solongonews
Уламжлалт сурын соёлоо өвлөж яваа малчин Отгон
2017-01-20 15:48
Монголчууд нүүдлийн амьдралд үхрийн арьсыг элдэж боловсруулан шир хийж сур болгон эдэлж хэрэглэсээр хэдэн зуун жилийн түүхтэй болсон аж.

Гэсэн хэдий ч одоо цагт сурын тухай ойлгох хүн олон байхаас биш, харин уламжлалт аргаар үхрийн арьсыг боловсруулан элдэх тухай мэдэх хүн бараг алга болсон байна. Харин бидний нутагт уламжлалт аргаар үхрийн арьсыг боловсруулан элдэж суран эдлэл хийж яваа нэгэн хүнийг танилцуулахад таатай байна. Тэрээр Үзэмчин баруун хошууны Баянхуа суурингийн Баянтөгрөг багийн ахмад малчин Отгон болно.

2014 онд бага насандаа сурч эзэмшсэн уламжлалт аргаар үхрийн арьсыг боловсруулан суран эдлэл хийхийг зорьж Отгон гуай хошуун дээр байр түрээсэлсэн байлаа. Тэгээд эмээл засаж сэлбэх багаж хэрэгсэл, үхрийн арьсыг боловсруулах чулуун ган зэргийг бүрэлдүүлэн ажлаа эхлүүлсэн байна.

Отгон урьдаар үхрийн арьсанд дагалдсан идээ махыг арилган цэвэрлэж, дараа нь арьсан дээрх үсийг нь хусаж авдаг. Зуны улиралд том чулуун ганд цул айргийн цагаа хольсон шар усыг давс, хужиртай хольж 45 хоног орчим даршлан боловсруулдаг. Өвлийн улиралд 60 хоногийн хугацаатай боловсруулдаг байна. Тэгээд өдөр хоног нь болоход шар уснаасаа шүүн гаргаж, хагас хатаасны дараа хар будгаар будах ажил явагдана. Үүний дараа шир боловсруулахад хэрэглэдэг тусгай бааз чулуун талхи буюу модон талхиар элдэж хүний хүчээр 1500 удаа элдэж дарсны дараа тослох ажил эхэлнэ. Тосолж дууссаны дараа дахин 500 удаа элдэж дардаг. Ингэснээр сур болгон хэрэглээнд ордог байлаа. Отгоны хүүхдүүд нь ч аавынхаа ажлыг ихээхэн дэмждэг байж, малынхаа арьсаа аавдаа авчирч өгдөг болжээ.

Тэгээд элдэж боловсруулсан сураараа ногт хазаар зангидах, чөдөр мушгих, зодгийн бүс, уурга хийх, гуйвч хийх, үхрийн эвхэч хийх, ганзаган сур зүсэх зэрэг морь унаа эдэлж хэрэглэхэд хэрэгтэй зүйлүүдийг урлан хийдгээс гадна бас хуучин эмээлийг сэлбэн засах ажлыг биелүүлдэг. Энэхүү уламжлалт сур хийх ур ухааныг үр хүүхдүүддээ өвлөн уламжлахаар хичээн ажилласаар байна.

- Хуучин эмээл засахад 500-600 юань, шинэ эмээл зангидах 8000 гаруй юань, ногт зангидвал 260 юань, хазаар зангидвал 360 юань, суман бүрээтэй ташуур 180 юань, 16 сураар зүссэн ганзаган сур 500 юань, 24 сураар зүссэн ганзаган сур 700 юань зэргийн үнэтэй гэж хийсэн зүйлийнхээ үнэ ханшийн тухайн бидэнд ийнхүү танилцууллаа.

Отгоны боловсруулсан сур хол ойрынхондоо зөвшөөрөгдсөн захиалга ихтэй. Тэрээр ганц арьс элдэж суран эдлэл хийх, эмээл засах ажлыг хийдэг биш, харин зав чөлөөгөөрөө монгол гэрийн эдлэл хэрэгсэл авдар хорго, аяганы ширээ, уламжлалт модон сав зэрэг нүүдлийн амьдралд холбогдох зүйлсийг ч хийдэг билээ.

- Бидний Монголчууд эрт дээрээсээ нүүдлийн амьдрал, нүүдлийн соёлоороо хорвоод алдаршсан нүүдэлчин үндэстэн. Одоо нүүдлийн соёл минь орхигдон мартагдаж байгааг бодохоос зүрх шимширдэг. Би бие тэнхээ сайн байхдаа өвлөж сурсан, нүүдлийн амьдралд хэрэглэсээр ирсэн суран эдлэл, арьс ширийг элдэж боловсруулах, эмээл засах зэрэг ур ухаанаа үр хойчдоо уламжлан үлдээх зорилгоор хичээн зүтгэж байна хэмээн ярьж байв.

Зохиогч: Х• БУЯНДЭЛГЭР
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл