Монголчуудын эрт дээр үеэсээ хүнсэндээ ашигласаар ирсэн ингэний сүү, айраг цэгээ нь биеийн дархлааг дэмждэгээрээ онцлог. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүнээсээ эмчилгээний салбарт орж, хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангах дээд зэрэглэлийн эрүүл хүнс болж байна. Сургуулиа төгссөн Үйлс энэхүү боломжийг түшиглэн ингэний хоормог, айраг цэгээг шинжлэх ухаан шинэ технологид түшиглэн нарийн боловсруулан өртгийг нь нэмэгдүүлж, эмнэлгийн эмчилгээнд зориулан эрүүл ундаагаар борлуулж, жилийн хугацаанд 600 мянган юанийн цэвэр орлого олжээ.
ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны Сайхантал суурингийн Эрээннуур гудманд байрлах Арц сүү, сүүн бүтээгдэхүүний ХХК-ийн захирал Үйлс үйлдвэрийн тасгаасаа хайрцаг хайрцгаар савласан ингэний хоормогоо машиндаа ачин завгүй ажиллана. Үйлдвэрлэлийн тасагт орвол ингэний хоормог, айргийг чамин хийцтэй саванд савлаж, үйлдвэрлэж хадгалах цаг хугацаа, орц найрлагыг тодорхойлсон байлаа.
Сөнид баруун хошууны Санбулаг сумын Цагаан-Ус багийн уугуул Үйлс 2012 онд Өвөр Монголын Машин, цахилгааны дээд сургуулийг дүүргэж, Шэньхуа группэд ажилд орсон байна. Шилийн хотод ажиллаж амьдрахдаа Шилийнгол аймгийн Монгол эмнэлэг ингэний хоормогийн эмчилгээ хийж байгаа сургийг дуулсан нь түүнийг хувиараа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх, өөрийн гэсэн брэндтэй болох хүслийн очийг нь бадраасан юм. Ингээд эмнэлэгтэй хамтран ажиллах боломжтой болсноор ажлаа хаяж, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах замаар замнасан нь энэ билээ.
2018 онд Үйлс 120 кв.метр талбайтай бүхий байшин худалдан авч, машин төхөөрөмж авсантайгаа нийт 700 мянган юань зарцуулжээ. Ингээд түүнд түмэн явдал төгс бүрдээд үйлдвэрлэлээ эхлүүлэх ажил л үлджээ. Тэрээр хөдөөнөөс авчирсан нэг өдрийн гүүний саам, ингэний сүүг хүйтнээр хадгалан нийлүүлж, 65℃ хэмд хагас цаг ариутгасны дараа уламжлалт хөрөнгөө дээр нь хийж исгэжээ.
“Өөх уургийг нь жигд болгодог төхөөрөмжөөр оруулж гаргасан болохоор хол явсан ч шар ус нь ялгардаггүй, сар шахам хадгалахад амт нь хувирдаггүй болохыг баталсан” гэж тэрээр ярив.
Уламжлалт аргаар бол гүүгээ сааж дуусвал саамаа хөхүүртээ хийж, утаж ариутгана гээд олон явцыг дамжин айргаа исгэдэг. Үйлсийнх энэ бүх зүйлийг төхөөрөмжөөр гүйцэтгэснээр ариун цэвэр, тэжээлийн агууламж бүрэн, стандартад нийцсэн байх бүх талыг баталгаажуулсны дээр үүний дээр нарийн жижиг боосон бүтээгдэхүүнээ шинэчилж чадсан байна. Түүний бүртгүүлсэн “Арц” лого нь хөх тэнгэр, номин ногоо тал, хөхөмдөг уулс, сүүн цагаан гол мөрнөөр тэмээний хэлбэр дүрсийг бий болгосон аж. Энэ нь сүүн цагаан үйлсээ бэлгэдэн өөрөө бүтээжээ.
Ингэний сүү нь чихрийн шижин өвчнийг засах онцгой нөлөөтэй болохоор эмчилгээнд өргөн хэрэглэх болж, Үйлс одоо ингэний хоормог, айргаа эмнэлэгт өдөр өнжөөд нэг удаа хүргэж байна. Бүтээгдэхүүн нь эмчилгээнд ашиглах хүчиллэгийн хэмжээ, шим тэжээлийн өндөр шаардлагад нийцсэн болохоор Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэгээс ч захиалга ирж байгаа аж. Бүтээгдэхүүнээ илүү өндөр шаардлагад хүргэхийн тулд тэрээр цаг үргэлж яс чанарыг батлах, дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж, ингэний сүү, айргийг судалсан эрдэмтэн мэргэжилтнээс мэргэжлийн зөвлөгөө авдаг байна. Эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа саадгүй явуулахын зэрэгцээ дэлгүүрт борлуулсантайгаа ингэний хоормог, айргаар сар дунджаар 140-150 мянган юанийн орлого олж, өмнөх хоёр жилийн цэвэр орлого тус тус 600 мянган юанийг давжээ.
“Одоогийн байдлаар гол төлөв эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээнд зориулан хийж байна. Ирээдүйд нөхцөл боломж гарвал тоног төхөөрөмжөө шинэчлэн, нарийн жижиг савлан, эрүүл мэндийн болон энгийн ундааны хэлбэрээр илүү өргөн зах зээлийг нээх хүсэлтэй байна” хэмээн Үйлс дараагийн ажлаа төлөвлөнө.
