solongonews
“Дэлхийн ном унших өдөр”-ийн түүхээс
2015-04-23 16:53
НҮБ-ын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр”Бүтэн нэр нь Дэлхийн ном ба хэвлэлийн эрхийн өдөр гэж бас Дэлхийн ном унших өдөр ч гэдэг билээ болгохоор 1995 онд албан ёсоор зарласан.

Энэ өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М. Сервантес, У. Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В. Набаков болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр нь юм байна. Иймээс ЮНЕСКО-гоос энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр Испани улсад зохиолч М. Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог байна.

ЮНЕСКО-гоос тогтоосон дэлхийн номын өдрийг дэлхий даяар буюу 100 гаруй оронд ном унших тухай сурталчлах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Энэ өдөр нь Их Британи болон Ирландад 90 гаруй жилийн өмнөөс Saint George-ийн өдрөөр хайртай нэгэндээ ном болон сарнай цэцэг бэлэглэдэг уламжлалаас үүсэлтэй билээ.

Энэ өдрийн гол зорилго нь хүүхдүүдэд ном уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах, тэдэнд туслахад оршино. Сонирхуулахад дэлхийн зарим оронд номын дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог байна.

Дэлхийн номын өдөр бол хэвлэлийн компани, номын худалдаачид болон сонирхолын бүлгийхэн хамтран ажиллах, ном болон ном унших нь хичнээн чухал болохыг сурталчлах өдөр юм.

 

Зохиогч: Э.Буянтогтох
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл