
Хаврын эхэн сарын зэврүүн салхи цаанаа жихүүн. Ань Хүй мужийн Ань Чин хотын И Шю хороолол дахь Лүө Лин суурингийн Лао Шань дүүрэг. Энэ дүүргийн иргэн 66 настай Ван Саньи настан бээр өглөөний 5 цагийн үед мотоциклоо унан, холын харааны толио үүрээд гэрийнхээ өмнөх гудамжаар нааш цааш явж, нүүдлийн шувууны сүргийг ажиглана.
Жил бүрийн намар, өвлийн улиралд олон арван нүүдлийн шувууд алс хол Сибириэс нүүдэллэн ирж Цай Зы Хү-гийн ус намгархаг газарт ирж өвөлждөг ба дараа жилийнхээ 3 дугаар сард буцдаг. Ван Саньи гуай иргэдийн зохион байгуулсан Цай Зы Хү-гийн Ус, намгархаг газрын экологи хамгаалах холбооны дарга болсны хувьд өдөр бүр нуурыг эргэж тойрон шувууд хамгаалах нь түүний хийх ёстой ажил болсон юм.
Ань Чин хотын ойн аж ахуйн салбарынхны мэдээлснээр 2014 онд Цай Зы Хү-д өвөлжсөн нүүдлийн шувуудын нийт тоо 50 мянгыг давж, 60 гаруй төрлийн усны шувууд иржээ. Энэ нь Дундад улсын шувууны төрлийн 34 хувийг эзэлсэн байна. Дорно дахины цагаан өрөвтас, хун, галуу, хар тогоруу зэрэг шувууд Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны ховордсон шувууны төрөлд багтсан байна.
Цай Зы Хү нуур нь энэхүү орон нутгийн иргэдийн үе үеийн уламжлан хамгаалсаар ирсэн эсэн мэнд амьдрах "Ээж нуур" төдийгүй нүүдлийн шувуудын цэнгэлийн орон юм. Цай Зы Хү-гийн намгархаг газрын биологийн төрөл зүйлийн нөөц хүний зохисгүй үйл ажиллагаанд өртөн хохирч байгаа нь маш харамсалтай.

Ань Чин хотын ойн аж ахуйн товчооны зэрлэг амьтад хамгаалах газрын дарга Хэ Шюйдүн хэлэхдээ: - Өнгөрсөн зууны дал наяад оноос эхлэн нуурын хөвөөгөөр тариа тарих, загасчид нууранд химийн тэжээл тавьж загас тэжээх, нүүдлийн шувууд агнах зэргээр намгархаг газрыг эвдэн ховор амьтан, ургамлыг сүйрүүлэх ноцтой явдал оршиж байна” гэж байлаа.
Эх сурвалжаас үзэхэд Цай Зы Хү-гийн уулын намгархаг газрын талбай нь 24230 га байсан ба одоогийн талбай нь 16667 га байж, энд өвөлжих нүүдлийн шувуудын тоо 2000 хүрдэггүй байлаа. Цай Зы Хү-гийн уулын тэрхүү намгархаг газарт олон янзын үзэсгэлэнт ургамлын төрөл жилээс жилд цөөрч байв.
Нүүдлийн шувууд ирэх улиралд Цай Зы Хү-гийн ойролцоо буудлагын дуу өдөр шөнөгүй сонстоно. Шувуудын ганганах дуун биш харин гаслах дуу нь тасралтгүй сонстож шувуунд хайртай хүмүүсийн сэтгэлийг өвтгөнө. - Шувууд маань өдрөөс өдөр цөөн болохыг хараад сэтгэл гуньж байна гэж Ван Саньи ярьж байлаа.

1995 онд Ань Хүй мужийн засгийн газраас Ань Чин хотын мөрний дагуух мужийн зэрэглэлийн усны шувуу хамгаалалтын бүс байгуулахыг зөвшөөрсөн ба уг бүс голдуу намгархаг газрын экологийн систем, ховордсон шувуудыг хамгаалах юм. Ань Чин хотын мөрний дагуух Намгархаг газар хамгаалах төсөл, Намгархаг газрын экологийн үр ашгийг нөхөх зэрэг төсөл ч ар араасаа хэрэгжив. 2007 он гэхэд Ань Чин хотын засгийн газраас санаачилсан Дундад улс - Европын холбооны биологийн олон янз байдлыг харуулсан төслүүдийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газрын Дундад улсад суугаа төлөөлөгчийн газраас албан ёсоор зөвшөөрсөн ба Цай Зы Хү-гийн намгархаг газрын хамгаалалт нь засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагаанд хамрагдав.
Цай Зы Хү-гийн намгархаг газрын талбай өргөн, харин ойн аж ахуйн салбарын ажилтнууд цөөн ба ажиллахад амаргүй байлаа. Басхүү тус бүс нутгийн иргэдийн Намгархаг газрын экологийн орчныг хамгаалах ухамсар дутсанаас болж Засгийн газрын удирдах ажил эхний үедээ үр бүтээмж тааруухан байв.
Гагцхүү Засгийн газрын удирдлагад найдан асуудлыг шийдвэрлэхэд бэрх. Иргэдийн зохион байгуулалтын хүчээр намгархаг газрын экологи хамгаалалтын ажилд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Нутгийн Лао Шань тосгонд 40 жил даргалсан Ван Саньи 2010 онд тус нутгийн Иргэний хэргийн яаманд очиж, Намгархаг газрын экологи орчныг хамгаалах хууль ёсны Иргэний нийгэмлэгээ бүртгүүлсэн юм. Энэхүү нийгэмлэгийн 90 хувь нь Цай Зы Хү-гийн дагуух иргэд, шувууд нүүдэллэн ирэх улиралд 20 хүний бүрэлдэхүүнтэй нүүдлийн шувууг цагдан хамгаалах багийнхан өдөр бүр өглөөний 4 цагаас эхлэн шөнийн 10 цаг хүртэл хянан хамгаалж ажилладаг.
Хэн нэг нь шувууг агнаж байгаа тохиолдолд эргүүл хамгаалалтын багийнхан цаг тухайд нь Ван Саньи-д мэдэгддэг. Настан сонсмогц мотоциклоо унан тухайн газарт очиж хянан шалгасны дараа ойн цагдаад мэдэгдэнэ.
Ван Саньи тосгоны иргэдэд ойлголт өгөхөөр хичээн ажиллаж байлаа. Нийгэмлэгийн гишүүдээ дайчлан шувууд хамгаалах тухай жүжиг бичиж, шувууг хайрлан хамгаалах, намгархаг газрыг хамгаалах тухай сурталчлан, иргэдэд шувууд хамгаалах бол даруй хүн төрөлхтнийг хамгаалж байна гэсэн цаад утга учрыг ойлгуулсан юм. Нийгэмлэгийнхэн мөн Дундадын болон гадаадын мэргэжилтэн, сайн дурын ажилтнуудыг урьж, намгархаг газраар аялуулан танилцуулсан төдийгүй тус нутгийн сургуулиуд шувууд болон намгархаг газрыг хамгаалах талаар орон нутгийн сургалтын материалд тусган, эргэн тойрны тосгоны иргэдэд шувууг хайрлан хамгаалах ухамсрыг төлөвшүүлэх ажил өрнүүлсэн байна.
Энэхүү тосгоны иргэн Лю Жыцайн буудах чадвар маш сайн. Тэрээр шувуу агнаж өдөрт 10 мянган юаний орлого олдог байжээ.
- Ван Саньи гуай намайг олон удаа шувуу агнахаа болиоч гэж ятгасан, тэр намайг ятгах гэж гэрт минь олон ч удаа ирсэн дээ. Зарим үедээ би зориуд гэртээ байхгүй гэж худал хэлүүлж, үүдээ ч онгойлгож өгдөггүй. Харин тэр надад захидал бичээд цонхоор тогшиж үлдээдэг шүү. Түүний шаардлага үнэндээ маш зөв зүйтэй. Шувуу агнана гэдэг буруу учир би ч түүнийг няцаахын аргагүй. Эцэстээ би шувуу агнахаа бүрмөсөн больсон гэж Лю Жыцай ярьсан юм.
Ван Саньи экологи хамгаалалттай холбогдох хуулийн бодлогыг иргэдэд ойлгуулахын зэрэгцээ хууль зөрчсөнөөс үүдэх хор уршгийн талаар ч мэдээлэл өгч, намгархаг газрыг хамгаалан экологийн жуулчлалыг хөгжүүлэх ажлын талаар үр ашгийг таниулж явна. Ийнхүү тосгоны маш олон иргэд Ван Саньигийн өрнүүлсэн экологи хамгаалах үйл ажиллагаанд идэвхтэй оролцов.
- Одоогоор манай нийгэмлэг 300 гаруй гишүүдтэй болоод байна. Бид чөлөөт цагаараа өвөлжихөөр ирсэн нүүдлийн шувуудыг хамгаалахын зэрэгцээ бас тогтсон хугацаатайгаар намгархаг газрын хог хаягдлыг арилгадаг гэж Ван Саньи баяртай ярина.
Экологи хамгаалах ажил Ван Саньи настны амьдрал, ажил үйлсийнх нь хамгийн гол чухал үүрэг болж, энэ ажилдаа өөрийн удаан жил хадгалан цуглуулсан мөнгөө бүгдийг оруулсан. Түүгээр ч барахгүй бусдаас мөнгө зээлэн намгархаг газарт хяналт-шинжилгээ хийх ажиглалтын тавцан байгуулж, намгархаг газрын хээр, алсын хяналтын сүлжээ суурилуулж, Ань Хүй мужийн Цай Зы Хү-гийн намгархаг газрын сурталчилгаа, сургалтын төв, экологийн сорьцын музейг нэгтгэсэн Шинжлэх ухаан, технологийн парк байгуулж, нийт 800 мянган юанийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Өнөөдөр гэхэд хэдийгээр мөнгө хөрөнгөний асуудал нийгэмлэгийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа ч Ван Саньи настны хувьд экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт Дундад улсын дарга удирдлага болон ард иргэдийн хүндэтгэл хүлээж байгаа нь хамгийн их үр бүтээл, амжилт юм.
2013 онд анхны улсын хэмжээний намгархаг газрыг хамгаалах салбарын журам “Намгархаг газрыг хамгаалах менежментийн дүрэм” гаргаснаар бүх бүс нутгийн намгархаг газрын хуулийн тогтолцооны үйл явцыг ахиулсан байна. Одоогоор Хармөрөн, Ганьсү, Ху Нань зэрэг 20 муж хотынхны намгархаг газрын тухай хууль тогтоох ажил нэгэнтээ дуусав. Ань Хүй, Чүн Чин, Тянь Жин, Жян Сү зэрэг муж хотуудад намгархаг газрын хууль тогтоох ажил ид идэвхтэй явагдаж байлаа.
Сэтгүүлчдийн мэдээлснээр: - Цай Зы Хү-г хамгаалахын тулд тухайн орон нутгийн засгийн газрынхан олон төрлийн нөхөн олговрын төсөл, нүүлгэн шилжүүлэх төсөл хэрэгжүүлжээ. Засгийн газраас загасчдад нөхөн төлбөр олгон, тэднийг загас агнахаа больж, өөр ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжив. Ингэснээр загасчны онгоц нүүдлийн шувуудад аюул учруулж байсан асуудал шийдвэрлэгдэв. Үхэр сүргээс болж намгархаг газрын ховор ургамал гэмтэн хохирч байлаа. Засгийн газраас мөн энэхүү тосгоны үхэр тэжээдэг айл өрхийг үхрээ худалдаж, трактор худалдан авахыг дэмжин, нэг трактор худалдан авахад 400 юаний нөхөн төлбөр олгов. Түүнчлэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд Засгийн газраас зам засаж, машины зогсоол байгуулсан байна.
2014 оны 12 дугаар сард Ван Саньи-гийн нийгэмлэг болон уг орон нутгийн засаг захиргаанаас хамтран Цай Зы Хү-гийн намгархаг газрын шувууг сонирхох наадам зохион байгуулсан ба наадамд 3000 гаруй жуулчин найз, шувуунд хайртай хүмүүс, зураг авахуулах хүмүүс хүрэлцэн ирж тосгоны иргэдэд экологийн жуулчлалын үр өгөөжийг бодитоор ойлгуулан таниулсан байна.
- Би нэг өдөр амьдарч л байвал шувуудаа хамгаалж л байна. Шувуу хамгаалах, экологио хамгаалах үйл ажиллагааг үеийн үед уламжлагдахыг би хүсэж байна гэж Ван Саньи хэлнэ. Тэрбээр маш олон залуу сайн дурын ажилчид тэдний нийгэмлэгт нэгдэхийг хүсэж байлаа.
