solongonews
Оюуны ундраа Күнзийн институт
2015-04-08 09:32
Күнзийн институтэй танилцана уу.

  Өнө мөнхийн хөршүүд болох Дундад Монголын дипломат харилцаа гүнзгийрэхийн хэрээр хоёр орны соёлын солилцоо хөгжиж, хамтын үйл ажиллагаа ид өрнүүн явагдаж байна. Хоёр орны соёл боловсрол дахь хамтын ажиллагааны нэг бол яах аргагүй Монгол Улс дахь “Күнзийн институт” болно. МЭӨ 551-479 оны хооронд амьдарч байсан гүн ухаантан, их сэтгэгч Күнзийн нэрээр нэрлэсэн Дундад улсын “Күнзийн институт” нь одоог болтол дэлхийн олон оронд байгуулагджээ. 2004 онд хамгийн анх Cолонгос улсад “Күнзийн институт”-ийг байгуулж байсан бол 2014 онд дэлхийн 126 улс орнд нийт 475 ”Күнзийн институт” бий болжээ.

   Күнзийн институт нь тухайн улс орны үндэстнийхээ хэл бичгийг түгээн дэлгэрүүлж буй туршлагыг авч хэрэглэх үндсэн дээр, хятад хэлийг заан сургах, Дундад улсын соёлыг сурталчлах эрхэм зорилго бүхий ашгийн бус, нийтийн тусын тулд үйлчилдэг байгууллага болно. Их сэтгэгч Күнзийн сургаал номлолыг уламжлан хөгжүүлж, өнө мөнхөд, энх тайван, хамтдаа зэрэгцэн оршихын төлөө Дундад улс болон дэлхийн улс орнуудын соёлын харилцаанд тус үзүүлэхэд Күнзийн институтийн эрхэм зорилго оршдог.
        2008 оны 5 дугаар сард МУИС болон Дундадын “Шань-Дүн”-ий их сургууль хамтран найрсаг хамтын ажиллагаа байгуулж, МУИС-ийн “Күнзийн институт”-ийг байгуулсан байна. "Үйлчлэх, үзүүлэх, солилцох, хөгжүүлэх" зорилгоор сургалтын ажиллагаа явуулж, Дундад Монгол хоёр орны найрсаг харилцаа, соёлын солилцооны гүүр болсоор байна.

  МУИС-ийн ”Күнзийн институт”-ийн Монгол талын захирал М.Чимэдцэеэ хэлэхдээ: -Институт маань зөвхөн хятад хэл, Дундад улсын соёлтой холбоотой сургалтын агуулгатай. Ерөнхийдөө гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Нэг. Хятад хэлний сургалт, HSK (Хятад хэлний түвшин тогтоох шалгалт) шалгалтын бэлтгэл, хятад хэлний багшийн боловсон хүчин бэлтгэх.
Хоёр. Хятад судалгаа хийж хятад, монгол хэлний орчуулга, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах.
Гурав. “Хятад хэлний олимпиад”, “Хятад хэлний гүүр” зэрэг хятад хэлний тэмцээнийг зохион байгуулдаг гэв. Институт нь нийгэмд нээлттэй байж, хятад хэл, Дундад улсын соёлыг сонирхдог хэн ч байсан чөлөөтэй оролцож болно. 2-5 дугаар сар нь хаврын, 9-12 дугаар сар нь намрын гэсэн хоёр сургалтын хугацаатай. Хоёр сургалтын хугацаанд 200 орчим сурагч хамрагддаг байна.

 Төгсөх сурагчдаас шалгалт авч шилдгийг шалгаруулан "Күнзийн институтийн тэтгэлэг" болон "Дундад улсын Засгийн газрын тэтгэлэг"-ийг олгож, Дундад улсын их дээд сургуульд суралцах боломжийг олгодог байна. Үүнээс гадна өвөл, зуны сургалтаар ч сурагчид Дундад улсыг зорьж, Дундад улсын түүх соёл, зан заншилтай танилцаж болдог. ”Күнзийн институт”-ийн багш ажилтнууд өөрийн гэсэн сургалтын заах арга  барилтай бөгөөд хамгийн их үр өгөөжийг сурагчиддаа зориулахаар хичээсээр ирэв. Үүний тод илрэл нь “Күнзийн институт”-ээс төгсөгчид Монгол Улсынхаа Төрийн албан байгууллага, Гадаад харилцааны алба, бизнес төсөлд оролцон амжилттай ажиллаж байна.
        “Күнзийн институт” Дундад улсын гадаадад хятад хэлний сургалт эрхлэх ажлын албанаас хангасан сурах бичгийг хэрэглэдэг боловч сурах бичгийн агуулга нь хятад-англи хэлнээ бичигдсэн байдаг. Институтийн багш нар хамтран ажиллаж "Орчин үеийн хятад хэл" сурах бичгийг монгол хэл дээр орчуулан буулгажээ. "Энэхүү сурах бичиг хэвлэгдэн гарснаар хятад хэл сурахад тус нэмэр болох юм. Одоогоор хэвлэлд өгөөд байгаа гэж танилцуулж байлаа. Энэ нь Монгол Улсын хятад хэлний сургалтын ажлын томоохон ахиц болсон билээ. Мөн институтийн багш, судлаачид Монгол Улсад хятад судлалын тусгай сэтгүүл байхгүй орон зайг нөхөн "Монголын Хятад судлал" сэтгүүлийг гаргаж билээ. Энхүү сэтгүүлд хятад хэл, соёл, эдийн засаг, хоёр орны харилцаа зэрэг өргөн цар хүрээнд ямар ч хэл дээр бичигдсэн судалгааны илтгэл, агуулгыг нийтэлдэг.

  -Бид 2015 онд “Монголын Хятад судлал”-ын анхны туршилтын дугаараа тараалаа. Жилд хоёр дугаар гаргахаар төлөвлөж байна. Хожим боломж байвал улирал, сар тутмын сэтгүүл болгон өөрчлөх болно. Манай институт хятад хэлнээс маш олон номыг орчуулсан. Одоогоор Дундад улсын дарга Ши Жинпиний шинэ номыг орчуулахаар бэлтгэж байна. Энэ жил Ховдын Их Сургууль болон Монгол Улсын Боловсролын Их Сургуульд “Күнзийн институт” байгуулахаар ажиллаж байна гэж захирал М.Чимэдцэеэ ажлынхаа төлөвлөгөөний талаар өгүүллээ.

Дундад Монгол хоёр улсын харилцаа өндөр хурдацтай хөгжиж, олон салбарын солилцоо, хамтран ажиллагаа, иргэдийн харилцаа өдрөөс өдөр ирэх тусам сайжирч байгаа явдал нь “Күнзийн институт”-ийн хөгжилд шимт сайхан хөрс суурь болжээ. Энэ хөрснөөс шим авч “Күнзийн институт” нь цаашид өргөжин, орон зайгаа тэлж, хоёр орны харилцаанд улам их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Зохиогч: Б.Ариухан
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл