Улаагчин тахиа жилийн шинийн аравдаар Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Жаран баг болон Баянхошуу сумын Шүүд багийн малчин айлаар явж, тэдний аж амьдрал, мал аж ахуйн үйлдвэрлэлийн талаар ойлголт авсан юм. Ингэж явахдаа өнгөрсөн жил ган гачиг болсон ч тэд аж амьдралаа өөдтэй сайхан авч явааг нь нүдээрээ харж, тэдний аж амьдрал, мал аж ахуйн үйлдвэрлэлдээ итгэл төгөлдөр байгааг нь хараад эрхгүй бахархаж билээ.
Шүүд багт цас нэлээд их унасан, зам дээр хааяа нэг машин унаа харагдаж байв. Бид явсаар малчин Мөнхбаярынд хүрэхэд саах сувай малаа ялган тэжээж, хашаа хороо дүүрэн хөөрхөн хурга тоглуулчихсан сууж байлаа. Цас шуурга гэж дэмий юм болголгүй, төл малаа тосчихсон тавтай сайхан хаваржиж байгаад нь “Өнгөрсөн зун танай энэ хавиар бороо хур сайтай юу? Өнгөрсөн өвөл цас зудын байдал гайгүй биз?” гэхэд Мөнхбаяр “Өнгөрсөн жилийн ган гачигт нэрвэгдсэн ч сүүлд нь бороо орж харин нэлээд бэлчээр гарсан. Манай энэ шил газар өвөл цас орж бэлчээр дарагдана, шуурга ч амархан дэгддэг. Гэвч пин хорооны бүтээн байгуулалтаа сайжруулж, өвс бордоогоо хүрэлцээтэй бэлтгэвэл санаа зоволтгүй байж болно” гэлээ. Түүнтэй үргэлжлэн ярилцаж суухад: “Малчин хүн гэдэг өөрийн хөдөлмөртөө илүү түшиглэх нь зөв, хонь малаа өөрөө хариулж арчлан, хөлсний ажилтан хөлслөхгүй хөдөөгийн ажилдаа өөрөө илүү хөдөлж байвал мал сүргийн тарга хүч, өсөлт ундралтын норм бүр ондоо болно шүү” гэж хөдөө нутгийн хашир малчны арга туршлагаараа сургаал хайрлаж байлаа. Малчин Мөнхбаяр гэргийтэйгээ хөдөө нутагтаа мал аж ахуйгаа эрхэлж явахдаа мал унаагаа өөрөө арчлан маллаж байдаг бөгөөд маллах үйлдвэрлэлийн зардлаа багасгах, орлогоо нэмэгдүүлэх талд ихээхэн оюун ухаанаа ажиллуулдгаас баяр бахархал дүүрэн, өр ширний дарамтгүй сайхан амьдарч байна.
Нутаг усаа хайрлан дээдэлж “Нутагтай бол малтай” хэмээн явдаг малчин хүний нэгээр Жаран багийн малчин Уртнаст дурдагдах ёстой. Тэрээр нутгийн байдалдаа тааруулан үхэр маллахын зэрэгцээ хадлангаа жил өнжин хадах, хайлаасбургастай нутгаа тавдугаар сар болоход мал бэлчээрлүүлэхгүй хамгаалах зэрэг зүй зохистой арга хэмжээ авч нутаг бэлчээрээ хамгаалдаг болохоор тэдний бэлчээр хадлан бусдынхаас шал өөр харагдаж байлаа. Нутаг бэлчээрээ урьдаар хамгаалж, дараа нь мал аж ахуйгаа хөгжүүлэх гэдэг нь түүний баримтлал билээ. Түүнтэй мал аж ахуй, банкны зээл, малчдын аж амьдрал гэхчлэн ярьж суухад “Одоо төрөөс явуулж байгаа бодлого их сайн. Энэ сайхан бодлогын дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлдээ илүү хүч хөдөлмөр гаргаж ажиллах л ёстой. Малын үнэ ханшны бууралт зэрэг нь малчдад зохих хэмжээний хүнд бэрхшээл учруулсан. Гэхдээ бид мал аж ахуйн үйлдвэрлэлдээ илүү хүч тавьж байвал бэрхшээлийг даван туулж чадна” гэж байв. Малын үнэ ханш буурч, орлого хасагдлаа хэмээн ихэнх малчид санаа зовж байгаа цаг үед мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогоороо өөрийн амьдралаа цогцлохын хажуугаар илүү орлогоороо бусад ядуу хүндрэлтэй айл өрхөө дэмжиж яваа түүний үйл хэргээс тэрээр нэгэн гарамгай сайн малчин гэдэг нь тод харагдаж байлаа.
Хашир малчдын сайхан амьдралыг харж, тэдний халуун яриаг сонсож суухад хөдөө нутгаа хайрлаж хамгаалж, ариун цагаан хөдөлмөрөөрөө үйл хэргээ босгож байхад ажилтанд хүрнэ гэдэг ёс, итгэл мөрөөдөл бидний сэтгэлд гүн суулаа.
