Хятадын энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд “шинэчлэл” болон “инновац” гэсэн үгс нийт 75 удаа дурдагдсан нь шинэчлэлийн хүчээр саад бэрхшээлийг даван туулж, инновацаар хөгжлийг эрчимжүүлэх шийдэмгий бодлогыг илэрхийлж байна.
“15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилд шинэчлэлийг цогцоор нь хэрхэн гүнзгийрүүлэх вэ? Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн хуралдааны үеэр төлөөлөгчид, гишүүд хөгжил, нээлттэй бодлого, засаглалын асуудлаар хэлэлцэж, шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэх талаар идэвхтэй санал дэвшүүлэв.
“Уян хатан зохицуулалт” ба “үр дүнтэй менежмент”
- Сүүлийн жилүүдэд Аньхуй муж технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ үе шатыг идэвхтэй дагаж, квант технологи, устөрөгчийн эрчим хүч, цөмийн нэгдлийн эрчим хүч, сансар судлал зэрэг ирээдүйн салбаруудын хөгжлийг түргэтгэж байна гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Аньхуй мужийн Хөгжил, шинэчлэлийн хорооны захирал Чэнь Жун хэлэв.
Түүний хэлснээр Аньхуй муж технологийн инновацад тулгуурлан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн экосистемийг тасралтгүй сайжруулах, хөрөнгө оруулалтын өсөлт болон эрсдэл хуваалцах механизмыг боловсронгуй болгоход анхаарч байна. Ингэснээр “уян хатан зохицуулалт”-ыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ “үр дүнтэй менежмент”-ийг хангах зорилт тавьжээ.
Энэ жилийн Засгийн газрын ажлын тайланд нарийн төвөгтэй, сорилт ихтэй гадаад орчны нөхцөлд дотоодын нийлүүлэлт, эрэлтийг өргөжүүлэх стратегийг баримтлах нь чухал болохыг онцолсон. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хорооны гишүүн, Хятадын Улс төр, хуулийн их сургуулийн Бизнесийн дээд сургуулийн захирал Шан Вэньжян дотоодын нийлүүлэлт, эрэлтийг уялдуулах урт хугацааны механизмыг бий болгох санал дэвшүүлжээ.
Тэрээр хүчтэй нийлүүлэлт ба сул эрэлтийн зөрчлийг шийдвэрлэхийн тулд хэрэглээний чадавхыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэрэглэгчдэд илүү сайн туршлага бүрдүүлэх, хэрэглээний орчныг сайжруулах замаар дотоодын эрэлтийг тогтвортой өргөжүүлэх шаардлагатайг онцолсон юм.
- Хятадын оршин суугчдын хэрэглээ нь зөвхөн бараа бүтээгдэхүүнд төвлөрөхөөс бараа болон үйлчилгээний тэнцвэртэй хэрэглээ рүү аажмаар шилжиж байна гэж Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Ийвэн группийн дарга Шя Хуа хэллээ. Тэрээр 30 гаруй жилийн турш хувцас, нэхмэлийн салбарт ажилласан туршлагатай нэгэн юм.
Засгийн газар хэрэглээний шинэ өсөлтийн цэгүүдийг бий болгох, уламжлалт аж ахуйн нэгжүүдийг зөвхөн “бүтээгдэхүүн борлуулах” загвараас “бүтээгдэхүүн + үйлчилгээ”-г хослуулсан шинэ хэрэглээний хэлбэрт шилжүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь үйлчилгээний хэрэглээний боломжийг илүү идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж тэр үзэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлтийн эрч сул хэвээр байгаа бөгөөд олон улсын эдийн засаг, худалдааны орчинд өөрчлөлт гарч байна. Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Байнгын хорооны гишүүн, Шанхайн Олон нийтийн дипломат харилцааны холбооны ерөнхийлөгч Жөү Ханьмин энэ нөхцөлд шинэчлэлийн арга хэмжээ нь “дотоод чадавхийг бэхжүүлэх” зарчмыг баримтлах ёстой гэж үзэж байна. Ингэснээр дотоодын эдийн засгийн эргэлтийг бэхжүүлж, түүний тогтвортой байдал болон урт хугацааны өсөлтийн боломжийг ашиглан олон улсын эдийн засгийн тодорхойгүй байдлыг даван туулах боломжтой юм.
“Дэлхийн зах зээлд гарч буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих нь”
Шинэчлэл гүнзгийрэхийн хэрээр нээлттэй бодлогын шаардлага нэмэгддэг. Харин нээлттэй байдлын түвшин өндөр байх тусам шинэчлэлийн үр нөлөө улам тодорхой болдог.
- Хятадын өндөр түвшний нээлттэй бодлого гүнзгийрэхийн хэрээр Хятадын аж ахуйн нэгжүүдийн гадаад тэлэлт нь зөвхөн ‘бүтээгдэхүүн экспортлох’-оос бүрэн гинжин хэлхээ бүхий, системчилсэн хил дамнасан аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд шилжиж байна гэж УТЗЗ-ны Үндэсний хорооны гишүүн, Гуанши Хөрөнгө оруулалтын группийн ерөнхий менежерийн орлогч Жан Шушинь хэлэв.
Түүний хэлснээр аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд гарахдаа аж үйлдвэр болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, аюулгүй байдалд улам их анхаарал хандуулж байна.
Оюуны өмчийн маргааныг зөв зохистой шийдвэрлэх нь аж ахуйн нэгжүүд гадаадад үйл ажиллагаа явуулахад тулгардаг чухал асуудлын нэг юм. Жэжян мужийн БХАТИХ-ын төлөөлөгч, Ханжөү хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Луо Вэйхун сүүлийн жилүүдэд оюуны өмчийн салбарын шинэчлэл үндэсний болон орон нутгийн түвшинд тасралтгүй гүнзгийрч, гадаадад үүсэх оюуны өмчийн маргааныг шийдвэрлэх цогц, ухаалаг, даяаршсан систем бүрдүүлэхэд ахиц гарсныг тэмдэглэв.
Түүний хэлснээр эдгээр шинэчлэлийн үр дүн нь зах зээлийн аж ахуйн нэгжүүдэд шууд хүрч, тэднийг дэлхийн зах зээлд гарахад бодит дэмжлэг үзүүлж байна.
Боловсон хүчин ба олон нийт хамтран хүч бүрдүүлэв
Суурь түвшний засаглал нь үндэсний засаглалын чухал тулгуур юм.
Чунчин хотын Ваньжөү дүүргийн Вучяо гудамжны Шянлушань хорооллын намын нарийн бичгийн дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч Фу Шаньшяны ширээн дээр оршин суугчдын амьжиргаатай холбоотой асуудлуудыг тэмдэглэсэн 20 гаруй дэвтэр байдаг. Түүний үзэж байгаагаар эдгээр жижиг мэт санагдах асуудлууд бүгд суурь түвшний засаглалтай холбоотой юм.
Сүүлийн жилүүдэд Шянлушань хороолол орон нутгийн засаглалын шинэчлэл, инновацыг тасралтгүй хэрэгжүүлж, төлөөлөгчдийн холбоо барих алба, олон нийтийн цагдаагийн алба, авлигын эсрэг коридор, “аз жаргалтай хашаа” зэрэг засаглалын олон талт механизмыг бий болгожээ.
Жишээлбэл, тус хороололд хэрэгжүүлсэн “Анхдагчдын хадгаламжийн данс” хөтөлбөрийн хүрээнд оршин суугчид сайн дурын ажилд оролцох бүрдээ оноо цуглуулж, түүнийгээ “Хайрын супермаркет”-ын бараагаар сольж болдог. “Бараа нь үнэтэй биш ч хүмүүсийн харьяалагдах мэдрэмжийг нэмэгдүүлдэг” гэж Фу Шаньшян хэлэв.
Тэрээр:
- Эдгээр арга хэмжээний үр дүнд олон нийтийн засаглалд оршин суугчид бүгд оролцож, хамтын хүч бүрдүүлж байна гэж онцолсон юм.
Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, Гуанши Жуань үндэстний өөртөө засах орны Хэчи хотын Луочэн Мулао үндэстний өөртөө засах шяний дарга Ву Гуожунь тосгоны судалгааны үеэр уулархаг газар нутаг, тархай бутархай хүн амаас шалтгаалан “ажил хийхэд бэрхшээлтэй, зам хэт хол” нь тосгоны иргэдийн хамгийн их гомдоллодог асуудал болохыг тогтоожээ.
- Энэ нь манай засгийн газрын үйлчилгээний тав тухыг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна гэж Ву Гуожунь хэлэв. Судалгааны дараа тэрээр холбогдох хэлтсүүдийг цуглуулж, сайжруулах аргуудын талаар хэлэлцлээ. Удалгүй Луочен шянь засгийн газрын үйлчилгээний “видео үйлчилгээ”-ний платформ-ыг нэвтрүүлэв. Татаж авах эсвэл бүртгүүлэх шаардлагагүйгээр оршин суугчид камертай гар утсаа ашиглан засгийн газрын үйлчилгээний төвийн үйлчилгээний цонхтой холбогдох тусгай дугаарт залгаж, гэрээсээ гаралгүйгээр ажлаа гүйцэтгэх боломжтой болсон байна.
