
Эдүгээ дэлхий дахины орчуулга бол шинжлэх ухаан, түүгээр ч барахгүй урлаг мөн болохыг нэгэнт баталж, орчуулахуй нь хэлбэр, агуулга, яруу уянга гурвын нэгдэл зохирол хэмээн үзэж байна. Нэг талаас орчуулгыг онолоор хийдэггүй, орчуулгад тогтсон бэлэн жор гэж үгүй гэдэг боловч нөгөө талаас онолгүйгээр бас урагш явахгүй. “Онолгүй бол хазааргүй морьтой адил” гэж нэрт дуун хөрвүүлэгч Го.Аким хэлсэн байдаг. Өөр өөр үндэстэн ард түмнийг өвөр хооронд нь холбож өгдөг хэлний буянтан болбоос чухам орчуулагч, дуун хөрвүүлэгчид билээ. Дундад, Монгол хоёр улсын харилцаа холбоо өргөжин тэлсээр байгаа өнөө үед үнэхээр "Соёлын жинчин" болсон эрхэм дуун хөрвүүлэгч, орчуулагч нарын нэгдэл холбоо шаардагдаж байсан цаг үед Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, "Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо", "Монгол, Өвөр Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо", "Монгол, Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо хамтран “Монгол, хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт” болон “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”-ны нээлтийн үйл ажиллагааг өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулж, уран зохиол судлаач, шүүмжлэгчид, орчуулагчид гээд өргөн хүрээг хамарсан энэхүү чуулганы үеэр өнөөдөр оршин байгаа орчуулгын асуудлыг яаж залруулах, ташаа орчуулгыг хэрхэн багасгах, орчуулгын хоёр талын нэр томьёог яаж нэгтгэх зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал солилцов.

Л. Баатар
“Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо” ТББ-ын тэргүүн Л.Баатар хэлэхдээ: - Монгол Улсад ”Орчуулагчдын холбоо” гэж байдаг боловч тэр нь Орос, Франц, Хятад, Монгол гэж олон хэлний хоорондын холбоо. Харин Дундад, Монгол хоёр улсын хооронд орчуулагчдын холбоо байхгүй байсан юм. Дундад, Монгол хоёр улсын дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа энэ үед “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо” байгуулагдсан нь цаг үеийн шаардлага бас байгаа. Холбоогоо байгуулчихлаа. Гараа бол сайхан болсон. Хятад, монголын хэлний орчуулгын стандартын асуудлыг шийдэх, орчуулсан ном бүтээлийг цуглуулах, чадварлаг орчуулагчдыг бэлтгэх, орчуулагчдын түвшин тогтоох, хоёр орны шилдэг бүтээлийг орчуулах зэрэг дараа дараагийн төлөвлөж байгаа ажил олон байна. Нэр томьёоны нэгдсэн журамгүй, буруу ташаа орчуулж ажилд саад болж байгаа. Өвөр монголд орчуулагчид их байдаг ч кирил монголоор ажилладаг орчуулагчид цөөн. Өвөр монгол, халх монгол хэллэг ч хоорондоо нэлээд ялгаатай. Тус холбоо цаашид өргөжин тэлж, Дундад, Монгол хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйл хэрэгт эдгээр ажлуудыг сайн хийж, орчуулагчдын гүүрийн үүргийг сайн гүйцэтгэнэ" гэв.
Ингээд уншигч та бүхэндээ “Монгол, хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт” болон “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”-ны нээлтийн үеэр тавигдсан илтгэлээс дээжлэн хүргэе.




