
Тэрээр нэгэн удаа Долон нуурын өртөн голын хөвөөн дээр Хөл хөх хошууны нэгэн эрдэмтэй лам хоёр шавьтайгаа ном бясалгаж байгаатай таарсан бөгөөд түүнтэй сайн танилцсан байна. Тэгээд түүнд “Мэргэн цэцэн номын хан хөл хөх ламын” хэмээх номын цол олгож, тамгатай бичиг гардуулсан байна. Ингээд Өэлүн түмний Галдан бошгот хаан Халх гурван аймгийг эзэлснээс болж Халхын хаад ноёд Манж чингийн төрд дагасан тул Энх-Амгалангийн 30 дугаар он (1691) 5 дугаар сард Энх-Амгалан хаан өөрийн биеэр Долон нуурт ирж Халхын Түшээт хаан болон түүний хөвгүүн Жавзандамба гэгээн болон Цэцэн хаан, нас бага Цэвжав түргүүтэй Халхын бүх ноёд тайж зэрэг 35 хүнийг хүлээн авч уулзаад тэднийг өршөөн уучилсны зэрэгцээ шагнан урамшуулсан байна. Энэ удаа ар 57, өвөр 49 хошууны засаг ван, гүн бэйл, бэйс нар Долон нуурт чуулган хийж, Энх-Амгалан хаанд бараалхан бүх Монголын их найр хийж, сур харваж, морь уралдуулж, бөх барилдуулсан бөгөөд хонь үхрээ тахилга шүтлэгт зориулж байжээ. Энэхүү бүх Монголын чуулган дээр Энх-Амгалан хаан Монгол ван гүнтэй ярилцаж, Долон нуурт “Чуулганы уг сүм” (汇宗寺) гэдэг сүм байгуулахаар тогтжээ .Энэ сүмийг Энх-Амгалангийн 30 дугаар оноос барилга эхлүүлж, мөн Энх-Амгалангийн 51 дүгээр он (Цагаан морин жил)-ы хаврын 3 сарын 21-ний өдөр барьж дуусгажээ. Энэ нь даруй эдүгээгийн Хөх сүм болно. Тус сүмд ар 57, өвөр 49 засаг хошуудаас тус тус хоёроос гурван лам авчирч байнга суулган, Манж хааны насан өлзий бататгахын жишээг хурах үүрэг даалгаж, сүмийн шар дансанд оруулжээ. Шар дансанд орсон лам нарт хошуу хошуунаас нь хүн болгонд гурван тасалгаа гэр хүрээ байгуулан өгч, жилийн цалин 60 лан мөнгө, галчийн зардал арван таван лан мөнгө өгдөг ба гурван жилд нэг удаа номын хувцас солих арван таван лан мөнгө, гэрийн засварт хоёр зуун лан мөнгө зэргийг тоо ёсоор олгодог байжээ.
Хөх сүм нь модон бүтэцтэй бөгөөд урт нь 15 метр байдаг. Дээд, доод гэсэн хоёр давхарт хувааж, дотор нь есөн есийн наян нэгэн өрөөтэй. Хойшоо урагшаа нэг газар илүү урт, зүүн баруун 100 метр өргөнтэй.
Зангиа хутагт Хөх сүмийн бүх ажлыг хариуцдаг. Хөх сүм нь засаг ба шашныг нэгтгэсэн бөгөөд говийн өмнөх Монголчуудын шашны үйл ажиллагаа, засгийн асуудлыг хамаардаг. Хөх сүм нь тухайн үед дотор газрын хамгийн томоохон сүмийн нэг байсан бөгөөд хамгийн олондоо тус сүмд 1000 гаруй лам байсан юм. Хөх сүм нь Том талбай, Их үүд, Тайжийн орд, Найман их сахиусны орд, Жин Ган орд, Да Шюн Бао орд болон Шан Ин Сй хийд, Арван гурван бурхны хөмрөг, Таван ноёны хөмрөг, 100 гаруй бага гэрээс бүрдсэн бөгөөд Чин улсын үеийн Жүнюань орны барилгын онцлог шинжийг хадгалсан байна. Мөн сүм нь Монгол, Төвд, Манж зэрэг үндэстний соёл урлагийн онцлогийг бүрэлдүүлсэн байна. Сүм нь сүрлэг, сайхан хээнцэр харагдах бөгөөд Монголын өндөрлөгийн барилгын нэгэн гэрэлт сувд болсон аж.
1945 оны 8 дугаар сард дайнаас болж тус сүмийн нэг хэсэг нь шатаж, энэхүү урт удаан жилийн түүхтэй сүм уруудах замдаа орсон байна. Соёлын хувьсгалын үед дахин эвдэгдэж, сүмд сууж байсан лам нар ч албадлагаар сүмээсээ явжээ. Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа Долон нуурын Засгийн газраас Хөх сүмийг хамгаалах ажлыг хийж, ялангуяа 2000 оноос эхлэн их хөрөнгө оруулан Хөх сүмийг засан шинэчилсэн бөгөөд ирэх онд Хятад улсын голлон хамгаалах соёлын өвд хамруулсан байна.
2005 онд тус сүмийн Агван Шаравдорж гэдэг лам Хөх нуур мужид гурван удаа хүрч нэр хүндтэй лам хуваргыг урьж, тус жилийн 6 дугаар сарын 16-ны өдөр Хөх сүмийг дахин сэргээжээ. Ингээд Хөх сүм дахин сэргэж бурхны шашныг эрүүл хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ үзүүлж байгаа юм.


