solongonews
Ээждээ би согтуу харагдахгүй
2015-04-17 11:04
Ээждээ би согтуу харагдахгүй
Дуудаач овогтой Т.Энххад

                                     

Хүүхэд уйлах чимээ холдож

Бүүвэйн дуу бүүр түүрхэн сонсогдоно

Хөх үүлс урагдахаа хүлээж

Босгон цаана борооны дусал цамнана

 

Бор дарсанд хавагнасан хөлчүү хүү

Байдгаа шавхсан архины шил хоёр

Гэгээ сүүдрээ тэнцүүлэх гэж

Гэр дотроо төөрөхөд

 

Хөгшин буурал ээж нь

Тулгын дэргэд туранхай харагдав

 

Дээврийг нь дэлдсэн салхины үзүүр

Гэнэт аянга ороож

Айдас дэрлэсэн энэ айлын

Сүүлчийн галыг задгайлав

 

Санаа алдахын зайд

Шувуу шиг эх

Шорон шиг хүү хоёр

Домгийн хязгаарт торойв...

Долоон бурхны гэгээ цулбуурдсан

 

Нутгийн хүрэн чулууд нь

Дайнд мордсон цэрэг эрсийн хойноос асаж

Нэрийг нь хэлэлгүй дуудахад

Суман доор бичигдсэн алдар нь согтуу байсан

 

Дайны агт нутгийн хил дээрээ ирж

Ногоо хазлах чимээг нь сонссон эх хүн

Дөрөө мултлах хүүгийнхээ

Нэрийг нь чагнах гэж согтуу байсан

 

Өгэдэй хааны хундаганы амсар дээр халтирсан

Нойтон сарны уруулын амт нь архи байсан

Өрөөлийн уруулаар архи гэж хэлүүлэ зөөллөчихөөд

Өөрөө сонсоход чих нь согтуу байсан

 

Дахин хүү нь архинд хөлд орж

Даралт нь өндөр ээжээрээ өргүүлж чадахгүй

Дарсны үнэр хүүгийнх нь үнэрийг орлож

Дээлэнд нь шингэхдээ хүнддэх юм даа. Эх орон минь

 

Цаг цагийн зовлон дээгүүр гишгэлсэн ч

Чоно нь улдаж, морь нь бүдрээгүй түүхийнхээ

Цал буурал ээжийнх нь нүдэн дээр

Хүүгээр нь түүлгэсэн ч яахав

 

Нанчид гэдэг нагацаар

Нялхын алдааг минь бүү аргад

Нэр гавъяа хоёрын минь андуу шагнал болсон

Архиар бүү бамбайл

 

Ээжийнхээ гараас би

Архи бадарлаж чаддаггүй

Хөлчүү хөх салхинд нүдүүлсэн

Миний өнчин дарвуул

 

Архин далайг гэтлэх гээд

Ээжийнхээ нүдийг гаталж чадахгүй живдэг

 

Саранд ургасан модны мөчрөөс

Гэнэт гэнэт гэгээ тасарч

Орчлонгийн зовхинд нуугдан

Нүд гэрэлтүүлдэг

 

Сархаданд бүүдийсэн эр хүний царайнаас

Хэсэг хэсгээр гэрэл ховхрон

Ээж хүний сормуус нумран хугарч

Зүрхэн дээр нь тусдагийн учир

Ээждээ хүү нь согтуу харагдаж чадахгүй ...

 

Суманд хууртсан шувуудын эрх чөлөөг

Ууган цасны үнэрээс мэдэрч

Ээж нь тэнгэрт цацал өргөн аргадна

 

Сумын наадамд айрагдсан

Мориныхоо хөлстэй хадгаар

Хүү нь бахархаж балга архиар солино

 

Их талын элгэн дээр

Салхи шиг эх, сохор нохой шиг хүүгээ хөтлөн

Сүүдэр сүүдрээ гишгэн гэлдэрнэ

 

Сүү, нулимс хоёрыг зуурч

Сайхан ээжээ ууж барсан хүү нь

Чандарынх нь дэргэд

Халтар чийгэн дээр сөгдөн

 

Хар цэцэг гөрж

Хатсан уруулаараа

“Хаан”шилийг сүүлчийн удаагаа задлахад

Хацар дээрх сүүний гэгээ нь халуунаараа унтрав

 

Артга сарны чимх гэгээн доор

Аргамаг салхи царцаж

Артай цэцэг бээрнэ

Хөөрхий ээжийнх нь шарилын гантиг

Оршуулгын хүмүүс шиг гуниж

Хүүгий нь нуусан архины шил

Оддын хэвтэр дээр оцойно

 

Олзтой дайнаас хөхөрч үлдсэн

Сумны хонгио шиг исгэрнэ

 

Бурхад эхэр татсан

Тэр үдшийн жавраар нулимсаа хатааж

Буруу амьдрах шалтаг олддоггүй хойно

 

Бороо нь ойрхон үнэртддэг

Эх орныхоо харцны хээнд нь бүдэрч

Бурхан болсон ч ээждээ би согтуу очихгүй

 

Зохиогч: Дуудаач овогтой Т.Энххад
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл