solongonews
“Ногоон зам”-ын үйлчилгээг хүсэж байна
2017-02-01 08:32
“Од” компаний ерөнхий захирал Аварга

- Компани болон компанийнхаа үйл ажиллагааг бидэнд товч танилцуулна уу?

- Манай компани 2003 онд Эрээн хотноо анх байгуулагдсан. Хүнд машин механизмыг Монгол Улсад нийлүүлдэг. 2007 онд Монгол Улс дахь салбар компаниа байгуулсан. Уул уурхайн хүнд даацын машин техник нийлүүлдэг бөгөөд Хятадын хамгийн нэртэй брэнд машин болох Хуа Вэй машиныг Монголд анх удаа манай компани нийлүүлж эхэлсэн. Уул уурхайн салбарт манай компанийн нийлүүлсэн Хуа Вэй машин ноёрхож байгаа. Манай компани машин техник нийлүүлэхээс гадна сэлбэг тоног төхөөрөмж хангаж, засварыг нь хийж өгдөг. Ер нь бүх үйлчилгээг хангаж байна.

- Эрдэнэт хивстэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн талаар сонирхвол?

- Монгол Улсын үйлдвэрлэсэн брэнд болсон сайн сайн бүтээгдэхүүнийг Хятад улсруу гаргахаар бодож явсан. Монголын хивсийг Хятад улсын иргэд хувь хүнээр дамжуулан маш ихээр захиалж авдаг. Эрдэнэт хивс Хятадад үйлдвэрлэсэн хивснээс зураг хийц гээд маш олон зүйлээрээ шал өөр байдаг. Энэ бүхнээс үүдээд Хятад улсад оруулж борлуулах, хэрэглэгчдэд ойртуулах, эдгээр бүтээгдэхүүнийг Хятад улсын иргэдэд таниулах зорилгоор Эрдэнэт хивсийг оруулах болсон.

- Өвөр Монголын гадаад худалдааны хөгжлийн тал дээр өөрийн ойлголт, сэтгэгдлээсээ хуваалцана уу?  

- Өвөр Монголын хувьд гадаад улсаас хамгийн ойрхон байгаа нь Монгол Улс юм. Манай компани Монгол Улстай арван хэдэн жил худалдаа наймааны холбоотой ажиллаж ирлээ. Жил ирэх тусам манай төрийн бодлого, хоёр улсын хооронд арилжаа наймаа хийж буй хүмүүсийн харилцаа илүү сайн болж байна. Жишээ нь Эрээн хотноо 2016 онд “Хятад, Монголын чөлөөт худалдааны бүс” гэж байгуулагдсан. Энэхүү чөлөөт бүсээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүний гааль татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах болсон. Энэ нь арилжаа наймаа хийж байгаа хүмүүст их ашиг тус хүртээж байна. Төрийн бодлого сайн байна гэж бодож байна.

- “Хоёр чуулган”-аар гадаад нээлтийг ахиулна гэсэн байгаа. Энэ талын төрийн бодлого таны ажилд үр нөлөөгөө үзүүлэх байх аа. Таны хүсэж байгаа зүйл юу байна вэ?

- Энэ талаар хамгийн их хүсэж байгаа зүйл гааль татварын асуудлыг сайн шийдэж өгөх хэрэгтэй байна. Мөн бичиг баримтын тал дээр “Нэг цонх”-ны үйлчилгээг нэвтрүүлбэл маш сайн байна. Бичиг баримт бүрдүүлэх ажил дээр их цаг хугацаа алдаж байгаа. Өөрөөр хэлбэл “ногоон зам”-ын үйлчилгээ буюу дамжлага багатай хялбар үйлчилгээг л хүсэж байна даа.

Зохиогч: Ц.УРАНТУНГАЛАГ, Б.ТУЯА
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл