Зүүнгар Буянбат

Мартагдсан бүхэн манасан гал мэт амьд байдаг гэлцэнэ
Манарсан будангийн цаана юу ч байж мэдэхтэй адил гэнэ
Мартагдсан бүхэнтэйгээ салах ёс гүйцэтгэе
Мансуурсан өчигдөртэйгөө зууралдаж шаналаад яамай
Мартахын салхин бүгдийг хийсгэж орхи
Өнгөрсөн бүхэн ой санамжаас минь
Үүр шөнийн зүүд мэт замхраад оджээ
“Ай. Бурхны аврал гэж …”
Баяртай, мартагдсан бүхэн
Танил юм шиг танил бусын хойноос
Тархиа онгичиж тэмүүлсэн хэрэг алга аа
Өнгөрсөн бүхнээс өдөр бүр цаг бүр бууж үхдэг нь
Өнө эртнээс бидэнд өвлөсөн “Удмын сан” байлаа
Үлгэрт гардаг шиг амьдрах гэж өөрийгөө тамд унагаж явлаа
Өвгийнхөө авч чадаагүй хүүхнийг өнөөдөр эргүүлэх гэсэнтэй агаар нэгэн байлаа
Тэр жилийн тэнэг цэцэн явдлууд
Тамхины халуун нурман дээр туссан мэт алга болж …
“Буруушаан шүүмжлэлийн зохиол”,зоригоо илтгэх бичиг”
“Байцаалтын бичиг”, “Эвлэлд гуйчилсан” бичиг … т
Юу бичиж байснаа огт санахгүй байна
Хэлсэн амласандаа хүрсэн эсэхээ ч
Ор тас мартаж орхижээ.
“Тэр нь харин тархины цэцвэршил ч байж магадгүй”
Мартагдсан бүхэн бүр цаашаа
Шингэн хоолтой, нимгэн хувцастай
Ширүүн хүйтэн харцанд жихүүсч явсан дурсамжаа
Мартаж орхимоор байна
Ширэв татсан охинд тоогдолгүй хаягдчаад
Ширэн шахайд гишгүүлсэн цэцэг мэт өрөвдөлтэй харагдсанаа
Мартаж орхимоор байна
Чиний нэрийг эцсийн удаа
Аль зүгийн ямархан салхинд шивнэж алдсанаа
Мартаж орхимоор байна
Атаа жөтөө, хов жив, үл тоомсрол, гутаал доромжлол...
Араас минь сүүдэр мэт чаргалдаж байсныг
Мартаж орхимоор байна
Мартах л учиртай бүхнийг “эргэлтгүй”
Нүнжиг ч үгүй мартаж орхиё
Мартагдсан бүхэн нэгмөсөн баяртай
Гайтай гайхамшигтай бүхэн над дундуур исгэрээд гаталсан
Гашуун он саруудын цээжний мухлагаас үлдэн хөөж
Хором бүрд ариусахыг би хүснэм
Хором бүхэн бүх хамаг эцсийн хором байдаг
Хожимдсон юм болгон дандаа гэмшил дагуулдаг
Үдшийн тэр их сайхан зүүд
Өглөө болоход замхарч оддог орчлонд
Мартахгүйг мартаад мартахыг эс мартсан бол
Маргад эрдэнийн тэнгэр дор ч чи хэзээ ч сэтгэл жаргаланг эдлэхгүй ээ
Мартагдсан бүхэн баяртай, бас дахин баяртай
