А.Хүрэл
Нууцхан алдрай охидод
Нулимс шиг дуртай
Би гунгийн хүү
Нуугаад яах юм
Ээж минь намайг
Дурлаж байж төрсөн юм
Нутгийн буурал өвгөд маань ч
Дурлаж явсаар өтлөсөн юм
Би жигүүртээ хүчтэй
Ардын дууны эр бор харцгай
Би жиргэхдээ
Баяр гунигаа нууж чадаагүй
Амраг заяаны шувуухай
Би
Би яахын аргагүй
Баяр гуниг хоёрын хөвгүүн
Хэсэгхэн алд шиг жижигхэн алдрыг
Нулимсан чинээ тоогоогүй
Би эрхэмсэг
Гишгэсэн газраа алхсан газраа
Нутгаа л гэж санадаг
Би ихэмсэг
Жирийн эгэл хүнээс төрсөн
Хааны хөвгүүн би юм аа !
Жамын алаг хорвоод зарцын охиноос ургасан
Хайрын алтан мөчир ч би юм аа.
Ганцхан навчтай модны
Амьдрах итгэлийг
Намайг хэмээнэ
Гаслан зүдүүр хоёрын
Айхавтар тэвчээрийг ч
Намайг хэмээнэ
Хөх усны намраар
Оройтож буцсаныг нь
Тогоруу бидэн хоёрыг гэлцдэг
Хүлээж хүлээж
Одоо болтол ирээгүйг нь
Харин чамай гэлцдэг
Гэвч би яахын аргагүй
Баяр гуниг хоёрын хөвгүүн шүү
Гэтэл би яагаад юм, илүү
Гунгийн хүү юм аа !
