2012 ыны 6 сарын 29-ний үдэш сүрлэг ихэмсэг Хурахын уулын энгэрт үзэсгэлэнт сайхан шар талын өвчүүнд хүн төрөлхтний түүхийг 750 гаруй жил дуугүй хүүрнэж хэвтсэн Юаний дээд нийслэлийн бууурь дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэн баярт мэдээ дэлхийн сонорт цууриатсан юм. Мөн нэгэн үе “Дэлхийн зүрх” хэмээн алдаршсан Юаний дээд нийслэлийн буурийг дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх 16 жилийн урт аян үүгээр ганзага дүүрэн жолоо эвхэж билээ. Соёлын өвийн бүртгэлд тэмдэглэгдсэн явдлыг эргэцүүлэн бодоод үзэхэд өчигдөр мэт санагдавч үнэндээ 2 жилийн нүүр үзчихэв. Дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэний дараах Юаны дээд нийслэлийн буурь нь Өвөр Монгол хийгээд Шулуун Хөх хошууны соёл, аялал жуулчлалын хөгжилд ямар үр дүн авчирсан бол? Орон нутгийн засгийн ордон энэхүү боломжийг хэрхэн ашиглаж нэр хүндийг цогцлоож байгаа бол? Хөгжлийн дунд ямар шинэ асуудалд тулгарч байгаа бол? гэх зэрэг олон асуулт тулгарч байгаа.

Ялангуяа Юаний дээд нийслэлийн буйр дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэний дараа тус хошуу “Дундад улс·Юаний дээд нийслэлийн соёл, аялал жуулчлалын наадам”-ыг жил дараалан амжилттай зохион байгуулж, соёл, аялал жуулчлалын нэр хүндийг хүртэх ахицаа нэмэгдүүлж, Шулуун Хөх хошууны өвөрмөц онцлог бүхий соёл, аялал жуулчлалын үйлсийн системийг бүрдүүлж эхэлсэн байна. Одоо болоход тус соёл, аялал жуулчлалын наадамд Шулуун Хөх хошууны цахар цагаан идээний наадам, алтанхуа цэцэг сонирхох наадам, цахар бөхийн ур ухааны уралдаан, Юаний дээд нийслэлийн нэрэмжит “Гүйгч”-ийн уралдаан, цахар хувцас, чимэглэлийн үзүүлэн, “Шантийн үдэш” уран сайхны тоглолт, түүдэг галын үдэшлэг хийгээд Юаний дээд нийслэлийн гэрэл зургийн уралдаан зэрэг элбэг баялаг агуулгыг хамрах болсон бөгөөд найрын хүрээ хэмжээ, агуулгыг цаашид улам төгөлдөржүүлж улсын дотоод гадаадын жуулчдын сонирхлыг татаж байна. Үүнээс гадна малчид өөрсдөө явуулж байгаа “Юаний дээд нийслэлийн цэгээний наадам”, “Малчин айлын зугаацал” хийгээд малчдын уран сайхны үзүүлэх тоглолт зэрэг соёл, аялал жуулчлалын ажиллагаа нь маш ихээр түлхэн ахиулах болжээ.
“Юаний дээд нийслэл бол бидний хамгийн их давуу, хамгийн том нэр хүндийн тэмдэг юм. Бид энэ зүйлд тулгуурлан элбэг баялаг агуулга бүхий соёл, аялал жуулчлалын олон үзүүрт гогцоог бүрдүүлэх хэрэгтэй” гэж Өөртөө Засах Орны Улс төрийн зөвлөлийн гишүүн Оюундалай ярьж байлаа. Энэхүү зорилтоо биелүүлэхийн дөлөө тус хошуу 2011 оноос эхлэн 3 жилийн хугацаанд 180 сая төгрөгийн хөрөнгө оруулан “Юаний дээд нийслэлийн үндэстний онцлогтой аж үйлдвэрийн хүрээлэн”-г байгуулж байна. Тус хүрээлэн нь үндэстний онцлогтой бүтээгдэхүүний музей, бүтээгдэхүүнийг хянан шалгах төв, ерөнхий албаны байшин болон 21 орчин үеийн үйлдвэрийн тасагтай аж үйлдвэрийн төв юм. Бүгдийг байгуулж дуусахад цагаан идээ, борц, монгол гэр, монгол хувцас чимэглэл болон үндэстний гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, борлуулж худалдах зэрэг бүх гогцоог хамарсан 30 гаруй дунд, бага аж ахуйг багтааж, 2000 гаруй хүний үндсэн ажил олгох бөгөөд дам байдлаар 6000 гаруй ажлын байр олгох болно.
“ Юаний дээд нийслэлийн буурь” болон “ Монгол Юаний соёл”-оор цөм болгосон соёл зугаацлын татах хүчин анх тодров

Тус хошууны 2011 оны аялал жуулчлалын холбогдол бүхий орлого 130 сая дүнчүүр төгрөг байснаасаа 2012 он болон 2013 онд тус тус 190 сая төгрөг, 189 сая төгрөгт хүрч, 3 жилд тэгшитгээд жил бүр 170 сая төгрөгийн орлоготой болсон юм. Юаний дээд нийслэлийн буурь дэлхийн соёлын өвөөр бүртгэгдсэний дараа, соёл, аялал жуулчлалын орлого мэдэгдэм дээшилж эхэлсэн нь “Юаны дээд нийслэлийн буурь”-иар тэнхлэг болгосон соёл, аялал жуулчлалын нэр хүндийн тэмдэг бүрэлдэж эхэлсэн гэдгийг гэрчлэх юм. Энэ нь Юаний дээд нийслэлийн буурь нь явцуу хүрээ хэмжээн дэх хязгаарлалаасаа гарч бүх хүн төрөлхтний оюун ухааны өв хөрөнгө болж мэдрэгдсэн гадаад шалтгаантай шууд холбоотой юм. Цаашлаад Юаны дээд нийслэл болон Монгол Юаний соёл нь зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүү хоёрын хувь барилдлагатай болохоор харилцан нөлөөлж, хэзээд холболдож байгаа учир хэн нь хэнээсээ салж чадахгүй билээ. Үүнээс бид Шулуун Хөх хошууны соёл, аялал жуулчлалын хөгжлийн давуг талыг ажигч гярхайгаар таних хэрэгтэй боллоо. Юуны өмнө соёл түүхийн гүн гүнзгий агуулгатай байх нь Шулуун Хөхийн соёл, аялал жуулчлалын татах хүчийг нэмэгдүүлжээ. Энд их Юань улсын 108 жил нийслэл байсан дээд нийслэлийн бууриар төлөөлөгч болгосон умардын цөөн тоот үндэстний соёл иргэншлийн ул мөрийг хадгалсан алтан улсын шинэ хуучин Хуанжөү хотын буурь, Алтан улсын орд цагаан хэрэм зэрэг 20 гаруй эртний түүхэн дурсгалт зүйлс хадгалагдаж байдаг. Мөн Монгол Юаний соёл эндээс үүсэн хөгжсөн мөртөө Цахар зан үйл, соёлын нийтлэг шинжтэй онцлог шинжийг удам дамжин уламжлан ирсэн юм.
Энэ нутгаас бас Н.Сайнцогт, Бавуудорж, Агваан зэрэг нэртэй хүмүүс гарснаас монгол соёлын зүтгэлтний дархан өлгий хэмээн хотол олондоо алдаршсан нь соёл, аялал жуулчлалын бас нэгэн татах хүч болж болох юм. Мөн Шулуун Хөх хошуу нь Өөртөө Засах Орны дунд хэсэг, Шилийн гол аймгийн өмнө хэсэгт байрлаж, Бээжин Тянжин хамгийн ойрхон тал нутаг юм. Эртний соёлын ул мөртэй зам шугам байхаас гадна, “207” улсын зам, “308” мужийн зам зэрэг дөрвөн зүг найман зовхист нэвтэрсэн замтайгаараа давуу талтай юм. Ялангуяа Шулуун Хөх хошууны 11.82 сая дөрвөлжин метр нутгийн 67 хувь нь хулан шарга даагын элс боловч этгээд гоёмсог өнгө үзэмжийг бүрдүүлж хүн ардын бахархлыг татдаг юм. Энэхүү өнөр баялаг байгаль ахуйд 147 их бага нууртай, 21 гол устай, 16 булаг горхитой, 700 гаруй зүйлийн өвс ургамал, 20 гаруй зүйлийн ан амьтан оршиж байдаг. Бусад 33 хувийн нутаг дэвсгэрт нь Мони уулын зүүн сэжүүр болон Хянган давааны баруун сэжүүрийн хоёр их уулын уулзар орон байж, Хурахын уулын түшигт алтанхуа цэцэг алаглан дэлгэрсэн Шантийн шар талаар Шантийн гол тууль хайлан урсаж байдаг юм. Өвөр Монголын хувьд нүүдлийн мал аж ахуйн соёлоо бүрэн бүтэн өвлөн яваа Авга, Үзэмчин зэрэг газарт очиход заавал өнгөрөх тул Шулуун Хөх хошуу нь соёл түүх, газар зүй, зам тээвэр, эх баялаг зэрэг олон давуу талтай байдаг юм.
Эдгээр давуу нөхцөлд түшиглэн бүх хошууны хэмжээнд хулан шарга даагын соёл, аялал жуулчлалын үзвэр, Цахар зан үйл, соёл, аялал жуулчлалын үзвэр, Юаний дээд нийслэл хийгээд Шантийн шар талын тал нутгийн соёл, аялал жуулчлалын үзвэр, Үхэрчин овооны балар ойн үзвэр зэргээр голлосон соёл, аялал жуулчлалын шугам тогтносон юм. Энэ нь “Юаны дээд нийслэлийн буурь” болон “Монгол Юаний соёл”-оор цөм болгосон соёл, аялал жуулчлалын нэр хүндийг үндсэндээ бүрдүүлж бусад газар орны аялал жуулчлалаас онцлог болсон юм.
Даяарчлалын урсгал дахь соёл, аялал жуулчлалын тулгамдаж буй асуудал хийгээд арга зам
1251 онд Хубилай ван, ах Мөнх хааныхаа зарлигаар говийн өмнөх өргөн уудам нутаг дэвсгэрийг захирсны сүүлд, говийн ар өвөр, цагаан хэрмийн дотно гадна Монголын зүүн баруун орныг холбосон боомт газар болох Шантийн шар талд нүүдэл ордноо байрлуулж эхэлсэн гэдэг. Тухайн үед Бээжин хүрэхэд 300 гаруй километр, умарш Хархорум хүрэхэд 500 гаруй километр байж, баруунш Хашин гудмаар Ил, Цагаадай хаант улс хүрх, зүүнш Долон нуур, Танингаар Харамөрөн, хархан жидүүн хүрх зам нэвтрэх боомт болж байжээ. Хубилай хаан сууринд суусны сүүлд энэхүү хийвэн ордноо дээд нийслэл болгосон мөртөө энд дэлхийн чанартай томоохон хэмжээний ажил хэргийг явуулж байсан мэдээ байна. Жишээлбэл, дэлхийн анхдагч холын зайн уралдааныг зохион байгуулж “Гүйгч” гэж нэрлэж байсан юм. Энэ нь одоогийн холын зайн уралдаанаас хэдэн зуун жилийн хэрэг билээ. Бас дорно дахин ба өрнө дахиныг холбосон улаа өртөөг байгуулсан зэргийг дурдаж болно.
Эдгээр түүхэн хууч бидэнд тухайн үеийн Юаний дээд нийслэлийн дэлхий нийгэм дахь байр суурийг хэлж болох юм. Гэтэл одоо болоход Юаний дээд нийслэлийн буурь нь хүн төрөлхтний соёлын өвөөр бүртгэгдсэний дараа, дахин хүмүүсийн хараанд орж даяарчлалын урсгалд хамагдан орох нь гарцаагүй юм. Тэгвэл энэхүү соёл иргэншлийг хадгалж байгаа Шулуун Хөх хошуу Өөртөө Засах Орны цорын ганц дэлхийн соёлын өвийг хэрхэн өвлөн хамгаалж явах вэ? Хөгжүүлэх хийгээд хамгаалахын хоорондох зөрчлийг хэрхэн ялан давах вэ? Дэлхийн соёлын өвөөр бүртгүүлэх нь эцсийн зорилго гэж үү? гэх олон асуулт гарч ирнэ.
Хамгийн тэргүүний асуудал бол хамгаалахаар гол зарчим болгож, түүнийг хэрхэн нээн ашиглаж, хийсвэр утгын соёл түүхийг хэрхэн одоо үеийн хүмүүсийн дур сонирхолд нийцүүлэн нүдэнд үзэгдэж, гарт баригдам соёлын агуулгатай болгох вэ гэдэг явдал болно. Түүнээс гадна тус хошууны соёл, аялал жуулчлалын уялдаа холбоо нягт биш учир “Хоолны газар ажиллуулж чадвал аялал жуулчлалыг хийж чадна” гэсэн ойлголт оршиж байгаа юм. Аялал жуулчлалын газрын үйлчилгээний дүрэм, ялангуяа гадаадын жуулчдад зориулсан бэлтгэл хүч дутмаг зэрэг асуудал тулгамдаж байгаа нь тод харагдаж байгааг харлаа.
“Соёл бол аялал жуулчлалын амин сүнс” гэдэг учир үндэстний соёлын эх баялгаа уудлан, зөв уламжлан бусад хөгжлийн дунд тулгарсан асуудлыг хөгжлийг дагах аргаар алгуур аажмаар шийдвэрлэдэг зуршилтай билээ. “Умард болон дундад орныг холбосон зам шугамыг нээх”, “Марко Пологийн жуулчлалын шугамыг нээх” зэрэг шинэ сэтгэц гарч байгаа нь тус хошууны юуны түрүүнд авч хэрэгжүүлэх бодит ажиллагаа болох юм.
Бид Юаны дээд нийслэлээр төв болгосон бүхий л нутаг дэвсгэрээ соёл, аялал жуулчлалын орон болгон өөрчлөх хэрэгтэй байна. Соёл, аялал жуулчлалыг бүтээхэд түүхийн буюу судалгааны үүднээс хандахаа багасгаж, ардач чанарыг эрхэмлэвэл зохино гэж Шулуун Хөх хошууны соёл, аялал жуулчлалын хөгжлийн байдлаас харагдаж байгаа нь лавтай. “Дундад улсын цагаан идээний соёлын нутаг”, “Дундад улсын цагаан идээний соёлыг уламжлах суурин”, “Өвөр Монголын Өөртөө Засах Орны ардын дундах соёл урлагийн нутаг” зэрэг олон сайхан алдартай, тансаг баян ардын зан үйл, соёлын нөөц их байгаа юм. Энэ нь ард олны соёл, аялал жуулчлалын ажиллагаанд оролцох урьтал нөхцөлийг хангаж байгаа гэж хэлж болох юм. “Ард олны оролцоотойгоор соёлын агуулгатай аялал жуулчлалыг хийх нь бидний хойшдын ажлын чухал нэгэн гарц юм” гэж тус хошууны Аялал жуулчлалын товчооны дарга Урантогос ярьж байлаа. Үүний төлөө тус хошуу ойрын жилүүдэд “Малчин айлын аялал жуулчлал”-ыг жил дараалан нэмэгдүүлж, малчдын шууд буюу дам байдлаар соёл, аялал жуулчлалын ажиллагаанд оролцохыг дэмжиж байгаа аж.
Нутаг нь эзнээ тэтгэж, эзэн нь соёлоо өвлөж явдгийн учир болов уу! Амьд соёлоо хүмүүст таниулж ойлгуулж явах нь соёл, аялал жуулчлалын нэгэн чухал агуулга байж таарна.
