
Хоёрдугаар сарын 10-ны үдээс өмнө бид Дөрвөд хошууны хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрлэлээр ядуурлыг бууруулах арга хэмжээний тухай ойлголт авахаар Өвөр Монголын Сай Нүө тал нутгийн хонины үйлдвэрлэлийн ХХК-д хүрсэн юм. Хижээл насны эрэгтэй биднийг хүлээн авч уулзан, Сай Нүө компанийн ядуу өрхийг тэтгэн тусалж байгаа тухай танилцуулсан юм.
- 2016 онд Сай Нүө компани нь манай Баян багийн 13 ядуу буурай өрхийг хариуцан авч, ядуу хүндрэлтэй өрхийн малд үнэ төлбөргүй Дү Бө хонины үр шилжүүлэн суулгах ажлыг хийсний зэрэгцээ мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, тэжээл бордоо захиалах, эрлийзжүүлсэн хургыг кг бүрд зах зээлийн үнээс 2 юань өндөр үнээр хураан авах зэрэг харгалзах арга хэмжээг хэрэгжүүлжээ. Хоршоонд хамрагдсан ядуу өрхийн хонь бүрд 100 юань, 0.07 га бэлчээрт 5 юань өгөхөөр гэрээ байгуулан ядуу өрхийг тэтгэн харгалзаж байна. Мөн их дээд сургууль дүүргэсэн оюутнуудад ажил олгох, ажилгүй малчдыг багийн манаач, цэвэрлэгчээр ажиллуулах зэрэг аргаар хоршоонд хамрагдсан ядуу өрхийг тэтгэж байгаа хэмээн товч бөгөөд тодорхой танилцуулж байлаа.
Энэ хүн бол Цагаанбулаг сумын Баян багийн намын дарга Бөхчулуун болно.
- Малчдын Сай Нүө компанитай байгуулсан ядуурлаас ангижруулах гэрээний гар гүйцэтгэлийн бүрдүүлэлт хийхээр өглөө хошуунаас ирсэн. Энэ компанийг анх үүсгэн байгуулахад оролцсон хүний нэг юм. Одоо ерөнхий даамлын туслахаар ажиллаж байна гэж тэрээр өөрийгөө танилцуулав.
Бөхчулуун мөн “Баян хонины үйлсийн тусгай хоршоо”-ны дарга болно.
Тэрээр 30 гаруй жил багийн ажил хийж явахдаа нутаг усныхаа малчдыг дагуулан жижиг хэмжээний өвсний хүрээ байгуулж, өвс бордоогоо өөрсдөө хангах зэрэг нутаг бэлчээрийн бүтээн байгуулалт хийсэн ба сүүлийн жилүүдэд малчдыг хоршоонд оруулах, ядуу хүндрэлтэй өрхийг толгойлогч аж ахуйгаар дагуулан ядуурлаас ангижруулах замаар хөтөлж байгаа тухай яриан дундаас нь бид ойлгов. Ярилцаж байх зуур гар утас нь тасралгүй дуугарна.
- Энэ ажлаа амжуулбал өдөр буцахгүй бол болохгүй. Хэдэн малчин өрхөөр орох ажилтай гэж байв.
Бид түүний нэг өдрийн ажлыг даган сурвалжлах санаатай байгаагаа хэлэхэд тэрээр:
- Тийм ээ, мянга ярихаар нэг үз гэдэг. Хамтдаа малчин айлаар очиж танилцъя гэж бидний саналыг баяртай хүлээн авч билээ .
Хошууны төв Улаанхуа суурингаас хойш гарч хагас цаг гаруй давхиулснаа зүүн зүгт бууж энхэл донхол шороон замаар бас хориод минут сажлуулснаа шинэ хуучин байшин зэрэгцүүлэн барьсан нэгэн айлын үүдэнд хүрээд зогсов. Энэ айлын гэрийн эзэгтэйг Эрдэнэцэцэг гэдэг. Энэ айл Цагаанбулаг сумын Гэрэлтуяа багийн ядуу хүндрэлтэй малчин өрхийн нэг.
- Манай 120 хонинд Сай Нүө компаниас үнэ төлбөргүй үр шилжүүлэн суулгаж өгсөн. Одоо 90 гаруй хонь хургалаад 120 гаруй төл тосоод байна. Олон хонь ихэрлэсэн, хээлтүүлэг хийсэн 120 эм хониноос 150 гаруй төл тосно гэж Эрдэнэцэцэг баяртай ярив.
Бөхчулуун хажуугаас нь:
- Өнгөрсөн жилийн жишгээр хурга бүрээ дунджаар 570 юаниар худалдвал энэ жилийн ихэр 30 хургаа худалдаад 17 мянган юанийн хадгаламжтай болж ядуурлаас ангижирна гэж Эрдэнэцэцэгт данс бодож өгч байлаа.
Эр нөхөр нь 5 жилийн өмнө эндэж, одоо хоёр хүүхдээ сургуульд өгчээ. Амьдралын тэтгэмж авдаг ч орлого нь зарлагадаа хүрэхгүй зүдэрсэн Эрдэнэцэцэгийн амьдралд энэ жил эргэлт гарах боломжтой байгаа аж.
Эрдэнэцэцэгийнхээс гараад Бөхчлуун үргэлж санаа зовж явдаг нэг айлдаа орохоор биднийг дагуулан хурдлав. Энэ жил 43 настай Баян багийн малчин Жао Лайфү биднийг очиход майжиг шавар байшиндаа гоймон идэхээр чанаж сууна. Түүнийг бага байхад нь ээж нь орхиж явсан бөгөөд өнгөрсөн өвөл 70 гарсан өвчтэй аав нь нас барж тэрээр одоо ганцаараа амьдардаг байна.
- Энэ залуу залхуу биш, харин юмандаа эзэн болж чадахгүй. Хүн дагуулж хийлгэхгүй бол ажил хийж чадахгүй гэж Бөхчулуун шүүрс алдана. Энэ нь харин үзэл санаагаа ойлгуулж чадахгүй байх нь ядуурах чухал шалтгаан болохын амьд жишээ байлаа. Бөхчулуун мөн л түүнд амьдралын данс бодож, хоршоонд орж ядуурлаас ангижрах тухай санал зөвлөмж өгч:
- Жао Лайфү 267 га талбай бэлчээртэй, 0.07 га талбай бэлчээр бүрд 2.4 юаний нөхвөр өгч байна. Жилд 10 мянган юань олно. Хэрэв хоршоонд орвол бэлчээрт чинь бас жилд 20 мянган юанийн нөхвөр өгч, 70 хонинд чинь 7000 юань өгнө. Амьдралын нөхвөр жилд 3430 юань өгч байна Хоршоонд орж багийн гэр харвал чамд сард 1000 юань өгнө. Идэж уух, амьдрах газрыг чинь компаниас хариуцна. Ингээд бодоход чи жилдээ бараг 50 мянган юанийн цэвэр орлого олж, ядуурлаас ангижирч бүр баян хүн болно. Энэ үед эхнэр олохгүй гэж зовох хэрэг байна уу?
Жао Лайфүгийн гэрт Бөхчулуун хэдэн удаа ирснээ ч мэдэхгүй. Харин ядуурлыг бууруулахад нэг өрх, нэг хүнийг ч орхихгүйн тулд ингэж яваа билээ. Хоршоонд орох ашигтай талыг дахин дахин сонссон Жао Лайфүч одоо өөр таталдах зүйл байхгүй болохоор хоршоонд сайн дураараа орно гэж байв.
Тэр айлаас гарч ирэхэд оройн 6:30 цаг болсон байв. Бид бодохдоо бараг буцах байх гэж бодож байтал Бөхчулуун:
- Алтанбулаг ахынхаар ороод гаръя. Энэ айлын том асуудал шийдвэрлэгдэх болсон гээд Баян багийн малчин Алтанбулагийнхыг чиглэв.
Байгууллагын малыг 20 жил хариулсан айл, өөрсдийн хувийн бэлчээр, гэр байшин гэж байхгүй тэнэж явсны дээр гэрийн эзэн Алтанбулаг нь өнгөрсөн жил тархины судас бөглөрөх өвчинд нэрвэгдсэн зэрэг асуудлыг бид түүний гэргийгээс сонсов. Бөхчулуун энэ айлыг олон жил харгалзаж, өнгөрсөн жилээс илүү орж гардаг болсныг яриан дундаас мэдлээ.
- 2012 онд энэ айлыг 130 хоньтой нь хоршоонд оруулсан. Хоёр хүүхэд нь гэрлээгүй байгаа. Охин нь өнгөрсөн жил их сургуулиа дүүргээд ирсэн. Сай Нүө компанидаа охиныг нь ажиллуулж байгаа гэж Бөхчулуун ярив.
- Ядуу өрх Улаанхуа сууринд харгалзлын үнээр амьдрах байшин өгөхөөр хошууны төрийн бодлого гарсан. Компанийн талаас зохицуулж байгаад охины чинь нэг жилийн цалингаар урьдчилгаа төлбөрийг өгч, танайд 80 кв.м байшин авч өгөхөөр болсон. Энэ зун та нар шинэ байшинд нүүнэ гэж Бөхчулуун баярын мэдээ дамжууллаа.
Тэндээс гарч ирэхэд оройн 8:00 цаг болсон байв. Бөхчулуун даргын нэг өдрийн ажил ингэж дууслаа. Бид түүний малчин ардынхаа төлөө ингэж зүдэрч зүтгэж явахад нь сэтгэл догдлон шагшиж ярихад тэр:
- Би Хятад улсын хөдөлмөрийн жишээч, ӨЗО-ны Намын төлөөлөгчдийн Х хурлын төлөөлөгч. Одоо чинь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх зангилаа шатанд ороод байна. Төвөөс орон нутаг хүртэл ядуурлаас ангижруулах замд нэг өрх, нэг хүнийг ч орхигдуулж болохгүй гэж шаардаж байна. Малчдаа дагуулж ядуурлаас ангижруулах нь бидний дархан хариуцлага юм гэлээ.
Үнэхээр тийм, нэг л өдрийн ажил явдлаас ч бид түүний албан зарцын үүрэг хариуцлагаа хэзээд санаж, бодит ажлаараа гүйцэтгэж явааг нь харлаа.
