Өвөр Монголд ой шугуйт 46 цэцэрлэгтэй бий. Экологийн том халхавч болж бүрэлдэн, аялал жуулчлалын чухал суурин болсон байна.
Өвөр Монгол байгалийн тогтцоороо байгаа 11 ой болон цөөн тооны тарьж ойжуулсан ойтой. Ойд 712 төрлийн хээрийн амьтан оршин амьдардаг бол 2718 төрлийн ургамал бий.

“Хөлөнбуйр тэмдэгт” тал нутаг ой шугуйн аялал жуулчлалын тусгай галт тэрэг 2020 оны 07-р сарын 04-ний өдрийн 09:00 цагт Хянган аймаг уруу мордлоо. Тус галт тэрэг нь Хөлөнбуйр хот Хянган аймгийг холбож, Хөлөнбуйрын тал нутаг, Цагааннуурын тал нутаг, Рашаан Улсын ой шугуйн цэцэрлэг зэрэг байгалийн үзэмжит бүс нутгаар өнгөрч, аялагчдад тал нутаг, ой шугуйн гоё сайхан үзэмж соёл иргэншлийг сонирхуулах болжээ.
Ой шугуй нь Өвөр Монголын аялал жуулчлалын чухал нөөц юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол Рашаан-Цайхэ, Цөнхлийн гуу, Гэгээн голын Хүйтний Тойлын тосгон зэрэг ой шугуйн аялал жуулчлалын үзэмжийн орныг хөгжүүлж, ой шугуйн аялал жуулчлалын зам шугамаа шилдэг болгож аялал жуулчлалын тусгай галт тэрэг нэвтрүүлж, ой шугуйн аялал жуулчлалыг хөгжүүлжээ. Одоогоор Өвөр Монголд Их Хянган давааны Хайлар нарсан ойгоос Алшаагийн заг хүртэл ой шугуйн 46 цэцэрлэг байрлах ба экологийн том халхавч болон бүрэлдэж, амьтан голтон, гол мөрөн өвөрмөц соёл иргэншилтэйгээ уялдан зохицож аялал жуулчлалын чухал суурин болсон билээ.

Экологийн “Номин ногоон урт хэрэм”
Өвөр Монгол нь Хятад улсын чухал ой шугуйн суурингийн нэг. Өвөр Монголын 7 дахь удаагийн ой шугуйн нөөцийн шалгалтад Өвөр Монголын ой шугуйтай газрын талбай 660 сая мү /1га =15мү/, ой шугуйн талбай 373 сая мү /1га =15мү/ хүрч, Хятад улсын муж хот өөртөө засах орны дотор тэргүүн байранд оржээ.
Өвөр Монголд зүүнээс баруун тийш Их Хянган давааны ой, Богд уулын ой, Далан хар уулын ой, Манхан уулын ой, Алшаа уулын ой зэрэг 11 байгалийн тогтоцтой ой тархаж байгаа бөгөөд хүний хүчээр ойжуулан тарьсан ой мод ч нэлээд бий. Өвөр Монголын ой шугуйд 712 төрлийн хээрийн амьтан оршин амьдарч, 2718 төрлийн ургамал ургадаг. Үүнд Хан уулын гацуур, нарс, улиас, Далан хар уул ба Алшаа уулын гацуур, нарс, Цөнхлийн гуугийн өргөн навчит ой зэрэг нь тун их эдийн засаг, шинжлэх ухааны судалгааны үнэ өртөг бүхий ховор ой модны төрөл зүйлд ороод байгаа юм.
Урт хугацааны хичээл зүтгэлээр ойжуулалт хийхээр дамжин Муу-Усын цөл газар “ногоон” өнгөөр хучигдан, Хөвчийн элс “ухран”, Хулан шарга даагын элс нь “номхров”. Боролдой, Сүх зэрэг элсийг засан ногооруулсан баатрууд гарч, элсэн цөлтэй дайн зарласан үе үеийн хүмүүсийн хамтын хичээл чармайлгаар Өвөр Монголд экологийн “номин ногоон урт хэрэм” сүндэрлэн бослоо.

Аялал жуулчлалын “номин ногоон эрдэнийн сан”
Цар тахлаас болоод үүдээ түр хаасан Улсын AAA зэрэглэлийн аялал жуулчлалын үзэмжийн бүс болох Олгуяа үзэмжийн бүс нь 2020 оны 06-р сарын 15-ны өдөр үүдээ нээж анхны зочноо угтан авлаа. Ой шугуйн аялал жуулчлалаар гол болгосон тус үзэмжийн бүс нь үзэмж сонирхох аялал жуулчлалаас гадна Олгуяагийн Эвенкчүүдийн хуримын ёслол, цаа бугын соёл зэрэг биет бус соёлын өвөөр дэлхийн хүмүүсийн анхаарлыг татаж байна.
Олгуяа үзэмжийн бүстэй адил Өвөр Монголын ой шугуйн аялал жуулчлал ганцхан үзэмж сонирхох үйлчилгээтэй байгаад “аялал +” болон хөгжиж, халуун рашаан, цас мөс, тал нутаг, галт уул зэрэг байгалийн үзэмж болон өвөрмөц онцлогтой ой шугуйн зан үйл уялдан хөгжиж соёл аялал жуулчлалын үйлсийн “номин ногоон эрдэнийн сан” болсон билээ.
Дэлхийн хамгийн их чадавхтай рашааны төрөл болох Рашаан–Цайхэ аялал жуулчлалын орны халуун рашааны нөөц нь Рашаан хотын аялал жуулчлалын үйлсийн гол татах хүч болов. Залан айл хотын Пэн Хуаншань уулын цасанд гулгах талбай, Улаанхад хотын Майран гуугийн цасанд гулгах талбай, Хөххотын ой шугуйн цэцэрлэг дэх Тайвэй цасанд гулгах талбай зэрэг нь ой шугуй ба цас мөс, цас мөс ба дасгал хөдөлгөөнийг уялдуулснаар улсын дотоод ба гадаадын цасанд гулгах дуртай хүмүүсийн ташаалд хүрсэн. Хөлөнбуйрын тал нутаг, Шилийнголын тал нутаг, Хорчины тал нутгийн уулзвар бүс болох Их Хянган давааны шугуйт орон нь өвс ургамал ой модны бүрхэц сайтайгаараа амрах, аялахад тав тухтай газар болжээ.

Эдийн засгийн “номин ногоон хөдөлгөх хүч”
Наймдугаар сарын Рашаан хотод нар налайж навч ногоорон, агаар нь хүртэл цээж онгойлгоно. Рашаан хотын ой шугуйн соёл иргэншлийн соёлын аж үйлсийн ХК-д хэдэн бүсгүй уйсан зураг хайчлан тун завгүй байлаа.
- Уйсан зураг хийхийг 2017 оноос эхлэн сурсан. Одоогоор сард уйсан зургаар 2000 юанийн орлого олж байна гэж Рашаан хотын иргэн Хү Чанюүнь ярив.
Рашаан хотын аялал жуулчлалын хөгжлийг даган ой шугуйн соёл иргэншлийн бүтээгдэхүүний борлуулалт сайжран, аялал жуулчлалын барааны төрөл баялаг болж, хотын эдийн засгийн хөгжлийн “номин ногоон хөдөлгөх хүч” болов. Рашаан хоттой адил Өвөр Монголын холбогдох газрынхан бүс нутгийн онцлог, өвөрмөц ой шугуйн нөөцөө ашиглан ой шугуйн аялал жуулчлалын төрөл зүйлдээ төлөвлөлт хийж, аялал жуулчлалын тоног төхөөрөмжөө шинэчлэн эдийн засгийн орлогоо нэмэгдүүлж байна.
2019 оны “10 дугаар сарын 01-ний амралт”-ын хугацаанд Өвөр Монголын 28 гол аялал жуулчлалын үзэмжийн орны хүлээн авсан аялагчийн тоо Өвөр Монголын хүлээн авсан аялагчийн ерөнхий тооны 11.5 хувийг эзэлж, аялал жуулчлалын бүх орлого нь Өвөр Монголын аялал жуулчлалын ерөнхий орлогын 5 хувийг эзэлсэн байна. Үүнд Алшаагийн Тооройн ойн аялал жуулчлалын орон, Хянган аймгийн Рашаан улсын ой шугуйн цэцэрлэг, Улаанцав хотын Сум уулын аялал жуулчлалын орон зэргийг хамарч байна. Энэхүү тоо баримтаас бид ой шугуйн аялал жуулчлалын чухал чанар ба хөгжлийн далд хүчийг ойлгож болох бөгөөд хамгийн чухал нь шугуйт орны иргэд ой шугуйн аялал жуулчлалаас бодит үр ашиг хүртсэн гэдгийг мэдэж болох юм.

2020 оны 15 дахь удаагийн Алшаагийн баатруудын уулзалт 10-р сарын 01-ний өдрөөс 05-ны өдөр хүртэл Алшаа зүүн хошуунд болжээ. Машин тэргэнд дуртай хүмүүсийн сонирхлыг татсан тус уралдаан нь анх зохион байгуулагдсанаас хойш соёл аялал жуулчлалтай салшгүй нягт холбоотой байж, Дүн Пэн сансрын хот, Бадайн жарны элс, Тооройн ойн үзэмжийн оронтой хамт “Алшаагийн баатруудын уулзалт + Өвөр Монгол бүсийн аялал жуулчлал”-ын шинэ загварыг бий болгож, Алшаа аймгийн соёл аялал жуулчлалын гялс цэг, эдийн засгийн орлогын чухал эх үүсвэр болжээ.
Эзэнэгийн тооройн ойн үзэмжийн бүс, Их Хянган давааны шугуйт бүс, Рашаан-Цайхэ, Хорчин зүүн гаран хойд хошууны Цөнхлийн гуу, Улаанхадын Майран гуу, Алшаа уул зэрэг Өвөр Монголын ой шугуйн аялал жуулчлалын бүс нь нэгэнт улсын дотоод ба гадаадын аялагчдын анхааралд хүрч, Өвөр Монголын ой шугуйн аялал жуулчлал дөрвөн улирлын аялал жуулчлал болж бүсийн аялал жуулчлал уруу эрчимтэй ахиж байна.

