
- Би нэгэн зүйлийг мөрөөддөг, Хорчины цөлийг сайжруулан ногоон тал болгох мөрөөдөл. Яг л хүний ертөнцийн жаргалын орон мэт. Энэ бол Ван Шяобайгийн мөрөөдөл юм. Хэдхэн хоногийн өмнө Гирин мужийн Түн-Юй шяний Байгаль орчин хамгаалах сайн дурынхны нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ван Шяобай Бээжин хотноо болсон Дундад улсын сайн үйлсийн үйл ажиллагааны тухай жилийн хурлаар “2014 оны Дундад улсын буяны үйл ажиллагааг дэмжигч”-ээр сонгогдсон байна.
Тэр өдөр мөн түүний 35 насны төрсөн өдөр тохиож байсан билээ.
Энэ л өдөр Ван Шяобай жаран насыг давж буй аавтайгаа хамт Хорчины тал нутгийг нөхөн сэргээхийн төлөө ажилласан 15 жил, Хорчины экологийн жишиг үзүүлэх бүсийн элсжилтээс хамгаалах, хөрсийг сэргээн засах ажилд гар бие оролцсон анхны хүн юм.
Сэтгэлд үлдсэн тал нутгийн төлөө
Түн Юй шянь Түн Фа шянь, Шинь Хэ тосгон бол Гирин мужийн баруун бүс нутагт оршдог нэгэн жижигхэн тосгон. Энэхүү тосгон Хорчины цөлийн зүүн хэсэгт байрладаг Дундад улсын 4 их цөлийн эзлэх талбайгаар хамгийн томд ордог байна. Эндээс Өвөр Монголын нутаг хүртэл нэг километр зайтай.
- Эрт үед Хорчины тал өвс нь соргог, ус нь тунгалаг үзэсгэлэнт тал байсан гэдэг. Байгаль орчин, гадаад нөхцөл байдлын нөлөөгөөр энэхүү үзэсгэлэнт сайхан тал цөлжин Дундад улсын хамгийн том цөл болсон гэж Ван Шяобай ярина.
Долоон жилийн томилолтын ажлаа дуусгаад хот руу буцсан Ван Пин Гирин мужийн Чан Шань дулааны цахилгаан станцын байгаль орчны инженерээр ажилд орсон. Тэрхүү томилолтоор ажиллаж байсан мөчүүд сэтгэлд нь хоногшин үлдсэн учир нутгаа санагалзаж жил бүр Шинь Хэ тосгонд очдог. Нүд ирмэхийн зуур 20 гаруй жил өнгөрөн одож, тосгоны захад, замын хажууд, тариалангийн газар нэгэнт элсээр хучигдсаныг Ван Пин харж мэдрэв. Түүнийг томилолтоор очих үеийн тэр л үзэсгэлэнт сайхан тал нутагт нэгэнт үгүй болжээ.
- Би энд элсжилтийн эсрэг ажиллана. Сэтгэлд үлдсэн Хорчины тал нутгийнхаа төлөө, нутгийн иргэдийг дахин үзэсгэлэнт нутагтаа эрх таваар нь байлгахын төлөө ажиллана хэмээн нэгэнт зорив.

2000 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ван Пин гэрээний мөнгөө төлж, Шинь Хэ тосгоноос баруун хэсэг дэх 100 га цөлийг хувьчлан авах гэрээг Түн Юй шяньтай байгуулжээ. “Хорчины цөлийг сэргээн ногоожуулах бүс”-ээ Ван Пин албан ёсоор үүсгэн байгуулж, энэ аянаа ганцаар эхлүүлсэн аж.
Тухайн үед ид их сургуульд сурч байсан Ван Шяобай амралт болгоноороо аавдаа туслан элснээс хамгаалж, ногоожуулах ажилд оролцдог байсан гэх. - Тэр үед бид нар цөлийг сайжруулан элснээс хамгаалах, хөрсийг засах талаар ойлголтгүй байсан. Гол нь салхинаас халхлан элсийг тогтоож, ногоожуулах ажил хийдэг байсан гэж Ван Пин ярьж байлаа. Мөн тэрээр анх тус тосгоны иргэдийг зохион байгуулан төмөр утсан хашаа болон бусад зүйлийг ашиглаж, 100 га талбайн хэмжээтэй цөлийг хашаа барин, 8-10 мөрөөр улиас мод тарьж, модны дунд байх сул хоосон хэсэгт чацаргана тарьдаг байв.
- Харин үр дүн нь тааруухан байлаа. Тэр жилийн зун зулзаган мод элсэнд дарагдаж, үргэлжлэн ган болсны улмаас чацарганы ургац ч муу байсан гэж тухайн үеийн хүнд хэцүү өдөр хоногуудаа дурсан ярихад сэтгэл нь эмзэглэж байсан юм.
Мөн азаар үлдсэн зарим зулзаган модоо хүч гарган услан хамгаалж, амьд үлдээх шаардлагатай. Тэр хоёр жил Ван Шяобай амралтаараа гэртээ хариад хийдэг хамгийн гол ажил нь аавтайгаа хамт мод услах ажил билээ. 20 мянган улиас модыг нэг талаар нь услахад 2 сарын хугацаа зарцуулдаг. Тухай бүрт 4 удаа усалж, энэ ажил газар хөлдөх хүртэл үргэлжилнэ. Хэдэн жил дараалан улиас модны үндэс газар доорх усны нөөц хүртэл усалж, хүний хүчээр услахааргүй болтол нь бидний ажил үргэлжилнэ гэж Ван Шяобай хэллээ.

Аавынхаа буухиаг залгалаа
2006 онд аавынх нь элсжилтээс хамгаалах ажил улам бэрхшээлтэй болж буйг мэдсэн Ван Шяобай багшийн ажлаа хүлээлгэж өгөв. Тийнхүү Нин Бө-гөөс дөнгөж нэг ой хүрч буй охиноо авчран аавынхаа дэргэд ирж, хамтдаа элсжилттэй тэмцэх их ажлаа эхлүүлсэн. - Энэ ажлыг хийхэд тун хүнд, аавын маань хажууд туслалцаа үзүүлэх нэг ч хүнгүй, түүнтэй хамтран ажиллах хүнгүй байсан гэж Ван Шяобай хэлж байлаа. Энэ жил л маш олон сайн дурын ажилтан болон хөрөнгө мөнгөний туслалцаа олж, аав охин хоёр Түн Юй шяний Байгал орчин хамгаалах сайн дурынхны нийгэмлэгээ үүсгэн байгуулсан байна. Энэ нь Гирин мужийн хамгийн анхны байгаль орчин хамгаалах олон нийтийн төрийн бус байгууллага юм. Аав, охин хоёр амьдралынхаа ихэнх цаг хугацааг Хорчины цөлийг сайжруулах алсын аянд зориулсан билээ.
Гэвч Ван Пингийн төлөвлөгөө тийм ч амжилттай биш байлаа. Анх хичнээн хүчин зүтгэлээ зарцуулан байж тарьсан улиас модны ургац тийм ч сайн биш байсан нь Ван Пингийн хувьд сэтгэлийн хөндүүр болж байсан билээ. Ойн мэргэжилтнүүдийн судалгаагаар дамжиж тэрхүү цөлд улиас мод зохицохгүй бөгөөд газар доорх их хэмжээний усны нөөцөөр ургаж болох боловч газар доорх усыг ихээр зарцуулахын зэрэгцээ цөлжилт улам тэлнэ гэдгийг ойлгожээ.
Хүн төрөлхтөн байгалийн жам хуулийг даган байж сая байгалийг таньж чадна гэдгийг Ван Пин голдоо ортол сайн ойлгосон байна. Ван Пин сайн дурынхны хамт гүний худаг ухаж, цөөрөм байгуулан, услалтын дусаагуур хоолой тавьжээ. Тэрээр сэтгэл гаргаж, цөхрөлтгүй зүтгэвэл цөлийг сэргээн сайжруулж чадна гэж итгэл дүүрэн ярьж байлаа. Хоёр жилийн дараа тус бүсийн ургамлын нөхөн сэргээлтийн ажлын үр дүн 85 хувьд хүрчээ.

Арван хэдэн жилийн дараа аав, охин хоёрын хүчин зүтгэлээр 100 га цөл амжилттайгаар нөхөн сэргээд ургацын хэмжээ 95 хувьд хүрч, 30 мянган улиас модтой болжээ. Энэхүү экологийн жишиг үзүүлэх бүсийн элс нэгэнт ногоон бүс болж, одоо 260 төрлийн ургамалтай болсон байна. Нөхөн сэргээлтийг дагаад амьтан, жигүүртний гинжин хэлхээ ч бий болжээ.
Энэ хугацаанд Дундад улсын нийт орон нутгаас хүрэлцэн ирсэн 1000 гаруй оюутан, сайн дурын ажилтан элсжилтийн эсрэг, хөрсийг сэргээн засах ажилд гар бие оролцсон юм. Дундад улсын Хөдөө аж ахуйн их сургууль, Дундад улсын улс төр, хууль зүйн их сургууль, Фү Дань их сургууль, Гирин их сургууль, Бай Чэн багшийн дээд сургууль зэрэг 200 гаруй их дээд сургууль энэхүү жишиг бүсэд сайн дурын үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн экологи, байгаль орчин хамгаалах практикийн бааз болгожээ. Улсын дотоод, гадаадын холбогдох байгаль орчны мэргэжилтнүүд мөн тус газрыг анхааралдаа авч, судалгаа болон хөрөнгө мөнгөний туслалцаа үзүүлж байна.
Олон хүмүүсийг мөрөөдлийнхөө төлөөх ажилд оролцуулна
Энэхүү жишиг үзүүлэх бүсийн ажил амжилттай хэрэгжсэний дараа аав, охин хоёрын зорилго өөрчлөгдөв. Ван Шяобай улам алс хэтийг, холыг харах болсон байна.
- Элснээс хамгаалж, хөрсийг сэргээн засахад зөвхөн байгаль орчин хамгаалах болон судалгаа хийхэд түшиглэж болохгүй. Харин тухайн орон нутгийн тариачдын амьжиргааг сайжруулж, тэдэнд элсжилттэй тэмцэх ухамсрыг бий болгох шаардлагатай хэмээн Ван Шяобай хэллээ.
Түн Юй шяний олон арван тариачид газар тариалан, мал аж ахуй эрхэлж орлого олж байна. Сүүлийн жилүүдэд Ван Шяобай тухайн орон нутгийн тариачидтай хамтран ажиллаж, тариачин бүрээс хэсэг газар гаргуулан, тусгайлан органик газар тариалан эрхлүүлжээ. Эдгээр органик газар тариалангийн бүтээгдэхүүнийг 2013 оноос эхлэн Тао Бао сайтад “Хорчины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн” нэртэй онлайн дэлгүүр нээн борлуулж, Ван Шяобай онлайн дэлгүүрийн захирлаар ажиллаж байна.
Жишиг үзүүлэх бүсийн ажлын туршлагаар цөлийн 5 айл органик газар тариалан эрхэлж байна. Өрх бүрийн орлого 3500 юаниар нэмэгдсэний зэрэгцээ 20 га газрыг нөхөн сэргээжээ. Ашиг орлого сайтай байгааг мэдсэн маш олон тариачид нөхөн сэргээлтийн ажилд оролцож буйд Ван Шяобай сэтгэл хангалуун явна.
- Энэ нь бид, мөн тариачид хамтдаа элсжилтийн эсрэг үр бүтээлтэй ажиллах санаачилга эрэлхийлж буй нэгэн шинэ арга зам болно. Байгаль орчныг нөхөн сэргээхэд өгөөжтэйгөөр барахгүй тариачдын орлогыг нэмэгдүүлэн, мөн хэсэг хэсгээрээ Хорчины цөлжилтийг арилгаж, байгаль нөхөн сэргээхэд хөрөнгө оруулалт хийнэ гэж Ван Шяобай хэлж байлаа.
Энэхүү арга зам өндөр үнэлгээ авчээ
Саяхан Бээжинд болсон Дундад улсын сайн үйлст үйл ажиллагааны тухай хурлын үеэр Ван Шяобай “2014 оны Дундад улсын буяны ажиллагааг дэмжигч”-ээр сонгогдсон. - 15 жилийн хүчин зүтгэл, экологийн нөхөн сэргээлтийн арга замыг амжилттай хайн олж, экологийн нөхөн сэргээлт, байгаль орчны тухай сургалт болон үргэлжлүүлэн газар тариалантай харилцан уялдах замаар явж, ядуу орон нутгийн экологи болон тогтвортой хөгжлийн асуудлыг шийдэхэд хариулт өгсөн гэж түүнд өргөмжлөл олгох үеэр их хурлаас үнэлж байлаа.

Ван Шяобай Түн Юй шяньдаа буцаж очоод аавынхаа хамт үргэлжлүүлэн нэг сэтгэл, нэг зүтгэлээр жишиг үзүүлэх бүсээ өргөжүүлэн элсжилттэй тэмцэх ажлыг улам тэлэхийн төлөө зорин ажиллаж байна. Үүний зэрэгцээ Түн Юй шяний байгаль орчин хамгаалах сайн дурынхны нийгэмлэгийн ажлын зарим хэсэг болох экологи нөхөн сэргээх, байгаль орчны тухай сургалт, органик газар тариалан нь хүмүүст ач тусаа хүргэжээ. - Хэдийгээр бүх зүйл байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон онцгой байдалд бэлэн байх хүчин чадал нь мэргэжлийн төвшинд төдийлэн хүрээгүй ч гэсэн тухайн газарт үндсэн ажлыг гүйцэтгэжээ. Энэхүү олон талт хөгжил нь тус нийгэмлэгийг тухайн орон нутгийн иргэд хүлээн зөвшөөрөхөд улам ахиц дэвшил болсон. Тухайн орон нутагт илүү идэвхтэй үйлчилгээ үзүүлнэ гэж Ван Шяобай хэлж байлаа.
2015 онд Ван Шяобайгийн мөрөөдөл Түн Юй шяны байгаль орчин хамгаалах нийгэмлэгийн сайн дурын ажилтнуудынхаа хамт нутгийн иргэдтэй хамтран, орон нутагтаа хоёр, гурав дахь жишиг үзүүлэх бүс байгуулах болно.
- Би аавынхаа хамт дахиад 40 жишиг үзүүлэх бүс байгуулж, үүний зэрэгцээ нэг үеийн хүн хэдэн үеийн хүмүүсийг элсжилттэй тэмцэж, байгалиа нөхөн сэргээх ажилд дайчилна. Тухай үед Хорчины цөлийг өмнө нь байсан тэр л ногоон талд нь буцааж, өвс бэлчээр халиуран найгасан үзэсгэлэнт сайхан уугуул төрхийг нь сэргээнэ. Энэ бол бидний хамтын хүсэл мөрөөдөл юм” гэж Ван Шяобө ярьж байсан юм.
