Б.Тогтомж
Ергөн хатирах үлгэрийн айзам дээр амьдын дуу шуранхайлна
Ерөөлт дулаан бууцаа зассан монголын өндөрлөг мориноос үүснэ
Цэнхэр салхи сэвэлзэх заяатай нутаг нүүдлээр амьсгана
Цэгээн чулуун зулай дээр уухайлж давхисан он зуун дурайна
Нарны цацраг хөхсөн бөмбөрцгийн уянгаар адуу үүрсэнэ
Налгар нутгийн минь хаяаг тэлсэн сансрын нууц үүрсэнэ
Үл хөдлөх орчлонгийн тэнхлэгийг эргүүлсэн тайлбаргүй хүчин үүрсэнэ
Үүрдийн омогшлоор ертөнцийг захирсан далдын эрх үүрсэнэ
Халуун залуу насаа дээдэс минь бөөгийн тэнхлээр дүрэлзүүлж
Хаан баатар алдраа мурий сэлмээр дуурсгаж
Хамаг Монголын төрийг нумын идээр тогтоож
Хатуу ширүүн хоногуудыг билгийн тамираар зөөллөхөд
Аюулыг сөрөн давхисан цэвэрхэн төрцийн адуу
Алтанхан хангай нутгаа торгон гүйдлээрээ өвлөсөн
Тахь удмын хөнгөн ясан хүлгүүдийг
Даамгай тэсвэрээ түүхийн магнай дээр сийлсэн
Эрэлхэг цэргийн эрчүүл босоо дөрөөгөөр аялж
Элчилгүй говио богино жолоогоор туулж
Мөнгөн бөгжтэй хазаарын ган зуузай дөлөрж
Мөстийн хөлдүү хөрс адууны илчинд дулаацсан юм
Газрыг үнэссэн армагийн туурайд дөрөн улирал ээлжилж
Гайхамшигт дорнын санаа зориг ургын хуйв шиг урчилж
Төө суман ташуур хүлгийн толгойгоо халирахдаа …
Түмэн газрын аянд салхи гуядан шуугисан юм
Сэнгэ татах цэгээний үнэрт чичирч аядан хүч сууж
Сэрмүүн хангай говьдоо Азийн нүүдэлчин отоглосон
Чөдрийн толгойг доош нь харуулж ганзагладаггүй
Сүмэн холын замд эмээлийн бүрэг тэвэрдэггүй
Ам нь өвдсөн хүүхдийг халуун амгайгаар домнодог
Ардын цэцэн үлгэрийг сайвар жороотой сэтгэдэг
Айл саахалтын үүдээр хөндлөн сэхүүлж гардаггүй
Амгалан цагийн учралд дөрөө мултлалгүй мэндчилдэг
Их орчлонгийн журмыг морьтон заншилд юүлж
Идэрхэг Чингис биедээ тэнгэрийн хүчнийг цэнэглэсэн юм
Морь эсвэл хэлгүй сансрын хууль дэглэм байж магадгүй
Морь тойрон эргэх үзэгдэхгүй бүхний төв байж магадгүй
Морь эсвэл цаг хугацаа хэмээгчийн оноцот ганцхан дүрс байж магадгүй
Монголын цусанд дүрэлзсэн хөх тэнгэрийн төрх байж магадгүй
Хүүхэд жоохон насаа хүлгийн нуруун дээр бүүвэйлж
Хөвөө нь харагдахгүй занбуулинд салхитай уралдан өссөн
Ариун жаргалын өлгий минь морины хийморьтой шороо
Амьдрал байгаль хоёр минь морьд шингэсэн гүн ухаан
Зэл татан гүү саасан охин багын хөдөлмөрөөрөө
Зэрэглээн тэлмүүлсэн шүлгийн орондоо монгол бүсгүй энэгшдэг
Дэлийг нь хярган гангалсан туулын ажнайгаа цомож тавиад
Дэлгэр шилдээ сайн эрчүүд тохом тэрлэн зүүд манасан …
Эргэж ирэх мэт хангинан холдох дуу мэт хүлэг минь
Энэ дэлхийд монголын биеэр дайрч өнгөрөх цаг хугацаа мэт хүлэг минь
Бодолд багтахгүй – явсан ирээ үгүй хоёрын хооронд татсан солонго минь
Адуу өөрөө алдарт баатар Чингисээ мөнх далдалсан нууц
Амь оршсон хөдөлгөөнт галбын эхлэх төгсөхийн нууц
Дурслын хэлбэрээр сэтгэлт тогтсон өнө бадрангуй агшин уяандаа эргэнэ
Дуунд аялгуу суулгасан орчин оршхуйн сүг сүнс Монголд эргэнэ
Он зууны гүйж явсан зай бол морины дахисан зай
Орчлонгийн утга бол түмэн хэлээр тайлбарлаж дуусахгүй
Бодолд цэнхэртэх адууны тууль …
