэх вэ?
- Хийж бүтээж, бүтээхээр төлөвлөсөн хүсэл зорилгодоо хүрэх. Тэр хийсэн бүтээсэн зүйлийг чинь хүн ард хүлээн зөвшөөрч, ашиг тусыг нь хүртэж чадсан байхыг амжилт гэж боддог.  

- Хөдөлмөр, ухаан хоёроос амжилтын зам эхэлдэг гэдэгтэй санал нийлэх үү?
- Тэгэлгүй яах вэ, санаа нийлж байна. Энэ  хоёр бол салшгүй холбоотой. Хөдөлмөр, ухаан хоёрт хөтлөгдөж байж л хүн амжилтад хүрдэг.

- Та хүнд хэзээ ч мартагдахааргүй зөвлөгөө өгөөч гэвэл юу гэж зөвлөх вэ?
- Хөдөлмөр гэдэг хүнийг гомдоодоггүй гэж мэргэдийн үг байдаг. Хүсэл мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэхийн төлөө хөдөлмөрлөж яваарай гэдэг зөвлөгөөг хүн бүрт хэлмээр санагддаг.

- Шинээр бичиж туурвиж байгаа залуучууд, дүү нартаа хандаж зөвлөгөө өгнө үү?
- Залуучууд, дүү нартаа дэлхийн болон өөрийн үндэстнийхээ сонгодог зохиолуудыг сайн уншиж байгаарай гэж зөвлөх байна. Уран бүтээлч болно гэдэг уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн юм шүү. Ер нь залууст маань даруу, хичээнгүй, бас сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг их чухал юм даа.

- Монголын зохиолчид, яруу найрагчдаас хэний бүтээлийг унших дуртай вэ?
-  Яруу найрагчдаас Д.Нацагдорж, Б.Явуухулан, Д.Пүрэвдорж, Б.Лхагвасүрэн нарыг унших дуртай. Залуу уран бүтээлчдээс А.Эрдэнэ-Очир, Го. Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс гэсэн яруу найрагчдын шүлэг их сайхан санагддаг. Эдгээр найрагчдын бүтээл бол жинхэнэ ур ухаан тэнцсэн, сайн шүлгүүд байдаг. Бид нар чинь 80-аад оны сүүлчээс Монголын уран зохиолтой танилцаж эхэлсэн. Тэр үеэс манай уран зохиолд, яруу найрагт их өөрчлөлт гарсан, бас нөлөөлсөн. Иймээс тэднийхээ шүлэг, бүтээлүүдийг байн байн уншиж байдаг, их хүндэлдэг. Үргэлжилсэн үгээс гэвэл С.Эрдэнэ, Д.Намсрай гуай, Балжирын Догмид зохиолчдын бүтээлүүдийг үнэхээр унших дуртай, маш уянгатай байдаг.

- Монгол Улсын уран бүтээлчидтэй хэзээнээс эхэлж хамтарч ажиллав, ер нь цаашид  Өвөр монголдоо монголын уран бүтээлчидтэй хамтарч ямар ажил, арга хэмжээ хийхээр төлөвлөж байна вэ?
- Монгол Улсын уран бүтээлчидтэй 2005 оноос эхэлж хамтарч ажилласан. Хамгийн анх хөгжмийн зохиолч, морин хуурч Д.Цогсайхан ахтай хамт арван найм, есөн дуу хийсэн. Дараа нь МУСТА П.Буянжаргал, Гомбын Эрдэнэчулуун нартай хамтарч ажилласан. УГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан нартай уран бүтээл хийсэн. Бас МУГЖ, Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ахтай саяхан шинэ дуу хийлээ. Миний “Алдар Жангарын аранзал зээрд” гэсэн дууны аяыг нь бичээд дуулсан байгаа. Цаашдаа монголын уран бүтээлчидтэйгээ хамтарч дуу хийе, мөн тэднийгээ нутагтаа урьж ард түмэндээ дуу хуурыг нь сонсгохсон гэсэн бодолтой явдаг. Одоогийн байдлаар нарийн төлөвлөсөн ажил хараахан байхгүй байгаа.

- Өвөр Монголоос болон Монгол Улсаас таны хүртсэн шагналууд?
      - За шагналын тухайд ӨМӨЗО-ны утга зохиолын “Солонго” шагнал, Өвөр монголын урлагийн “Сарнай” шагнал, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагнал хүртсэн. Энэ удаад Боорчийн тал тоглолт дээр Монгол Улсын Нийслэлийн Тэргүүний Ажилтны одонгоор шагнуулсан. Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Нигүүлсэл” одон, Дэлхийн монгол туургатны “Соёлын урлагийн гавьяа”-ны одонгоор мялаалгасан. “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын комиссын монгол соёлын зүтгэлтэн шагнал, Сөнид соёлын гарамгай зүтгэлтний шагнал, Шилийнгол аймагтаа шилдэг дууны шүлгийн зохиогчоор хоёр удаа шагнуулсан зэрэг олон шагнал хүртэж байсан.

- Сөнидөд бүсгүй яруу найрагчдын наадам зохиодог. Ер нь та өөрийн зохион явуулдаг бусад соёлын арга хэмжээнүүдийн тухайд  танилцуулбал?
- Тийм ээ, Зүүн Сөнидөд “Үлэмжийн чанар” нэртэй бүсгүй яруу найрагчдын наадмыг анх санаачилсан. Говийн Догшин ноён худагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” гэсэн агуу бүтээлээр шүншиглэн нэрлэсэн энэ наадмын тэргүүн байранд “Эгшиглэнт охин тэнгэр”, дэд байранд “Мөнгөн хун”, гутгаар байранд “Шүрэн дигваранз”, шилдэг байранд “Үлэмжийн чанар” гэсэн нэртэй өргөмжлөл шагналууд олгодог ийм том хэмжээний наадам байдаг.  Эхлээд Гилгүүн уянга гэдэг яруу найргийн наадам зохион байгуулж байлаа. Тэр нь хожим манай хошуунаас эрхлэн явуулдаг утга соёлын арга хэмжээ болсон. Анх өөрөө зохиож байсан “Үлэмжийн чанар” наадам маань одоо Сөнид зүүн хошууны бас соёлын арга хэмжээний нэг болоод явагдаж байна. Ноднин улсын хэмжээнд Уудам Тамч нэртэй Сөнид нутгийн уран бүтээлчдийн бүтээсэн дуунуудаар Сөнид дууны уралдаан зохион явуулсан. Сөнид нутагт алдартай Тавдай нэртэй аварга бөх байсан. Ноднин түүний нэрээр нэрлэсэн Тавдай гар урлалын компанитай хамтраад Тавдайн нэрэмжит хүчит бөхийн барилдааныг зохион байгууллаа. Бусад нь дандаа урлаг соёлын арга хэмжээ зохиож байлаа. Ер нь “Гилгүүн уянга” яруу найргийн наадмыг зохиож эхэлснээс эхлээд Өвөр монголын Ардын хэвлэлийн хорооны дэмжлэгээр Гилгүүн уянга уран зохиолын цуврал гэж 20 гаруй ном хэвлүүлсэн. Үүнд ихэнхдээ Сөнидийн яруу найргийн, онол судлалын, түүхийн сэдэвтэй ч номнууд байгаа. Мөн наадмын шилдэг байрын шүлгүүдээс ч оруулсан нь бий. Уудам Тамч гэдэг Сөнид зохиолын дууны уралдааныг ноднин анх зохиосон. Цаашид уламжлал болгон явуулах санаатай байгаа.

- Солонго сэтгүүлийг хэр уншдаг вэ, манай сэтгүүлийн талаар ямар ойлголттой явдаг вэ?
- За Солонго сэтгүүлийг тэр бүр  байнга олж уншдаггүй. Гэхдээ хүмүүс надад авчирч өгдөг. Ингээд харахад их  баялаг агуулгатай сайхан сэтгүүл байдаг. Хоёр орны соёлын солилцоог ахиулахад, Өвөр монголчуудын аж амьдрал, ахуй соёлыг Монгол Улсад ойлгуулах их сайн сэтгүүл байна лээ. Энэ бол монголчууд хоорондын ойлголцлыг сайжруулахад их тус дэмтэй сэтгүүл гэж би үздэг.  

- Уншигчиддаа хандаж та өөрийн зүгээс юу хэлэх вэ?
- Миний зүгээс уншигчиддаа хандаж хонин жилийн сайн сайхан, аз жаргалын хүсэн зөгнөе. Сайхан уран бүтээл хийж, шүлэг зохиолоо хэвлүүлэн уншигчдынхаа хүртээл болгоё гэж бодож байна. Танай хамт олонд их баярлалаа.

- Баярлалаа, танд уран бүтээлийн гялалзсан их амжилт хүсье.

                                                                                   Бэлтгэсэн: Э.Үржинханд

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл