Ер нь хүссэн санаснаа хийж биелүүлж явна гэдэг хүний сайхан жаргал. 58 настай Баянчимэг гэгч нэгэн ухаан сэргэлэн, ажилсаг хөдөлмөрч бүсгүй. Тэр 20 га талбайтай бэлчээрт адуу малаа маллан, бие муутай эр нөхрөө асран харгалзаж аж төрж явсан. Буйдхан нутагт мал маллаж амьдарна гэдэг мөн ч амар үгүй явдал. Ган гачигтай жилд хөдөө нутгийн малчин айлуудын хувьд үүнээс өөр хүнд явдал гэж хаа байх билээ. Жилээс жил нутаг бэлчээр нь тачирдаж байгаа байгаль ахуйн нөхцөлд үргэлжлэн мал тэжээхэд орлогын тогтвортой нэмэгдлийг батлахад хэцүү болсныг Баянчимэг мэдэрсэн байна. Тэрээр 2000 оны эхээр хошууны төв Мянгат сууринд ирж, Булгантухай сумны амуу будааны өртөөнөөс тэтгэвэрт гарсан хууч өвчинтэй эр нөхрөө харгалзаж сувилахын зэрэгцээ танил ах дүүгийнхээ зөвлөж танилцуулснаар хоолны газар, цайны өрөө, цагаан идээний газраар арав гаруй жил хөлс хүчний ажил хийж, хүнд бэрхийг ялан давж, 2016 онд удаан өдөр зузаан хоногийн хүсэл бодлоо тэргэлшүүлэхээр Мянгат суурингийн өмнөх гудамжинд 20 мянга гаруй юаний хөрөнгө оруулж, 7000 юаниар байр түрээсэлж өөрийн “Ногоон хөв цайны мухлаг”-гийнхаа өрхийг сөхөж үүдийг нээв.
Баянчимэгийн “Ногоон хөв цайны мухлаг” өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Мах, сонгино хоёр зүйлийн цул монгол найрлагатай хонины махан бууз хийж, үнэр амт, үнэ ханш, үнэнч итгэлтэй үйлчилгээрээ олны дунд онцлогдон үйлчлүүлэгдчийнхээ сэтгэлд хүрчээ. Үүдээ нээсэн өдрөөсөө эхлээд өөдтэй байлаа. Мөн хошуу дүүргийн хүмүүсийн захиалгаар айл гэр, газар оронд нь шууд хүргэж өгдөг бөгөөд өнгөрөгч цагаан сар Хөххот, Шилийнхот, Шулуун Хөх хошуу, Хөвөөт Шар хошуу, Сөнид Зүүн хошуу зэрэг газруудаас бууз захиалж, Баянчимэг авто машинаар хүргэж өгсөн байна. “Ногоон хөв цайны мухлаг” үүдээ нээсэн өдрөөс өнөөдрийг хүртэл өдөрт 500 — 600 юаний цэвэр орлоготой.
Зөв алхаж зоригтой ажиллавал үйлс өөдөө байдаг. Хөдөөгийн борхон бүсгүй Баянчимэг хөнгөн ухаан хөдөлмөр зүтгэлээрээ хот орж хөдөлмөр эрхлэн байгаль орчноо сэргээн хамгаалж, орлогоо нэмэгдүүлнэ гэсэн холын бодлоор олныг тунгааж, хөлөө олж явна.
