solongonews
Хүүхдийн мөрөөдөлд жигүүр ургуулсан “Үй Цай” сургууль
2015-04-08 09:19
“Үй Цай” сургууль таны анхааралд

       

  Улс орон хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлж, даяаршиж буй дэлхий дээр өөрийн орон зайг бий болгохын тулд, төрөлх хэлээ сурах, цаашлаад өөр орны хэлийг бүрэн сурч эзэмших шаардлагатай болж байна. Энэ зорилго эсвэл өөрийн сонирхолд хөтлөгдөн гадаад хэлний сургалттай сургуулиудаас сонгож суралцах суралцагчдын тоо нэмэгдсээр байна. Энэ утгаар нь бид Улаанбаатар хотын "Үй Цай" хятад хэлний сургуулийг сонгон зочлов.
        Сургуулийн захирал Д.Баяр танилцуулахдаа: -1997 онд монгол хэлний багш нэг, хятад хэлний багш нэг, 40-өөд сурагчтайгаар анх сургуулиа нээж байлаа. Түүнээс хойш 18 жил болжээ. Хятад хэл, соёлтой танилцъя гээд энэ сургуулийг зориод, хүүхдээ хөтлөн ирдэг эцэг эхчүүд бидэнд маш их итгэл хүндэтгэл үзүүлсэн. Одоо 1000 гаруй сурагчтай. Манай сургууль эх хэл (Монгол)-ний мэдлэг чадварыг сайн эзэмшсэн суурь дээр үндэслэн, хятад хэлийг хүүхдэд сургаж байгаа хос хэлний сургууль. Сургууль байгуулагдсан цагаас хойш 400 гаруй хүүхэд энэ сургуулийг дүүргэн, Дундад улсын их, дээд сургуульд төрөл бүрийн мэргэжлээр суралцаж байна. Үүнд: Дундад улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч байгаа хүүхэд ч нэлээд бий. Манай сургуулиас төгссөн Өнөржаргал, Намуун, Оюуномин зэрэг хүүхдүүд Дундад улсын хамгийн шилдэг сургууль "Чинхуа" их сургуульд элсэн орсон. Үүнээс гадна Бээжингийн Анагаах Ухааны Их Сургууль болон Бээжингийн нэртэй олон сургуульд сурч байгаа хүүхдүүд ч нэлээд байна гэв.

 "Үй Цай" хятад хэлний сургуулийн анхны төгсөгчид ихэнх нь эх орондоо буцан ирж улс төр, эдийн засгийн салбарт болон төрөлх сургуульдаа хятад хэлний багшаар, "Таван толгой", "Оюутолгой" зэрэг том төсөлд амжилттай ажиллаж, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хүчин зүтгэж байна. "Өөрөөр хэлбэл энэ сургуулийн сургалтын үйл ажиллагааны нэгдүгээр тойрог дууссан. Хоёрдугаар тойрог эхэлж байна. Хүүхдэд хэлний боловсрол маш хэрэгтэй байна. Улс орон хоорондын хамтын ажиллагаа өргөжин тэлж, боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа өнөө үед бид хүүхдийн хятад хэлний боловсролыг сонирхолд нийцүүлэн, сургалтын хөтөлбөрөө шинэчлэн сайжруулж гүнзгийрүүлэх хэрэгтэй болж байна.


       

Манай сургууль нь өөрсдийн 17 жил боловсруулсан хөтөлбөртөө үндэслэн олон улсын нийтлэг жишигт нийцсэн сургалтын төлөвлөгөө, хүүхдийн сурах бичгийн номыг гаргах, бүх шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалтын орчинг сайжруулах, суралцагчдад үзүүлэх нийгмийн баталгааг нэмэгдүүлэх нь сургуулийн тэргүүн зорилт болж байна гэж захирал Д.Баяр төлөвлөж байгаа ажлынхаа талаар танилцууллаа.
        Сургууль байгуулна гэдэг хялбар ажил биш. "Үй Цай" сургуулийн хувьд ч багагүй адармаатай замыг туулж ирсэн ч, эцэг эхчүүдийн итгэл үнэмшил, хоёр орны багш нарын нөр их хөдөлмөр, Хүан Хайлян, Ван Дачи зэрэг хувь хүн, Дундад улсын Олон Улсын Радио (ОУР) зэрэг байгууллага нэгж их тусалсан гэдгийг багш ажилтнууд нь онцолж байлаа.


      

  Энэ бүх ажил, хүчин зүтгэлийн үр дүнд "Үй Цай" сургуулийн сурагчдын хичээл сурлага, хэлний чадвар улам сайжирч байна. Үүний нэг жишээ нь, өнгөрсөн жил "Үй Цай" сургуулийн сурагч Анар-Од, Батбаяр нар Монгол Улсын дунд сургуулийн сурагчдын нэрийн өмнөөс эх орноо төлөөлөн дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэлний гүүр" тэмцээнд өндөр амжилт гарган, сурагч Батбаяр Азид нэгдүгээр байр, дэлхийд хоёрдугаар байрнд шалгарч, сурагч Анар-Од тус тэмцээний "Шилдэг уран илтгэгч", "Шилдэг үзүүлбэр"-ийн шагнал хүртэв.
        2007-онд Улаанбаатар хотын "Үй-цай" хятад хэлний сургууль нь Дундад улсын ОУР-ийн төлөөлөх багтай хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, “CRI-Үй Цай радио Күнзийн тэнхим”-ийг албан ёсоор байгуулсан байна. Уг тэнхим нь радиогоор хятад хэл зааж, сурагчид Дундад улсын ОУР-ийн Монгол хэлний редакцын бэлтгэн явуулж байгаа "Өдөр тутмын хэрэглээний хятад хэл" нэвтрүүлгээс хятад хэл сурах ба олон төрлийн мэдлэг мэргэжлийн уралдаан тэмцээний үйл ажиллагаанд оролцох болно. Мөн сонсогчдын клуб байгуулсан байна. Сурагчдын Хятадаар ярих, бичих зэрэг илтгэх ур чадварыг сайжруулах үүднээс "Дорнын аялгуу" нэртэй хятад дууны тэмцээн, "Дорно дахины түүх соёлоос суралцахуй уран илтгэлийн тэмцээн" зэрэг мэдлэг чадварын уралдааныг байнга зохион байгуулдаг юм байна.


       

 "Үй Цай" хятад хэлний сургуульд Дундад улсын Засгийн газраас сайн дурын багш нарыг томилон ажиллуулж байна. Сургуулийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр тус сургуулийн боловсон хүчний тоогоо улам нэмэгдүүлэх шаардлагатай болж байна. Мөн сургуульдаа HSK (Хятад хэлний түвшин тогтоох шалгалт)-ын онлайн шалгалтын төв байгуулахыг хүсэж байгаа тухай захирал Д.Баяр ярилаа.
        Гадаад хэлээрээ дамжуулж хүн төрөлхтний хуримтлуулсан их мэдлэгийн сангаас хэрэгтэй эрдэм мэдлэгийг сурч, энэ мэдлэг ур чадвараа эх орон, ард түмэн, өөртөө зориулах гэсэн хүүхдүүдийн, эцэг эхчүүдийн нандин мөрөөдөлд жигүүр ургуулсан "Үй Цай" хятад хэлний сургуулийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье./Зургийг: Б.Ариухан/

Зохиогч: Ц. Урантунгалаг
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл