solongonews
Өсвөрийн хүүхдэд жигүүр ургуулсан эрдмийн гар
2017-03-21 11:49
Сурган хүмүүжлийн үйлсэд шуурхайлан зүтгэж, олон олон мэргэжилтэн хүмүүжүүлж буй багш хүн магтууштай. Тэр дундаа Содцэцэг багшийг дурдахад ажлын амжилт нь хүмүүсийг гайхшруулна.

Тооны багш— Содцэцэг

Тооны ухааны багшийн хувьд Содцэцэг 30 гаруй жилийн заах аргын явцад заах арга маягаа төгөлдөржүүлэн шинэчлэлийг баримталсаар иржээ.

Сурагчдын хичээлд оролцох идэвхийг нэмэгдүүлж, тооны хичээлд сонирхолтой болгох үүднээс Содцэцэг багш 90-ээд онд “Оролдлогот заах арга ба баясгалант заах арга”-ыг идэвхтэй хэрэглэжээ. 2014 онд Өвөр Монголын заах аргын тасгийн бага сургуулийн тооны хичээлийн заах аргаас шаардсан “Гурван алхамт заах арга”-ыг идэвхтэй хэрэглэж, сурагчид өөрөө оролдож, тархи толгойгоо хөдөлгөх, хамтдаа суралцах аргыг сүвэгчилж, заах аргаа тасралтгүй дээшлүүлсэн байна.

- Багш хүн гэдэг сурагчдад мэдлэг уламжлахдаа хэрхэн эзэмшүүлэх нь хамгийн чухал. Заах аргын арга хэлбэрээ тасралтгүй сайжруулж өөрчилж байж цаг үетэй зохицож, сурагчдын хүсэл шаардлагад хүрч чадна гэж Содцэцэг заах аргын тухай амжилтаа дэлгэнэ. Ийнхүү сурагч бүхэнд хариуцах байдлаар заах аргын судалгаа хийж, дутагдлаа нөхөн төгөлдөржүүлж, тасралтгүй хичээсний дүнд түүний даасан ангийн тооны хичээл Шилийнгол аймгийн хэмжээнд 7 удаа, Хөвөөт шар хошууны хэмжээнд 6 удаа шилдэг үнэлгээ хүртжээ. 2013 оны 3 дугаар сард “Шилийнгол аймгийн дунд бага сургуулийн алдарт багш”-ийн яруу алдрыг хүртсэн нь өсвөрийн хүүхдийн хүслийг жигүүрлэн, ирээдүйн наран зүг хөтөлж яваа дархан үйлсэд зүтгэж явсны гэрч болжээ. 2015 онд Шилийнгол аймгийн Заах аргын товчооноос тус хошууны туршилтын нэгдүгээр бага сургуульд “Алдарт багш Содцэцэгийн зааж жолоодох тасаг”-ыг байгуулж, одоо тус зааж жолоодох тасагт 10 гаруй багш ажиллаж байгаа аж. Содцэцэг багш зааж жолоодох тасгийн багш нараа дагуулан заах аргын цуврал үйл ажиллагаа зохион байгуулж, Шулуун хөвөөт шар хошуу, Шулуун хөвөөт цагаан хошуу, Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошууны монгол бага сургуульд “Гурван алхамт заах арга”-ын туршлага солилцох үйл ажиллагаа зохион байгуулж, 160 гаруй багшид заах аргын арга маягийн тайлбар хийж, багш сурагчдын өндөр үнэлгээг хүртжээ.

Ахлах ангийн сургалтын эрхлэгч — Содцэцэг

Шилдэг багш болсон тэр ахлах ангийн сургалтын эрхлэгчийн ажлын байранд өөрийн хэмээх хувь нэмрээ өргөж явна. Содцэцэг багш 1988 оноос 2007 он хүртэл 19 жилийн хугацаанд сургуулийнхаа ахлах ангийн сургалтын эрхлэгч багшийн ажлыг хариуцаж, хүүхэд эрүүл чийрэг өсөхөд тусалсаар иржээ. Сурагч бүрийг маш сайн харж хамгаалахын тулд үргэлж сурагчидтай сэтгэлээ хуваалцан ойлголцож, эцэг эхтэй нь мөн ярьж ойлголцохыг зорьдог. Сурагчдын суралцах орчин нөхцөлийг илүү сайн болгохын тулд сурагчдын бие сэтгэлийн эрүүл мэндэд ашигтай соёлын үйл ажиллагааг ч зохион байгуулдаг. Үүнд “Тал нутгийн бяцхан бүргэд”, “Үзэсгэлэнт сайхан миний нутаг”, “Хөдөө нутаг дахь нэг долоон хоног”, “Миний тоглоом-шагай” зэрэг тусгай сэдэвт үйл ажиллагаа нь хүүхдүүдийн таашаалд их хүрсэн юм. Тус сургуулийн хошууч анги хоёр удаа Хятадын “Улаан тугч хошууч ахлах анги”-ийн яруу алдрыг хүртэж, “Алунгоо эхийн таван мөсөөр хүүхдээ сургасан нь” хэмээх хичээлийн жүжиг нь 2004 онд Өвөр Монгол, Шилийнгол аймгийн хичээлийн жүжгийн нэгдүгээр байранд оржээ. Мөн 2008 шагайгаар хийж бүтээсэн олимпийн таван цагригийн бүтээл нь Өвөр Монголын хошууч ангийг төлөөлж Бээжингийн олимпийн үзэсгэлэнд дэлгэгджээ.

Сургуулийн дэд захирал — Содцэцэг

Сурган хүмүүжлийн үйлсэд бүхий л хайраа юүлэн зүтгэдгийн хариуд түүний заах аргын чадвар, ажиллах чадвар нь хамт олондоо мэдрэгдэж, 2007 онд дэд захирлын удирдах байранд дэвшжээ. Сургуулийн дэд захирлын ажил үүргийг хариуцахдаа тэр заах аргын яс чанарыг дээшлүүлэхийг тэргүүн байранд тавьж, үргэлж багш нараа дагуулан ажлаа дүгнэдэг. 2007 оноос сургуулийн хэмжээнд нээлттэй хичээл зохион байгуулж, сурагчдын бодит байдалд хандан, хичээлийн заах аргад тасралтгүй өөрчлөлт хийх, шинийг санаачлахаар хичээсээр байна. Тэрээр хүүхдүүдийн монголоороо уншиж ойлгох чадвар муу байгаа нөхцөл байдалд хандуулан монгол хэлний заах аргад зоригтой сүвэгчлэл хийв. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтад бичгийн шалгалт авахаа больж, сурагчдын уншин ойлгох чадварыг шалгах болсноор сурагчдын монгол хэлний уншин ойлгох чадвар маш их дээшилсэн байна.

Шилдэг багш хүмүүжүүлэх нь сурган хүмүүжлийг ахиулах зангилгаа болно. Тэрээр залуу багшийн хичээлийг хагас жилд 80 цагаас дээш сонсохыг баримталж, залуу багш нарт санал сануулга өгч, ажлын талын туслалцаа дэмжлэг үзүүлж ирснээр тус сургуулиас шилдэг залуу багш олноор төрөн гарчээ.

Содцэцэг багш ийнхүү үндэстний сурган хүмүүжлийн үйлсэд эрс бат итгэл бишрэл, эрэмгий чанга баримтлалаар 30 гаруй хавар намрыг туулж олон хүүхэд хүмүүжүүлэн гаргаж, үндэстний соёлын цэцэглэлтэд хүчин нэмрээ өргөн явна.

Зохиогч: Хана
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл