
Өхөөрдөм хөөрхөн оцон шувууны зурагтай QQ-г та бүгд мэдэх байхаа. Бүх дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй интернет програм хангамжийн бүтээгдэхүүний нэг төдийгүй идэвхтэй хэрэглэгчийн тоо нь 300 саяыг давж, Дундад улсын олонх интернет хэрэглэгчдийн эхний сонголт болоод байна. Цөөн хэдэн жилийн дотор QQ хэрэглэгчдийн бүлэг Дундад улсын хамгийн том интернет бүртгэлтэй хэрэглэгчийн бүлэг болсон байна. Түүнчлэн “Tencent” интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаний QQ нь харилцаа холбооны салбарт Дундад улсад тэргүүн байранд, дэлхийд бол хоёрдугаар эгнээнд жагсаж байна. “Tencent” компани нь зар сурталчилгаа, гар утасны QQ, QQ гишүүний хураамж зэрэг олон төрлийн салбаруудаас ашиг олж, Дундад улсын сүлжээний салбарын түүхийг үүдсэн байна. Энэхүү компаний хариуцлагатай албаны хүн Ма Хуатэн үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд харин даруу дөлгөөн, ямагт эгэл жирийн зантай нэгэн.....

Амжилтын зам
QQ-г үүсгэн байгуулсан хүний нэг болох Ма Хуатэн 1971 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Гуан Дүн мужийн Шань Төү хотод төрсөн. Одоогоор “Tencent” интернетийн үйлчилгээ үзүүлэх компаний хувьцаа эзэмших захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч, гүйцэтгэх захирлын ажлыг хариуцаж байна. Тэрбээр 40.32 тэрбум юаний хөрөнгөөр 2012 оны “Форбес”/Forbes/ Дундад улсын баячуудын жагсаалтад 4 дүгээр байранд шалгарсан.
Шэнь Жэньд бизнес эрхэлсэн тэрээр өмнө нь Шэнь Жэнь их сургуульд компьютер хэрэглээний чиглэлээр сурч байсан ба 1993 онд Шэнь Жэнь их сургуульд шинжлэх ухааны бакалавр зэрэг хамгаалсан байна. “Tencent” компанийг үүсгэн байгуулахаас өмнө Ма Хуатэн Дундад улсын Харилцаа холбооны үйлчилгээ, бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч Шэнь Жэний Рүнь Шюнь харилцаа холбооны хөгжлийн ХХК-д интернет пейжерийн системийг нээн хөгжүүлэх судалгааны ажил хийж байжээ. Ийнхүү харилцаа холбоо болон цахим салбарт арваад жилийн ажлын туршлагатай болсон байна. 1998 онд Ма Хуатэн сайн найз Жан Жыдүнгийнхээ хамт “Шэнь Жэн хотын Tencent компьютерийн системийн ХХК”-аа бүртгүүлэн үйл ажиллагаагаа эхлүүлэв. 2009 онд “Tencent” компани АНУ-ын “Fortune” нэртэй санхүүгийн сэтгүүл дээр жагсаасан Дэлхийн хүмүүсийн хамгийн их бахархдаг 50 компаний нэгээр шалгарсан байна. 2010 онд Ма Хуатэн 33.42 тэрбум юаний хөрөнгөөр “Шинэ Fortune” нэртэй санхүүгийн сэтгүүл дээр нийтэлсэн “Шинэ Fortune 500 баян хүн”-ий эгнээнд тавдугаар эгнээнд жагссан байна. 2014 онд Ма Хуатэн 100.7 тэрбум юаний хөрөнгөөр Дундад улсын 3000 баячуудын жагсаалтын тэргүүн байранд шалгарч, 2013 онтой харьцуулбал хөрөнгө нь 54 тэрбум юаниар нэмэгдсэн байна.

2015 оны 2 дугаар сарын 13-ний өдөр. Тэрээр “2014 оны Дундад улсын интернетийн оны шилдэг хүн”-ий ялагчийн жагсаалд сонгогдсон байна.
Интернетийн орчин үеийн шилдэг хүн Ма Хуатэн SNS чат хэрэгслийг дутагдаж болзошгүй QQ болгон хөгжүүлж, “Tencent” компанийг интернет бизнесийн эзэнт гүрэн болгон хөгжүүлсэн нь гайхалтай түүх болжээ.
Даруу дөлгөөн атлаа чиг шударга, зөөлөн эелдэг зантай Ма Хуатэн олны хүндэтгэлийг ихэд хүлээж, хүмүүсийн сэтгэлд хамгаас тод гэрэлтсэн од болон гялалзаж явна. Түүний 1998 онд үүсгэн байгуулсан компани нь ийнхүү өндөр түвшинд хүртэл хөгжсөн нь гайхалтай, бас бахархалтай. “2013 оны шилдэг бизнес эрхлэгчид”-ийн жагсаалтад Ма Хуатэн гуравдугаар байранд шалгарав. Түүний “Tencent” компани нь 2013 онд маш түргэн хурдацтай хөгжиж, Дундад улсын хамгийн үнэ цэнэтэй хувийн аж ахуйн нэгж болов. “Tencent” компаний зах зээлийн хөрөнгө 95 тэрбум ам.долларыг давж, хувьцааны үнэ нь 2013 оны нэгдүгээр сараас эхлээд нэгэнтээ 61 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү их амжилт, ашиг орлогууд нь Ма Хуатэнийг Дундад улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамгийн элбэг хөрөнгөтэй бизнес эрхлэгчийн эгнээнд багтаасан байна. Харин хувийн хөрөнгө нь 10 тэрбум ам.долларыг давжээ. 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Америкийн “Таймс” долоо хоногийн сэтгүүл сүлжээн дээр 2014 оны дэлхийн хамгийн нөлөө ихтэй 100 хүний жагсаалтыг нийтлэв. Энэхүү жагсаалтад “Tencent” компаний хувьцаа эзэмших захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч, гүйцэтгэх захирал Ма Хуатэн багтсан байна.

Үйл ажиллагаа эрхэлсэн зам
Ма Хуатэн 1993 онд компьютерийн мэргэжлээр сургуулиа төгсөөд Шэнь Жэний Рүнь Шюнь харилцаа холбооны хөгжлийн ХХК-д элсэн оров. Интернет пейжерийн системийг нээн хөгжүүлэх судалгааны ажил хийж байсан ба нээн хөгжүүлэх тасгийн даргаар албан тушаал дэвшив. Ажиллах хугацаандаа тэрбээр хэрэглээний программ хангамжийг хөгжүүлэхийн ач холбогдлыг ойлгож таньсан ба Рүнь Шюнь харилцаа холбооны хөгжлийн компани түүний харааг тэлж, үйл ажиллагаа эрхлэх туршлагыг нь нэмэгдүүлсэн төдийгүй “Tencent”-ийг удирдахад чухал нөлөө үзүүлсэн байна.
Хэрэглээний програм хангамжийн тухай ойлголт Ма Хуатэнд програм хангамжийн зах зээлийн тухай сонирхлыг төрүүлснээс гадна энэ дундаас тэр бас багагүй ашиг орлого олсон байна. Ма Хуатэн өргөн хэрэглээтэй байсан "Хувьцааны эзэмшил" картын судлан үйлдэгчийн нэг гишүүн байжээ. Тэр найзынхаа хамт судлан хийсэн "Хувьцааны эзэмшил" карт нь Шэнь Жэний Сай Гэ цахим худалдааны зах зээлд борлуулалт сайтай байв. Басхүү чөлөөт цагаараа найзынхаа компаний програм хангамжийн асуудлыг шийдвэрлэн өгч, өөрийн мэдлэгийн цар хүрээгээ улам тэлэхийн хэрээр туршлага хуримтлуулж байлаа. Ийнхүү Ма Хуатэн тус салбартаа нэлээд нэр хүндтэй хүн болсон байна. Мөн хөрөнгийн зах зээлээс хамгийн их ашиг орлого олж чадсан удаатай. Тэрбээр 100 мянган юань зарцуулаад 700 мянган юаний ашиг олж, гайхалтай амжилт тогтоосон ба энэ их амжилт, ашиг орлого нь түүнд хожим бизнес эрхлэхэд бат бэх суурь болсон юм.
1998 онд Ма Хуатэн найз Жан Жыдүнтэйгээ хамтран Шэнь Жэн хотын Tencent компьютерийн системийн ХХК бүртгүүлэн байгуулжээ. Компани байгуулсан эхний үед Ма Хуатэн ажилтнуудаа удирдан вэб хуудас, систем интеграцчлал, хөтөлбөрийн зураг төсөл хийж байлаа. Гэвч тэр үед тэрбээр зах зээл, зах зээлийн үйл ажиллагааг илүү сайн ойлгохгүй учир “Tencent”-ийн бүтээгдэхүүн нь харилцаа холбооны үйлчилгээ хангагчдад таалагддаггүй байжээ. Бусад компаниудын адил хөрөнгө мөнгө, технологи гэдэг “Tencent” компаний хамгийн бэрх асуудал болов. 1999 оны 2 дугаар сард “Tencent” компани анхны “Дундад улсын онцлогтой” ICQ шуурхай харилцаа холбооны програм хангамж боловсруулсан байна. Энэхүү програм хангамж нь хэрэглэгчдийн таашаалд ихээхэн хүрч, бүртгүүлэгчдийн тоо хурдтай нэмэгдэн, богино хугацаанд хэдэн арван мянган хэрэглэгчтэй болсон байлаа. Хэрэглэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр серверээ тасралтгүй өргөжүүлэх хэрэгтэй болж, серверийн үйлчилгээ хангах хураамж нь компанид хэт их дарамт болж байв.
ICQ шуурхай харилцаа холбооны програм хангамжийг анх хийж эхлэх үед Дундад улсад нэгэнтээ хоёр компани энэ програм хангамжийг хийж байсан бөгөөд бүтээгдэхүүн нь зэх зээл дээр “Tencent” компаний бүтээгдэхүүнээс илүү байлаа. Гэвч Ма Хуатэн энэхүү бүтээгдэхүүн зах зээлд нааштай хөгжлийн хандлагатай хэмээн бодож шантралгүй хичээж ажилласаар байсан юм.

2000 онд “Tencent” компаний хувьд хамгийн хүнд бэрх үе тохиосон ба санхүүгийн бэрхшээл тулгарав. Ма Хуатэн өөрийн боловсруулсан ICQ програм хангамжаа 600 мянган юаниар Шэнь Жэний цахилгаан холбооны мэдээллийн товчоонд худалдахаар шийдэв. Харин хэт үнэтэй байсны улмаас эцэст нь мөн худалдаж чадаагүй. Програм хангамжаа худалдаж чадаагүй ч хэрэглэгчдийн тоо харин хурдтай нэмэгдэж, QQ ажиллуулах хөрөнгө оруулалтын шаардлага улам ихсэж байлаа. Ийнхүү Ма Хуатэн арга буюу найз нар, танилуудаасаа мөнгө зээлсэн байна. Зургаан хувилбар, 20 хуудас өөрчлөн зассан бизнес төлөвлөгөөний бичгээ барьж гадаадын хөрөнгө оруулалтын компани хайсан ба эхний хөрөнгө оруулалт нь амжилттай болжээ. Ийнхүү “Tencent” компаний хөгжил аажмаар замдаа орж, 2014 оны 6 дугаар сарын 16-ний өдөр “Tencent” Хонконгийн Хөрөнгийн Бирж дээр амжилттай гарсан байна.
Ма Хуатэн Шэнь Жэний Рүнь Шюнь харилцаа холбооны хөгжлийн ХХК-д ажиллаж байгаад “Tencent” компьютерийн системийн ХХК-ийг үүсгэн байгуулав. Ма Хуатэний удирдлага доор “Tencent” компани нь Дундад улсын хамгийн өндөр ашиг орлоготой интернет компани болон хөгжсөн төдийгүй Дундад улсын гадаадын хөрөнгийн бирж дээр гарсан зах зээлийн хэмжээгээр хамгийн өндөр үзүүлэлттэй интернет компани болов. “Интернет хэрэглэгчдийн шаардлагыг хангах бол хамгийн дээд зорилго” гэсэн ойлголтоор Ма Хуатэн амралтгүй, зогсолтгүйгээр шинийг үүдэн хичээн ажилласаар иржээ. “Tencent”-ийн шуурхай харилцаа холбооны програм хангамж QQ нь Дундад улсын програм хангамжийн салбарын хоосон зайг бөглөсөн төдийгүй Дундад улсын хүмүүсийн харилцаа холбоо болон амьдралын хэв маягийг өөрчилж чаджээ. Ийнхүү хүмүүс Ма Хуатэнг “QQ-ний эцэг” хэмээн дууддаг.
Ма Хуатэн бусдынхыг даган дуурайх хооронд санамсаргүйгээр харилцаа холбооны том хэрэгсэл QQ-г үүсгэн, Дундад улсын хүмүүст шинэ харилцаа холбооны хэв маягийг бий болгож өгөв. Ма Хуатэн: - Ямар нэгэн шинэ үйл ажиллагаа хийхэд зөвхөн өндөр мэргэжилтэн уриад л бүх зүйл амжилттай болчихдоггүй, харин чи өөрөө сайн ойлгож танихын сацуу тасралтгүй өөрийгөө боловсруулах нь хамгийн чухал.
Ма Хуатэн гэгч Дундад улсын хамгийн том интернет компанийг үүсгэн байгуулагч. Тэрээр нөр их хөдөлмөр, өөдрөг гэгээлэг тэмүүллээрээ Дундад улсын баячуудын эгнээн дэх хамгийн даруу дөлгөөн баяны нэг нь болсон билээ.
