Бүх Хятадын боловсон гэр бүлийг тодруулах анхны хурал энэ сарын 12-ны өдөр нийслэл Бээжинд болов. Шилийнгол аймгийн Авга хошууны Хонгоргол суурингийн Ганганшил багийн Т.Түмэнбаярынх оролцож, “Бүх Хятадын боловсон гэр бүл” гэх яруу алдрын шагнал хүртсэн нь Шилийнгол түмний чихний чимэг, цээжний омогшил болж билээ.
Энэ удаагийн Бүх Хятадын боловсон гэр бүлийг “Улсаа хайрлан хуулийг сахих, ёс суртахууныг эрхэмлэх, эрх тэгш эв найрамдал, ажилч хөдөлмөрч үнэнч итгэлтэй, гэрийн хүмүүжил шилдэг, гэрийн суртал боловсон, арвич гамтай, нийтийн асрамжийг халамжилдаг” гэх найман стандартаар шалгаруулсны эцэст Хятад улсын олон газраас тодрон гарсан 300 гэр бүлийн дунд Өвөр Монголын долоон гэр бүл багтсан бол Шилийнгол аймгаас Т.Түмэнбаярынх сонгогджээ. Ийнхүү хамтдаа Т.Түмэнбаярынхтай танилцъя.

Т.Түмэнбаярынх халуун ам бүлээрээ
Т.Түмэнбаярынх жирийн малчин айл. Гэргий, хүү охинтойгоо ам бүл дөрөв. 2001 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хөдөөдөө хоёр хүүхдийнхээ нэрээр нэрлэсэн “Бүрэн Тансаг” номын өргөө үүсгэн байгуулж, мянган номтой өрх сөхсөн юм. Энэ нь тухайн үедээ Шилийнгол аймгийн хэмжээн дэх хамгийн анхны малчин айл өөрөө санхүүжүүлэн байгуулсан хөдөөний номын сан байсан. 2003 онд 100 гаруй мянган юань зарцуулан, 80 метр квадрат талбайтай номын өргөө бариулж, 50 хүний багтаамжтай ном унших боломж нөхцөлийг бүрдүүлсэн өрөө, хошуу аймгаас 2000 ном сэтгүүл оруулж байсан бол өнөөдөр хөдөө аж ахуйн хэрэглээний мэргэжил, үлгэр түүх, уран зохиол, сонин сэтгүүл зэрэг 60 гаруй төрлийн 12 мянга гаруй номтой болж, жилийн ном уншигчийн тоо 1500 хүнд хүрдэг болов. 15 жилийн хугацаан дахь ерөнхий хөрөнгө оруулалт нь 400 мянган юаньд хүрч, өргөн нөлөөтэй, үлэмж хишигтэй номын өргөө болжээ. Т.Түмэнбаяр мөн малчдын захиалсан сонин сэтгүүлийг үнэ төлбөргүй гэрт нь хүргэдэг бол 2011 онд 1000 өрхөд 1000 ширхэг сонин хүргэсэн түүхтэй нэгэн.
- Өрх гэр гэдэг бол их нийгмийн доторх бага нийгэм юм. Бага нийгэм эв бүтэн байвал улс гэр энх амгалан байж чадна. Тиймээс эв бүтэн, боловсон гэр бүл дээдээс уламжилсан боловсон хэв суртал, шилдэг гэрийн хүмүүжлээр үр хойчоо хүмүүжүүлэхээс гадна гэр бүлийн гишүүн нэг бүр ажилч хөдөлмөрч, арвич гамтай, улс гэрээ хайрлан, хууль дүрмийг сахин, олон түмэнд үйлчлэх өндөр ухамсартай байхад ном эрдмээр тархи толгойгоо зэвсэглэх нь хамгийн чухал гэж би өөрөө боддог. Хоёр хүүхэд минь оюутан болж, манай гэр бүл аз жаргалтай байх нь номын өрөөний маань ач тус их байдаг. Тэгэхээр үндсэн шатны малчин түмнийхээ соёл боловсролын түвшинг дээшлүүлэхэд үйлчлэх нь миний болон манай гэр бүлийн үүрдийн хүсэл мөрөөдөл болно гэж Т.Түмэнбаяр ярилаа.

Т.Түмэнбаяр гуай
Т.Түмэнбаярын гэр бүлд олгосон “Бүх Хятадын боловсон гэр бүл” гэх яруу алдар нь эдний гэр бүлийн хувьд долоо дахь улсын зэрэглэлийн өргөмжлөл билээ. Тэднийх мөн “Бүх Хятадын таван сайнтай гэр бүл”, “Бүх Хятадын таван сайнтай гэр бүлийн дуурайл”, “Бүх Хятадын сайхан гэр бүл”, “Бүх Хятадын номын буянт өрх” гэх яруу алдрыг хүртэж байсан бол Т.Түмэнбаяр өөрөө “ Бүх Хятадын арван содон уншигч”, “Бүх Хятадын хос үйлчилгээний тэргүүний хувь хүн” гэх яруу алдрыг хүртэж байжээ.
- Нэг ажлыг цуцалтгүй хийвэл нийгэм нийтэд танигдаж мэдрэгдэнэ. Өнөөдөр манай гэр бүл улсын зэрэглэлийн боловсон гэр бүлийн яруу алдрыг хүртэв. Энэхүү яруу алдар ганц манай гэр бүлийнх биш, бүх Шилийнголын ард түмний хамтын яруу алдар гэж бодож байна. Миний хувьд энэхүү яруу алдар бол өчигдрийн ажлын үнэлэлт, мөн маргаашийн урамшуулал болно гэж Т.Түмэнбаяр шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцав.
