solongonews
Малчин Шинэбаярын малласан нутгийн үхэр үнэ хүрч байна
2017-02-16 16:56
“Ашгаар өндөр юм” гээд одоогийн зарим малчид гаднаас сайн үүлдрийн үхэр оруулж авчран малжих эсвэл үхэр сүргийнхээ үүлдрийг сайжруулж байхад бас зарим малчид нь орон нутгийнхаа үүлдрээ хямгадан өсгөж, түүнээсээ мөн үлэмж ашиг олоод явж байдаг.

Түүний нэг бол даруй Сөнид баруун хошууны Сайхантал суурины Дөхөм багийн  малчин Шинэбаяр юм.

Малчин Шинэбаярын нутаг бэлчээр төдий их биш ч тэр тэмээнээс бусад дөрвөн хошуу малаа өв тэгш малжиж явна. Тэдний үхэр тийм ч олонгүй ч мөн нутаг бэлчээртээ тохируулан гучаад нутгийн үхэр маллаж байгаа юм.Тэднийх хэдийгээр нутгийн үхэр маллаж байгаа ч нутгийн тугал нь намар худалдахад 5000 юаниас үнэд хүрч байдаг. “Ихэнх айл нутгийн тугалаа зарахад 3000 юаниас давахгүй байхад тэдний тугал яагаад шилдэг үүлдрийн тугалаас дутахгүй байдаг бэ” хэмээн үүний нууцыг тайлах гэж тэднийхнийг зорьж билээ.

— Танайх өнгөрсөн жил нутгийн тугалаа 5000 юань хүрсэн гэж хүмүүс ярилцаад байх юм. Энэ үнэн үү ? Тэгвэл танайх нутгийн тугалаа яаж ийм өндөр үнэд хүргэж чадсан вэ ?

— Нутгийн тугалаа 5000-д хүргэсэн нь үнэн. Манайх өвлийн төл тосдог болохоор намар зарахад бүр бяруу шиг болчихдог. Тэгээд л үнэд хүрдэг байхгүй юу.

— Өвлийн төл тосоход хялбархан уу? Яавал сая өвлийн төл тосож чадах вэ ?

— Бэлтгэл сайн бол өвлийн төл тосоход айхгүй. Өвлийн төл тосоход эх мал, бух тарга хүч сайн байх нь чухал.

— Өвлийн төл тосох нь хавар тосохтой хөдөлмөр хүч, бэлтгэл ажлын талаар ямар ялгаатай вэ ?

— Өвс тэжээл илүүхэн бэлдэхээс гадна хороо хашаа сайн байх хэрэгтэй. Хөдөлмөр хүчний хувьд бол дэмий ялгаа байхгүй. Тугаллах үнээгээ илүүхэн анхаарч , тугалыг нь хөлдөөхгүй мэнд тосох нь л чухал.

— Өвөл хаврын тугалыг зарахад орлогын хувьд ямар зөрөөтэй байдаг вэ ?

— Миний ажигласнаар өвлийн нэг тугал хаврын хоёр тугалын үнэ хүрч байна лай.

Малчин Шинэбаяртай нутгийн тугалаа үнэ хүргэж байгаа тухайн ярилцаж суухдаа малаа үнэ хүргэх гэвэл эрхбиш арга ухаанаа шалгах хэрэгтэй бөгөөд хөдөлмөрч байх хэрэгтэй гэдгийг үнэ ёсоор нь ойлгож билээ. Мөн ч орон нутгийн байдалдаа тохируулан нутгийн үүлдрээ сайн маллаж чадвал мөн адилхан өндөр ашиг олж чадна гэдгийг ч ойлгож билээ.  / Насандэлгэр /

 

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл