Т.Ринер 1989 онд Францын хилийн чанад дахь харьяа нутаг болох Карибын тэнгисийн Гваделупа арал дээр төрсөн. Тухайн үед Т.Ринерийн гэр бүл тус арал дээр амралтаараа явж байсан гэдэг. Т.Ринерийг 5 настай байхад нь эцэг эх нь орон нутгийн “Акуабулевар” спорт клубт оруулсан байна. Тус клубт нь олон төрлийн спортын сургалт явагддаг байжээ. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, теннис мөн жүдогийн спортын сургалтууд явагддаг байсан байна. Хожим тэр “жүдо ганцаарчилсан спорт учраас надад илүү санагдсан” хэмээн ярьсан юм.

Тэрээр Францын Леваллуа-Перре хотын Леваллуа спортын клубт Christian Caumont, Benoit Campargue нарын удирдлага дор хичээллэдэг. Хамгийн анх 2006, 2008 онуудад Өсвөрийн жүдо бөхийн ДАШТ-нд түрүүлсэн бол мөн 2006 оны Европын Өсвөрийн АШТ-нд түрүүлсэн.
Тедди Ринерийн амжилт өдрөөс өдөрт өсөж, 2007 онд Европын АШТ болон ДАШТ-нд тус бүр аваргын алтан медаль хүртэв. 2007 оны жүдо бөхийн ДАШТ-нд түрүүлснээр тэр 18 нас 5 сартайдаа дэлхийн хамгийн залуу жүдогийн аварга цолыг хүртсэн бол мөн оны Европын АШТ-нд авраг аваад маргааш өдөр нь 18 насных нь төрсөн өдөр тохиож байлаа. Тэр жилийнхээ ДАШТ-нд хагас шигшээд 2000 оны Олимпийн аварга, Дэлхийн 3 удаагийн аварга, Азийн наадмын хошой аварга Японы алдарт бөх Косе Иноуэг ялж, шигшээ барилдаанд шалгарч байв. Шигшээ барилдаанд Оросын жүдоч, Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Европын олон удаагийн аварга Тамерлан Тменовыг ялж хамгийн залуу Дэлхийн аварга болж байсан юм.
2007 оны Дэлхийн аварга, Европын Аварга болсон түүнд Олимпийн аваргын алтан медаль дутуу байсан. 2008 оны Олимпийн наадамд тэр амжилттай барилдаж байсан ч Узбекстаны Абдулло Тангиевт golden score-оор ялагдсан байна. Гэхдээ тэр дагах барилдаанд амжилттай барилдаж Гүржийн жүдочин Лаша Гужежианиг ялж Олимпийн хүрэл медаль хүртсэн. 
Тедди Ринерийн амжилтаас дурьдвал: Олимпийн наадамд 2008-Бээжинд хүрэл, 2012-Лондонд алт, ДАШТ-нд 2007 онд алт, 2008 онд үнэмлэхүйд алт, 2009 онд алт, 2010 онд алт, үнэмлэхүйд алт, 2011 онд алт, багийн алт, 2013 онд алт, 2014 онд алт, Европын АШТ-нд 2007, 2011, 2013, 2014 онуудад тус тус алтан медаль хүртээд байна. Олимпийн наадмаас 1 алт, 1 хүрэл, ДАШТ-ээс 8 алт, 1 мөнгө, Европын АШТ-нээс 4 алтан медаль тус тус хүртээд байгаа юм.
Тедди Ринерийн хувьд энэ цаг үеийн шилдэг жүдочин. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл Олимп, Дэлхийн аваргын дэвжээнд 2 удаа л ялагдал амссан байна.
Тедди Ринеригийн амжилтыг үнэлж 2008 онд Францын National Order of Merit (Үндэсний гавьяаны одон гэх үү)-р шагнасан бол мөн 2011 онд Францын радио сүлжээний санал асуулгаар тодруулсан шилдэг тамирчин, 2012 онд L’Equipe-с тодруулдаг шилдэг эрэгтэй тамирчин (тус шагналыг дэлхийн нийтийн болон Францын шилдэг тамирчин тодруулж олгодог шагнал ажээ. Уг шагналыг алдарт З.Зидан, Ф1-н аварга А.Прост, алдарт жүдоч Д.Доуллейт, мөн дэлхийн шилдэг тамирчид болох Р.Надал, Л.Месси, У.Болт, Р.Федерер, М.Шумайхер нарын шилдэг тамирчид хүртэж байсан), 2013 онд Францын үндэсний хүндэт легионы одонгоор тус тус шагнуулсан.
Дашрамд дурьдахад, Тедди Ринерийн найз бүсгүйг Лютна Плокус гэдэг бөгөөд тэд 2014 оны 8 сард хүүхэдтэй болсон байна.

