solongonews
Тал нутгийн гэрэлт сувд-Шилийн хот
2016-12-23 11:12
- Шилийнхотын хөгжил өөрчлөлтийн тухай хураангуй

“Тал нутгийн гэрэлт сувд” хэмээн алдаршсан Шилийнхот нь Шилийнгол аймгийн улс төр, аж ахуй, соёлын төв болно. Шилийнхот нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны дунд хэсэгт байрлах бөгөөд Бээжингийн хойд талд байрлаж байдаг. Шилийнхотын нийт 14785 кв.м нутаг дэвсгэртэй. Үүнээс хотын бүтээн байгуулалтын талбай нь 37.5 кв.м байдаг. 2015 оны тоо бүртгэлийг үндэслэвэл, хотын хүн ам 263000 -д хүрч, Монгол, Хятад, Хотон, Манж, Төвд, Солонгос, Уйгар, Эвенк зэрэг 30 гаруй үндэстэн төвлөрөн суурьшдаг. Үүнээс Монгол үндэстний хүн амын тоо 50900 ажээ.

Шилийнхотын байгалийн баялаг элбэг, нүүрс, чулуун тос, Молибэнт, герман зэрэг 30 гаруй төрлийн баялагтай. Үүнд хүрэн нүүрсний нөөц 33.7 тэрбум тонн, чулуун тосны нөөц 200 сая тонн байдаг. Германы нөөц 3300 тоннд хүрч тус тус Хятад улсын нөөцийн 68 хувь, дэлхийн 38 хувийг эзэлж байна. Тиймээс Шилийнхот нь Хятад улсын том хэлбэрийн эрчим хүчний суурин газар болсон юм. Шилийнхотын салхины эх үүсвэр ч сайн, жилд цахилгаан хангах цаг нь 3000 цагт хүрдэг.

    Дэлхийн дөрвөн их тал нутгийн нэг болох Шилийнголын тал нутагт байрладгаараа Шилийнхот эртнээс мал аж ахуйгаа хөгжүүлсээр ирсэн билээ. Мал аж ахуйгаа хөгжүүлэхийн хажуугаар тал нутгийн экологийн малын ашиг шимийг боловсруулахыг чанга баримталсаар ирсэн бөгөөд Хятад улсын экологийн малын ашиг шимийг боловсруулах суурин газар болсон юм.

Үзэсгэлэнт сайхан Шилийнхот уул, тал, ус мөрөн, гол горхи элбэг байдгаас амьтан жигүүртний оршин амьдрах сайхан орон болж, хун шувуу, бүргэд, хайраацай, зээр, бор гөрөөс, үнэг, чоно зэрэг 624 зүйлийн амьтан оршин амьдардаг аж.

Шилийнхотын зам тээврийн хөгжил маш сайн. Төмөр зам, засмал зам, агаарын зам бүгд нэвтэрсэн тул нааш цааш явж суухад ихээхэн амар хялбар байдаг. Шилийнхотын хязгаар дахь засмал замын нийт урт нь 1367 километр, 207, 303 улсын зэрэглэлийн засмал зам болон 514 мужийн зэрэглэлийн засмал зам бүгд үүгээр дамжин өнгөрч байдаг ба Шилийнхотоос Жанчхүү хүрэх хурдны зам ч 2016 онд бүх шугамаараа машин унаа нэвтэрсэн тул умарш Эрээн, Зүүн Хатавч зэрэг хилийн боомт, зүүнш зүүн хойдын гурван муж, баруун тийш Хөххот, Бугат, Ордос, өмнөшөө Бээжин, Тяньжинь зэрэг газар орны дээд зэрэглэлийн зам шугамтай холболдсон байдаг. Төмөр зам ч өдрөөс өдөр хөгжиж, Шилийнхотоос Сангийн далай хүрэх, Шилийнхотоос Долоннуур хүрэх, Шилийнхотоос Улаанхад хүрэх гурван улсын зэрэглэлийн төмөр замтай бөгөөд Шилийнхотоос Эрээн хот хүрэх төмөр зам ч энэ онд ашиглалтад орсон байна. Мөн Шилийнхотоос нийслэл Бээжин хүрэх төмөр замыг яг тавьж байгаа аж.

Шилийнхотын нисэх онгоцны буудлын хувьд 4C зэрэглэлтэй бөгөөд Бээжин, Тяньжинь, Хөххот, Ши Ань, Шэньян, Далянь, Гуанжөү, Шанхай зэрэг газарт нислэг үйлддэг байна. Өнөөдөр Шилийнхотоос Монгол Улсын Улаанбаатар хот, Хятад улсын Шянган, Аомэнь, Тайвань зэрэг газарт нэвтрэх нислэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Шилийнхотын зам тээвэр хөгжиж, Шилийнхотоос хөдлөөд дөрвөн зүг найман зовхист явахад  саадгүй болсон бөгөөд дөрвөн зүг найман зовхисын айлчин гийчин ч Шилийнхотын тал нутгийн өнгө үзэмжийг сонирхох, соёл түүхийг ойлгож мэдэхээр хүрэлцэн ирдгээс Шилийнхотын соёл аялал жуулчлалын аж ахуй сүүлийн жилүүдээс ихээхэн хөгжиж, ялангуяа тал нутгийн соёл аялал жуулчлалын  аж ахуй нь улс орондоо алдаршиж яваа билээ.

Зам тээвэр ихээхэн хөгжсөн нь Шилийнхотын аж ахуйг ч хөгжүүлж, хүчирхэгжүүлж байна. Шилийнхотын үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 21 гаруй тэрбум илүү юаньт хүрч, үүнээс нэгдүгээр зэрэглэлийн аж ахуйн ерөнхий өртөг 1.6 гаруй тэрбум юаньд хүрч, хоёр, гуравдугаар зэрэглэлийн аж ахуйн ерөнхий өртөг тус тус 10.5 гаруй тэрбум юань ба 8.8 гаруй тэрбум юаньд хүрсэн байна. Үүнээс гадна соёл аялал жуулчлал, спорт, эрүүл мэндийн салбар ч хөгжжээ.

Шилийнхот нь Монгол үндэстний түүх соёл, үндэстний зан заншлыг бүрэн бүтнээр нь хадгалж байгаа газар нутгийн нэг болно. Энх-Амгалан хааны үед байгуулсан Өвөр Монголын дөрвөн их сүм хийдийн нэг болох Бэйсийн сүм байрлана. Шилийнголын уудам талаар угалзлан урсах Шилийн гол, галт уулын дэлбэрэлтээс бүтсэн Ширээт уул, тал нутгийн онцлог шинжийг хадгалсан хүйтэн Шилийн тал, нүүдлийн шувуудыг хамгаалах дархан орон Баянхүрээ, онгон шүтээнт Эрдэнэ овоо зэрэг олон сайхан байгалийн үзэсгэлэнт бүс нутагтай билээ.

Шилийнхот нь үндэстний өвөрмөц онцлог шинж, тал нутгийн соёл аялал жуулчлал, байгалийн ганган сайхан үзэмж зэргээр хол ойрдоо алдаршиж, “Тал нутгийн гэрэлт сувд” , “Хятад улсын адуут нутаг” зэрэг сайхан алдрыг өргөж яваа юм.

Зохиогч: Сурвалжлагч хад
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шилийнголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл