solongonews
Тэмээний уралдаанаар мялаалгасан шинэ гэрийн цайллага
2017-02-22 11:16
Шинийн наймны нар налайж дулаахан. Алшаа баруун хошууны Мөнгөн сумын Шилийнбулаг багийн Баяндайн гэрт хол ойрын зочид цуглан, тэмээ ирэхийг хүлээнэ.

Насаараа тэмээчин явсан Баяндай өнгөрсөн жил шинэ гэр бариад ийнхүү цагаан сарын шинийн найманд шинэ гэрийн цайллага хийж байгаа нь энэ билээ. Баяндай 150 мянган юаниар 140 хавтгай дөрвөлжин метр талбайтай шинэ гэр барьжээ. Малын буянаар босгосон шинэ гэрийн цайгаа Баяндай хот газрын хоолны газар хийсэнгүй, харин хийморь сэргээе гэж тэмээний уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулсан байлаа. Хурдан тэмээний уралдаанд 28 тэмээ уралдаж, бөхийн барилдаанд 32 бөх зодоглосон хангай говийн ханагар сайхан наадам болжээ. Баяндайн тэмээний уралдааны айргийн тавын шагнал нь таван хошуу мал байсан болохоор ёстой малчин хүний буян дэлгэрсэн наадам болсон юм.

- Цагаан сараар нутгийн малчин, мал унаагаа баясгахаар хөдөө шинэ гэрийн цайллагаа хийсэн. Тэмээний уралдаанд Алшаа зүүн хошуунаас тэмээ ирсэн. Тэмээний тэргүүнийг тэмээ, дэд байрыг адуу, 3-р байрыг үхэр, 4-р байрыг хонь, 5-р байрыг ямаагаар шагналаа. Бөхийн наадамд Шилийнголын бөх ч ирсэн. Хол ойрын зуу гаруй хүн цугласан сайхан наадам болсон гэж Баяндай ярьж байлаа.

Цагийн аясыг дагаж, хатуу хөдөлмөр, шинжлэх ухаанчаар малаа маллаж яваа Баяндай тахиа жилдээ илүү олон асуудлыг бүтээх хүсэлтэй.

- Өнгөрөх жил шинэ гэрээ бариад ингээ сааж чадсангүй. Энэ жил ингээ сааж сүүгээ худалдана. Борлуулалтын арга замыг өргөн болгож, интернэтийг ашиглан борлуулалтаа сайжруулах бодолтой байна гэж ирээдүйн төлөвлөгөөгөө хуваалцлаа.

Зохиогч: ЦОЛМОН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл