Монгол Улсын Урчуудын Эвлэлийн хорооны гишүүн, уран бүтээлч, зураач Г.Мөнхцэцэг, Х.Заяат, Д.Гантөгс нарын хамтарсан “Торгон замын домог” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн 4 дүгээр сарын 19-ний ням гарагт Хөххотын Үндэсний Уран зургийн музейд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын консул Б.Багахүү, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны Гадаад сурталчилгааны газрын дарга Чяо Саньван болон бусад албаны хүмүүс, уран бүтээлчид оролцлоо.
Үзэсгэлэнд нийт 90 гаруй бүтээл дэлгэгдэж, хурсан олны таашаалд хүрлээ. Үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлч, зураач, Боловсролын тэргүүний ажилтан Д.Гантөгсийг Монгол, Хятадын харилцааг дэмжих нийгэмлэгийн тэргүүн Б.Лхагвадорж “Соёлын элч” цол тэмдгээр шагнасан юм. Бүтээлийн сэдвийн хувьд өргөн цар хүрээтэй, монголын эртний домог, үлгэрүүдийг амилуулсан түүхэн болон ахуйн сэдэвтэй, сэтгэлгээний бүтээлүүд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн долоо хоногийн турш үргэлжлэх болно.




