П.Цогтнаран

Харанхуй битүү харагдамгүй байсан
Хар нүдэн бүсгүйн хүүхэн нас шиг нутаг
Дэргэд байсан юм олдомгүй
Дэлхийн хязгаарт хүрсэн шиг эрэл болдог нутаг
Ооно зээр хажууд шаргалтаж
Онгон ороо ч оргож дутаадаггүй нутаг
Тогоруу шувуу сүрэг захдаад
Туушингийн (*шилбүүр) үзүүрт оногдмоор байсан нутаг
Туулаад барахгүй шилээ туулуулж байдаг
Туурга уран ханын зураг шуухан *(шиг) нутаг
Хайр дутаад байснаас зайлаад өгч дээ
Хал ахдаад байснаас яваад өгч дээ
Алтан гургалдай, адуучин шувуу
Аль бүхнээ аваад явлаа даа
Болжмор шувуу бор бялзуухайгаа ч
Бургас модтойгоо нүүлгээд явчихлаа
Бүдүүн модны орой дээрх
Бүргэд шувуу нь нисээд явчихсан
Ёл шувуугаа аль хэдийн үргээчихжээ
Ёрын муу ууль шувуу л үлдэж үү?!
Туулж давхилдах талаа хумьж хураагаад
Тойрч эргэх газрыг л хувьдаж өгөөд
Адуу бэлчих хангайгаа торлож торлоод
Атган чинээ талбайгаа тулалдаан болгоод
Тэмээ салхидах газраа эзэн олгоод
Тэнгэрийн хаяа хязгаараа эвхэж нуугаад
Шандаст хурдан хүлгүүдээ унаад унаад явчихаж шүү
Шавартай намаг газраа л ул болгон хайрлаж уу?!
Дөрвөн цагийн нүүдэл минь арга баран аяарлажээ
Дөрөө шүүрэм бэлчээр алга болоод баларчээ
Ааль сайхан хүүхнүүдийн зан нь дагаад явчихлаа
Авир муутай хүмүүсийн ааш нь хөдлөөд үлдчихлээ
Аав хүү хоёр хэл амаа билүүдээд л
Ах дүү хоёул хэрүүл зодоон болоод л
Хал ахдах болсноос нутаг айгаад явжээ
Хайр татуу болсноос нутаг гомдоод явжээ
Хунт нуураа эзэн лусад нь буцааж өгөөд явж уу?!
Хурын үүлээ эцэг тэнгэртээ болгоож өгөөд буцаж уу?!
Царцаахай нь үхэж өгөхгүй зуныг түйвээж
Цагаан зуд нь явж өгөхгүй өвлийг түйдэж
Унагаж байсан ой мод нь
Улаан тоос болж
Үргэн дутаасан шугуйнууд нь
Үер болон цөлбөж
Хал ахдах болсноос нутаг айгаад явжээ
Хайр дутуу байснаас нутаг гомдоод явжээ
Бороотой ч хайргүй бол
Буцаж ирэхгүй юм гэнэ нутаг
Хайрлаж чадвал хургүй ч
Харьж ирэх юм гэнэ шүү нутаг
2002 он
