Хятадын 139 дэх удаагийн импорт, экспортын үзэсгэлэн худалдаа (цаашид "Гуанжөү үзэсгэлэн" гэж авна) 04-р сарын 15-нд Гуандүн мужийн Гуанжөү хотод нээгдэж, дотоод, гадаадын олон худалдаачдыг татав.

Энэ жилийн үзэсгэлэн нь " Шинэ, ногоон, ухаалаг" аж үйлдвэрийн хөгжлийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн үзэсгэлэнгийн талбайнхаа зохион байгуулалтыг оновчтой болгосон байна. Өмнөх жилүүдийн үйлчилгээний роботууд, ухаалаг амьдрал, аж үйлдвэрийн автоматжуулалт, шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл зэрэг гол сэдвүүдээс гадна энэ жил ухаалаг зүүдэг төхөөрөмж, дэлгэцийн технологи, хэрэглэгчийн дрон, нэгдсэн орон сууц, хашааны байгууламж зэрэг есөн шинэ тусгай бүсийг нэмсэн юм.

Тус үзэсгэлэн нийт 520 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд 25,000 гаруй лангуу, ойролцоогоор 12,000 компани, аж ахуйн нэгж оролцож, электроник болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, гэрэлтүүлэг болон цахилгаан тоног төхөөрөмж, техник хангамжийн багаж хэрэгсэл, тээврийн хэрэгсэл болон хоёр дугуйт хэрэгсэл гэсэн таван үндсэн салбарыг зохицуулсан байна.

Энэхүү удаагийн үзэсгэлэн 04-р сарын 15-наас 05-р сарын 05-ны өдрүүдэд Гуанжөү хотод гурван үе шаттайгаар зохион байгуулагдаж, тус тус "Дэвшилтэт үйлдвэрлэл", "Чанар сайтай гэр ахуйн бараа", "Сайхан амьдрал" сэдвийн дор зохион байгуулагдана. Нийтдээ 54 үзэсгэлэнгийн танхим, 179 үзмэрийн хэсэг бий бөгөөд үзэсгэлэнгийн хэмжээ өмнөх жилүүдээс давсан байна.



