Ц.Монголжав
Хурган халиа сэм сэм унаж
Хонгор мөрөөдөл шив шив ургалаа
Холх одод исгэрэхийг даахгүй уясан
Хонхорын цас сэтгэл даган уярлаа
Энхрийхэн төрсөн тэр нэгэн хүүхнийг
Эрт харсандаа сэтгэл индүүлж
Элэг зүрхэндээ минийх гэж
Эгээ чадаагүй дурлаж л явлаа
Урганд сайн эрдэмдээ бардаж
Улиастай голын дэлэлгээнд оччихоод
Олноос амжиж омогтойг ургалахдаа
Угзарсан хүчиндээ хий савагдаж
Ичсэн цус царайдаа харван шатлаа
Хар нүдэн хүүхэнд шоологдон
Хариугүй эр гэж хэлэгдэхээс ичиж
Халиун зээрдээ хартай ташуурдмагц
Хангай зусландаа ирчигсэн байдаг
Тэр өдрөөс хойш сэтгэл цуцаж
Тэмүүлсэн дурлал голоосоо эмзэглэж
Хар нүдэн хүний өвөлжөөнд
Хайраа тамалсан эр болсон ...
Хурган халиа сэм сэм унаж
Хонгор мөрөөдөл шив шив ургасан ч
Холын дурлалд дуугүй зангирч
Хоногийн цас бодол ташуурдан буулаа...
