Дуртай хирнээ нэг ч олигтой шүлэг бичиж байсангүй. Зүгээр л уншигч хэвээрээ энэ насаа өнгөрөөхөөр шийдсэн юм. До.Болдхуяг бол яруу найрагч. Сайн яруу найрагч. Ямар ч байсан надаас илүү онгод тэнгэртэй хүн. Тэр өөрийнхөө үзэмжээр, өөрийнхөө шүүлтээр Өвөр Монголын яруу найрагчдын бүтээлүүдийг дээжилжээ. Энэ бол түүний л сонголт. Түүний оронд хэн нэгэн бас сонгон дээжилж болно. Гэвч До.Болдхуяг дээжилнэ гэдэг их өөр.

Энэ дээж бичгийг эмхлэхэд ямар нэгэн эв хамтын нам, эсвэл зохиолчдын хороо дэмжээгүй. Энэ бол сайхан нөхөрлөл ойлголцлын үндсэн дээр бий болсон гэдгийг би батлан хэлэх байна. Яруу найраг бол эхлээд нөхөрлөл юм байна гэсэн үг. Өвөр Монголын нутгаар морин дэл дээгүүр аялж явахдаа энд шүлэг нь дээжлэгдсэн зарим яруу найрагчтай уулзаж явлаа. Баарины Санаагарав, Сөнидийн Ё.Эрдэнэтогтох, Тогтомж, Шилийн хотын Цогтнаран, Шулуунхөхийн Ри.Сэцэнцогт, Э.Оргил, Оннуудын Эрдэмт, Алшаагийн Ма.Цэдэнбал гэх мэтчилэн. Миний таних нь л энэ хэд. Харин До.Болдхуяг тэдэнтэй бүгдтэй нь уулзаж, нөхөрлөж, ойлголцсон. На.Сайнцогт зэрэг тэнгэр болсон найрагчдаас бусадтай нь лав уулзсан байж таарна, уусан ч байж таарна. Яруу найрагчийн шүлгийг уншихаас гадна нүүр тулан учирч, ний нуугүй ярилцана гэдэг яруу найргийг төсөөллөөс илүүтэй нээдэг билээ. Тийм ч учраас энэ ном аугаа их нөхөрлөлийн гэрч болон бүтээгджээ.

Яруу найраг бол бас эрх чөлөө юм. Мэдээж хэрэг До.Болдхуяг болсон л хойно жинхэнэ яруу найргийг шигшжээ. Монголд ч тэр найрамдлын тухай, намын тухай шүлэг уншиж, бичихээ болиод удаж байгаа. Өвөр Монголын яруу найраг, Ар Монголын яруу найраг гэж хоёр тусдаа яруу найраг байхгүй юм, байх ч ёсгүй юм. Бидний яруу найраг бүтээдэг бичиг үсгийн хэлбэр л өөр болохоос бид "Монголын яруу найраг" гэдэг нэг л ай савынхан. Дээжлэгч яг энэ зарчмыг барьсан байна. Сайн байна. Ийм л байх ёстой. Жишээ нь ийм асуултанд хариулах гэж, хөлсөө урсгах хэрэггүй. Энэ дээжис байхад л хангалттай. Мэдээж хэрэг шүлгийн утга санаа, уран бүтээлчийн хүсэл зорилгын тухай энд ярихгүй. Зүгээр л уран бүтээлч хүний эрх чөлөөг эндээс хангалттай уншчихаж болно. Энэ л байхад боллоо.
Яруу найраг бол ой санамж юм. Тэд Монголчуудын голомт, аялгуу сайхан монгол хэлний баялаг сан руу хандах болсон. Миний мэдэхийн хэд хэдэн яруу найрагчийн шүлгийн түүвэр, роман, түүхийн зохиолыг Монголын Үндэсний номын санд авчирч, хүсэлтийн дагуу хандивлан үүрд хадгалуулж байлаа. Зүүн Сөнидийн яруу найрагч Ё.Эрдэнэтогтох дөнгөж сая тайлан тоглолтоо Бөхийн өргөөнд хийлээ. Шүлэгт нь ая хийгээд дуулахад биднийхээс дутах юм алга. Энэ бол ой санамжийн нэгээхэн хэсэг. Яруу найргаар буюу сэтгэлийн дотоод анир, монгол хэлний шидэт үгсээр бүтсэн бүтээл туурвил түүний арвин баялаг сан руу урсан орж, түүнд үүрд үлдэх ёстой.

Өвөр Монголчууд кирилл үсэг сурахад ердөө 7 хоног л хэрэгтэй. Тэд биднийг сайн уншдаг. Харин бид монгол бичгээ тийм ч сайн мэдэхгүй. Өөрөөр хэлбэл тэднийг сайн уншдаггүй, мэддэггүй. Уншлаа гэхэд албаны шугамаар хэвлэж тараасан цөөн номоор төсөөлдөг байлаа. До.Болдхуяг өөрийн сонголт, шүүлтээрээ энэ яруу найргийн дээжийг бүтээсэн нь биднийг эх хэлнийхээ хувьд төдийгүй яруу найргийн хувьд ч бөөр зүрхний холбоотой, бүлээн цусны сүлбээтэй ахан дүүс болохыг дахин баталсан хэрэг болов.

Яруу найраг болоод түүх бол ягууртны ажил юм. Зарим нэг нь тоглох шоглохын завсар "Өвөр Монгол яруу найрагч, түүхч олонтой" хэмээх нь бий. Тэд хэзээ ч тариачин болохгүй. Тэд уулсын тухай, хүлэг морины тухай, хайр дурлалын тухай, бүсгүйчүүдийн тухай бичдэг. Тэд юу хүсэж байгаагаа бичдэг. Тэдний гарт дөрвөн ямхын бийр бий, өөр зэвсэг үгүй. Сэтгэлд нь сайн сайхан бодол, мөрөөдлөөс өөр өчүүхэн ч хар санаа багтах зайгүй юм. Тэд бичиж байна, харин бид уншиж байна. Язгууртнууд, эрхэмсэг хүмүүсийн шүлгийг амьсгаа даран уншицгаая. Ингэснээр бидэнд ахан дүүсээ хайрлах, дотносох, харилцан ойлголцох хүсэл нэг шатаар ахина хэмээн найдаж байна. Уншицгаая.
Хүрээ хөвгүүд Г.Нямочир
