Натурал Текстайл Группийн Монгол Улсын хөдөө аж ахуйн нөхөн сэргээгддэг баялгийн нэг болох хонины ноосыг ашиглан стратегийн ач холбогдолтой хөнгөн үйлдвэрлэл хөгжүүлэх эхлэл тавьснаар “Эрдэнэт Хивс” ХХК үүсгэн байгуулагдсан билээ.
“Эрдэнэт Хивс” ХХК нь үүнээс даруй 30 гаруй жилийн дараа 1100 орчим ажиллагсадтай, монгол ямааны ноолуур, хонины болон тэмээний ноос, сарлагийн хөөврийн хувьсамтгай шинж чанарыг туршин боловсруулсаар үндэсний брэнд үүсгэж, олон нэр төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаад худалдаа үйлчилгээ эрхэлдэг үндэсний тэргүүлэгч компани болтлоо өргөжин дэвжсэн байна.
Хувь нийлүүлэгчдийн 2014 оны хурлын шийдвэрээр “Эрдэнэт Хивс” ХХК-ийн бизнес нэгжүүдийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, цаашид хөгжлийн шинэ шатанд гаргахаар “Натурал Текстайл Групп” толгой компани байгуулж, “Эрдэнэт Хивс” ХХК, “Эрдэнэт Текс” ХХК, “Эрдэнэт Кашмер” ХХК, “Орхон Инженеринг Менежмент” ХХК охин компанийн зохион байгуулалтад орсон юм.
Малын гаралтай, натурал түүхий эдээр үйлдвэрлэл явуулж буй тус группийн хувьд дэлхий нийтийн хэрэглэгчдийн чиг хандлага байгалийн натурал ширхэгтээр хийсэн, хүний бие, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглэхэд давшингуй шилжиж байгаа өнөө үе шавхагдашгүй өргөн боломж, нөгөө талаар бидний хамтын чадварыг сорих шалгуур болж байна.
- “Эрдэнэт Хивс”-ний салбарыг Өвөр Монголд сонгож нээсэн шалтгаан юу вэ?
Хамгийн их сайшаалтай хүлээн авч чадахаар гаднын улсын экспортын зах зээлийг бид судалж үзсэн. Сүүлийн 10 жил 20 гаруй улс оронд экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Энэ монгол загварыг бид Монголд зардаг бол Өвөр Монголд авч ирээд тавихад Өвөр Монголын хэрэглэгчид маш таатай хүлээж авдаг. Тиймээс соёл иргэншил болон хүмүүсийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн бидэнд байгаа. Энэ бүтээгдэхүүнээ тавьж танилцүүлж байна. Үүнийг дагаад бид ч тодорхой өртгөө бууруулж чадаж байна. Өвөр Монголын бас нэг сайхан зүйл байдаг нь Монголд хийсэн бараа бүтээгдэхүүнийг маш таашааж хүлээж авдагт байгаа юм.
- “Хоёр чуулган”-аар гадаад нээлтийг ахиулна гэсэн байгаа. Энэ талын төрийн бодлого танай компанийн ажилд дэмжлэг болох байх. Таны болон танай компанийн зүгээс хүсэж байгаа зүйл юу байна вэ?
Хоёр улсын бүтээгдэхүүний хооронд гэхэд хэд хэдэн зүйл ажиглагдаж байна л даа.
Бие биенийхээ сурталчилгааныхаа сувгийг нээж өгөх хэрэгтэй. Жишээ нь Хятадын зах зээлд орж ирэхэд хүндрэлтэй зүйл нь маркетинг борлуулалтын зардлыг асар өндөр гаргаж байгаа. Бусдаас ялгарч онцлог байхын тулд юм. Бид Бээжин хотыг сонгож үзсэн. Бээжин хотноо салбар дэлгүүрээ нээж болно. Гэвч тэнд нэг зурагтад гэдэг юм уу сурталчилгаа өгөхийн тулд асар их зардал гаргана. Тиймээс Хятадын зах зээлд ямарваа үйлдвэрлэл орж ирэх магадлал хүндрэлтэй болно.
Гаалийн тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Харилцааны хувьд маш олон санамж бичиг зурсан, зурж байгаа. Тэгвэл энэ санамж бичгүүдийн хэрэгжилтэд хяналт тавьбал зүгээр юм болов уу гэж бодож байна.
Мэдээллийн чөлөөтэй урсгал хэрэгтэй. Ялангуяа бизнес эрхлэгчдэд мэдээллийн чөлөөт урсгал хэрэгтэй байна. Бид мэдээлэл дээр тоглоно. Мэдээллийн урсгал гэдэг зүйл дутаж байгаа.
Монголын томоохон сувгуудтай хамтарч ажиллаж, мэдээллийг түгээх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм.
