Зүүнгар Буянбат
Навчис унана
Хавар болоход
Модондоо эргээд ирнэ
Нас барна
Хүний орчлонд
Сүнс нь эргээд ирнэ
Намар буцна
Ирэх жил
Шувуудтайгаа эргээд ирнэ
Нар жаргана
Маргааш нь болоход
Ээжийн цацалтай эргээд ирнэ
Хээрийн цэцгийг тасадваас
Насан хутаг нимгэрдэг гэнэм
Шувууны үүрийг шагайваас
Сэтгэлд сэв суудаг гэнэм
Хэлгүй хүнийг элэглэвээс
Хүүхэд чинь хэлгүй төрдөг гэнэм
Ширхэг арвайг асгаваас
Нүдгүй батгана болж нисдэг гэнэм
Өөдөө хаясан чулуу
Өөрийн толгой дээр унадаг
Өөхөнд цугласан бүлх
Өөрийн хоолой дээр тээглэдэг
Өрөөлд шившсэн хараал
Өөрийн хүзүүг ороодог
Өвсөнд орхисон зүү
Өөрийн хөлийг эрж очдог оо
Буурлыгаа ачилсан хүнд
Бурхан хүртэл сөхөрдөг
Бүүвэй аялсан хүмүүст
Дэлхий цэцгээ зулдаг
Бум уншсан тарни
Од болж цацагддаг
Буруу гишгэсэн мөр
Буг болж үлддэг
Ирт чулуунд гараа эсгэсэн, нутаг усныхаа
Нууцлаг увдисыг шаналж мэдэрнэ
Их тэнгэрт сэржим өргөнө, газарт
Ган тайлах бороо болж шивэрнэ
Идэр сансарын хүрд эргэнэ
Эргэн эргэсээр
Эхнийхээ цэг дээр буцаж очно
Ертөнцийн баруун чих хангинана
Нэг л өдөр
Эзэн Чингис минь Монголдоо эргэж ирнэ.
Гал гахай жилийн хаврын тэргүүн сард Баян хотноо
