solongonews
Ээжээ! Би тань руу явж байна
2015-04-17 11:11
Ээжээ! Би тань руу явж байна
Зүүнгар Буянбат

Өвс өвсний мөнгөн сор дээр оддын гэгээг тогтоож

Өдөр өдрийн цайны дээжээр дэлхийн араншинг аргадаж

Зүүд зүүдний эхэнд хүүтэйгээ учран жаргаж

Зөн совингийн эрхээр өөрийгөө хууран тайтгарч

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Шившиж орхисон есөн зоосоор хүүгийнхээ анирийг наашлуулж

Шивнэж тоолсон маанийн эрхээр хүүгийнхээ сүүдрийг гэрэлтүүлж

Шатаж бүрэлзсэн загийн галд хүүгийнхээ заяаг ариулж

Ширгэлж уугиулсан сангийн утаагаар хүүгийнхээ барцадыг үргээж

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Хөх тэнгэрийн хормойг торго шиг сэмэлж намайг харлаа, ээж минь

Хөглөрсөн их мананг хаяа мэт шууж намайг саравчиллаа, ээж минь

Хөхөмдөг хүйтэн жаврыг айраг мэт залгилж намайг саналаа, ээж минь

Хөмсгөн сарын нулимсыг ааруул мэт эгшээж намайг хүлээлээ, ээж минь

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Чөдөртэй морь янцгааж шүүдэр шилгээсэн өглөө

Цэцгийн солонгоноос ургасан нарны сормуус ирвэгэнүүлж

Цайгаа хуваалцах хүнгүй гарцаардаж суусан ээждээ

Цавьдар саарал зэрэглээ зүсэж тань руу явж байна

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжэ! Би тань руу явж байна

 

Тэмээндээ явсан хойгуур хүү минь ирчихсэн байгаасай гэж

Түлээ хугачихын агшинд баруун чих минь хангинаасай гэж

Дуг хийхийн зуур зүүдэндээ хүү нэг харах сан гэж

Дуу аялахын чөлөөнд хорвоог амгалан байг гэж

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Буугаад нүүсэн бууц өвс ургаж тайтгарсан байдаг

Булгалсан гадасны цэцгээр инээж анисан байдаг

Манаж тавьсан галын үнс нь бүлээн хэвээрээ байдаг

Майжгар ээжийн минь гишгэсэн мөрөнд одод хөлбөрч хоносон байдаг

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Үгээр зул бариад үнэгэн харанхуйг гийгүүлдэг байсан, ээж минь

Үлгэрээр ухаан задлаад унаган мөрөөдлийг цахидаг байсан, ээж минь

Үүрээр цацал өргөөд уулсын цангааг тайлдаг байсан, ээж минь

Үйлийн хайчаар гунигаа хайчилж жаргал эсгэдэг байсан, ээж минь

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Газрын татах хүчинд жилээс жилд бөхийсөн

Гантай зуны борооны дусалд гунигаа дэвтээж цэлмэсэн

Мөнх цастай хайрхандаа алтан дурсамжаа нууцалсан

Мөнгөн сор санчигаас нь намрын шувуу ниссэн

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Ботгоо өхөөрдөөд наашаа эргэхэд нь уяан дээрээ буумаар байна

Бучигнуурын үндэс шиг гараар нь гэмшлийн нулимсаа арчуулмаар байна

Буурал дээдсийн зэмлэсэн харцаар өөрийгөө нэг ороолгомоор байна

Бурхны алганаас рашаан амсуулж ээжийгээ мөнх жаргаамаар байна

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Алтан нарны цаанаас хүү чинь давхиж явна

Аниж үзээгүй бурхны мэлмийнээс таньдаа ирж явна

Атан тэмээний жонжоонд хангарьдын шиг нисэж явна

Аргалын утаа гогцоорсон толгодын цаахны хүрч явна

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Тэмээ дэргэсэн сультай дэнжид гэр минь байдаг

Тэнгэрийн солонгын нэгэн үзүүрт ээж минь байдаг

Эрхэс гарагийн урсгал бүхэн нар зөв эргэж байдаг

Ээждээ очих зүг минь бурханд хүрэх зам байдаг аа

Ээж мниь намайг хүлээж байна

Ээжээ! Би тань руу явж байна

 

Зохиогч: Зүүнгар Буянбат
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл