solongonews
Хятадын барилгын машин механизмын салбар дэлхийн өндөр зэрэглэлийн зах зээлд түргэн нэгдэж байна
2026-03-06 16:04
Хятадын барилгын машин механизмын салбар дэлхийн өндөр зэрэглэлийн зах зээлд түргэн нэгдэж байна.

Лас Вегас хотод болсон Хойд Америкийн хамгийн том барилгын тоног төхөөрөмжийн салбарын үзэсгэлэн дээр Хятадын нэгэн компанийн үзүүлбэр оролцогчдын анхаарлыг татсан. Зумлион /Zoomlion/ компанийн инженер Шин Личэн 5G цамхаг краны алсын удирдлагатай ухаалаг удирдлагын системийг газар дээр нь ажиллуулж, хүмүүст хэдэн мянган милийн зайд байрладаг Хятадын Хүнань мужийн Чандэ аж үйлдвэрийн парк дахь цамхаг краныг командын дагуу өргөж, буулгаж, эргэлдүүлж, хүнд зүйлсийг бодит цаг хугацаанд өргөж, дараа нь газарт жигд буулгаж байгааг харуулжээ.

Мөн тус үзэсгэлэнгийн Сань-И хүнд үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхимд Канадын барилгын ажилчин Марк Кресси ухаалаг экскаватор робот системийн удирдлагын бүхээгээс Хятадын Жэжян мужийн Хүжөү хотын уул уурхайн туршилтын талбайд байгаа экскаваторын хувинг удирдан ажиллуулж байв. Үнийг 5G сүлжээ болон хиймэл оюун ухаан (AI) алгоритмаар дамжуулан бодит цаг хугацаанд дамжуулж байгаад энэхүү удирдлагын явцыг биелүүлдэг билээ.

- Би өмнө нь экскаватор жолоодож байсан ч алсаас ажиллуулж байгаа анхны тохиолдол минь энэ. Энэ технологи нь маш их тус болж чадна. Мөс цастай газар барилга барих, бохирдсон талбайд үйл ажиллагаа явуулах, эсвэл хаягдлын цөөрмийн ойролцоох үйл ажиллагаа гэх зэрэг өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд алсын удирдлага нь операторуудын аюулгүй байдлыг хангах улмаас ослын эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд тусалдаг гэж Канадын Альберта мужийн Ред Дийр дэх барилга, инженерийн гэрээт компанийн ажилтан Кресси өөрийн үзэл бодлоо хуваалцсан байна.

Лас Вегасын үзэсгэлэнгийн танхимд болсон "алсын зайн удирдлага"-ын үзүүлбэр нь зөвхөн технологийн үзэсгэлэн төдийгүй Хятадын барилгын машин механизмын компаниуд ухаалаг технологиороо дэлхийн өндөр зэрэглэлийн зах зээлд нэгдэх явцаа хурдасгаж байгаа явдал болсон юм.

Зумлион компани Хятадад хэдэн зуун бүрэн хэмжээний хүнгүй уул уурхайн системийг өргөн хүрээнд ажиллуулж чадсан байна. Энэхүү систем нь бие даан суралцах болон дахин давтан суралцах алгоритмуудыг ашиглан флотын бие даасан хуваарь, хамтын ажиллагааг хангаж, хүний оролцоог бууруулж, аюулгүй байдал, үр ашгийг мэдэгдэхүйц сайжруулжээ.

Шюйгүн Групп нь ухаалаг удирдлага, алсын хяналт, урьдчилан таамаглах засвар үйлчилгээ, өгөгдлийн шинжилгээг компанийнхаа бүрэн удирдлагын системд нэгтгэсэн байдаг. Хятадын уул уурхайн бүс нутагт хүнгүй уул уурхайн ачааны машины бүлгийн үйл ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлж байна. Алгоритмуудаар зам, хамтын ажиллагааны үр ашгийг оновчтой болгосноор хүнгүй үйл ажиллагааг бие даасан программуудаас системийн түвшний шийдэл болгон сайжруулж байна.

Сань-И компани хиймэл оюун ухааны өгөгдлийн шинжилгээг ашиглан механик эвдрэлийг цаг тухайд нь тодорхойлж, оношлох зэрэг тоног төхөөрөмжийн терминалд дүгнэлт хийх чадварыг суулгаж, Америкийн зах зээл дэх борлуулалтын дараа түргэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй байдлыг үр дүнтэйгээр намжаах хиймэл оюун ухааны үйлчилгээний тусламжийн тухай танилцуулсан байна.
Зумлион компанийн гадаад дахь салбар компанийн ерөнхий менежерийн орлогч Тань Рүшюй Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:

- Цахилгаанжуулалт болон ухаалагжуулалт нь дэлхийн барилгын машин механизмын салбарын хөгжлийн зайлшгүй чиглэл юм. Хятадын компаниуд энэхүү шинэ замаар олон улсын өрсөлдөгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж, зарим салбартаа тэргүүлж байна гэж хэлэв.
Шюйгүн группийн ахлах брэндийн менежер Фэн Рүөюй Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа:

- Хятадын компаниуд мэргэжлийн салбарт хиймэл оюун ухааныг ашиглахад илэрхий давуу талтай бөгөөд хүнгүй уул уурхайн ачааны машин, ухаалаг удирдлага зэрэг технологиудыг инженерчлэлийн салбарт амжилттай хэрэгжүүлж чадсан гэж хэллээ.

Салбарын мэргэжилтнүүд дахин давтан суралцах зэрэг технологиуд нь тоног төхөөрөмжид урьдчилан тогтоосон дүрэмд бүрэн найдахын оронд нарийн төвөгтэй ажлын нөхцөлд бие даан суралцах боломжийг олгодог ажээ. Энэхүү арга барил нь ирээдүйн автоматжуулалтын чиг хандлагатай илүү сайн нийцэж байгаа бөгөөд алгоритм, үйлдвэрлэл, хэрэглээний хувилбарууд зэрэг талаарх Хятадын компаниудын өрсөлдөх хүчийг харуулж байна гэж онцоллоо.

Тус үзэсгэлэн нь 07-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн шинэ технологийг туршин танилцуулах талбар болно. Хятадын хэд хэдэн компани Шиньхуа агентлагт өгсөн ярилцлагадаа орон нутгийн судалгаа, хөгжүүлэлтийн багийг бүрдүүлэх, дистрибьютерийн системээ сайжруулах, борлуулалтын дараах үйлчилгээний сүлжээг бий болгох замаар нутагшуулах чадвараа тасралтгүй сайжруулж байгаагаа мэдэгдсэн байна.

Германы инженерчлэл, технологийн Войт /Voith/ компанийн Мэтт Конгер сэтгүүлчдэд хандан:

- Хятадын барилгын машин механизмын брэндүүд сүүлийн жилүүдэд технологийн агуулга, найдвартай байдлаа эрс сайжруулж, дэлхийн барилгын машин механизмын салбарт өөрийн гэсэн байр суурьтай болж, "Катерпиллар /Caterpillar/ ХХК, Кейс Компани /Case/ зэрэг уламжлалт том компаниудаас дутах зүйл алга болсон. Би үзэсгэлэнгээр Хятадын компаниудтай цаашид холбогдохыг хүсэж байна гэж хэллээ.

Дэлхийн барилгын машин механизмын салбар нь тооцооллын хүч болон цахилгаан эрчим хүчээр хөтлөгдсөн дижитал харилцаатай эрин үед орж байгаа тул өрсөлдөөний логик нь дан үйлдвэрлэлийн чадавхын өрсөлдөөнөөс алгоритмын чадавх, системийн интеграцийн чадавх, дэлхийн үйлчилгээний чадавхын цогц өрсөлдөөн рүү шилжиж байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Хятадын компаниуд томоохон хэмжээний хэрэглээний нөхцөлд өгөгдөл болон инженерчлэлийн асар их туршлага хуримтлуулсан бөгөөд шинэ эрчим хүчний батарейны хангамжийн сүлжээ болон 5G харилцаа холбооны салбарт түрүүлж байдаг давуу талтай тул "Үйлдвэрлэлийн чадавхыг экспортлох"-оос " технологийн системийг экспортлох" руу шилжиж, дэлхийн өндөр зэрэглэлийн зах зээл дэх өрсөлдөх чадвараа тасралтгүй нэмэгдүүлж байна.

Зохиогч: ТАНЬ ЖИНЖИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл