solongonews
Хамгийн ирээдүйтэй хүнс – Өвөр Монголын сагаг
2020-08-18 10:03
Хамгийн сайн ирээдүйтэй хүнс – Өвөр Монголын сагаг

- Буудай болон цагаан будааны шим тэжээлийн гүйцэтгэл тоо нь тус тус 70 ба 50 байдаг бол сагаг нь 80-92 байдаг.

- Сагагт уураг, цардуул ихээр агуулагддаг бөгөөд төмөр, кальци, цайр зэрэг элементүүд болон 18 төрлийн амин дэм агуулагдана.

- Сагаг нь судсыг зөөлрүүлэх, цусны өөхийг бууруулах чадвартай.

- Сагаг нь эм болон хүнс болдог хос чадвартай. 21-р зууны хамгийн ирээдүйтэй бохирдолгүй хүнс хэмээгдэв.

- Одоогоор Өвөр Монголын сагаг тарьж буй талбай ба ерөнхий уналт нь Хятад улсад тэргүүлж, улсын дотоодын сагагийн гол гаралтын бүс болов.

“Өргөн нарийн хэрчмэл тан

Өнцөг гаргавал дөрвөлжин тан

Хуруугаараа нидэрвэл хуруувчин тан

Хурдан хийвэл гоожуул тан

Алгадаад хайрвал шалбин болно

Амтлаг сайхан бууз болно

Атарт жигнэвэл боорцог болно

Алд урт Хээлээ болно...”

Сагагийн гурил хоолны тухай Хүрээ нутагт ингэж холбоо хоршоо зохиосон байдаг. Сагагийн гурилаар 30 гаруй төрлийн хоол хийж болдог. Сагаг нь бусад таримал хүнс ногооноос илүү шим тэжээлтэй байдаг болохоор Хүрээ нутаг төдийгүй улс даяар, харь улсад ч алдартай юм. Эрдэнэ шиш шиг шижир алтан өнгөгүй, цагаан будаа шиг цагаан өнгөгүй, хар бор “царай”-тай, гурвалжин тал “төрх”-тэй ч өндөр шим тэжээлтэй сагаг хэмээх тариа Өвөр Монголын өвөрмөц нэгэн гаралт болсон билээ.

Сайн хоол сагагийн гурил

Түм бужигнасан хот газарт ажил амьдрал хэмээн тэмүүлж явахад нутгийн хоолоо хая нэг амсах нь нэг ёсны жаргал, ар гэр, нутаг усаа санан дурсахын өөр нэгэн хэлбэр буюу.

Охиноо өглөө бүр сургуульд нь хүргэж өгөөд сургуулийн ойр байрлах хоолны газар орж сагагийн гурилтай хоол идээд ажилдаа явдаг нь Соёлын хэдэн жилийн амьдралын зуршил болжээ. Сагагийн нутаг хэмээн алдартай Хүрээ нутгаасаа салж Хөххотод суралцаж ажиллаж амьдардаг Соёлын хувьд 20-иод жилийн турш нутгийн үнэр амттай сагагийн гурилтай хоол олж иднэ гэдэг маш сайхан хэрэг байлаа.

Сүүлийн жилүүдэд Сайнаа хоолны газар, Хүрээ сагагийн хоолны газар, Баян Жирим хоолны газар зэрэг Хөххотод нэлээд олон сагагийн гурилтай хоолны газар ар араасаа үүдээ нээж өрхөө сөхсөн юм. Соёл ч нэлээд хоолны газрын сагагийн гурилыг амталж явлаа. Багшийн ажил албатай Соёл охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх бүр нутгийн зангаар маш урт сагагийн гурилтай хоол хийж, охиноо эрүүл сайхан урт удаан наслаарай хэмээн бэлэгшээдэг. Охин нь сагагийн гурилтай хоол идэх дуртай байлаа.

Алс далайн цаана арлын орон Японд 10-аад жил ажиллаж амьдарсан Цэцэн ар гэртээ харих цаг зав маш бага байдаг ч Япон улсад сагагийн гурилтай хоол авч иддэг. Япончууд сагагийн гурилтай хоолыг эрхэм хоол хэмээн хүндэтгэж, хуучин оноо үдэж, шинэ оноо угтахад заавал сагагийн гурилтай хоол иддэг гэнэ.

- Япончууд сагагийн гурилаар гол нь гурилтай хоол хийдэг гэж Цэцэн ярьж байлаа. Японд одоогоор сагагийн гурилтай 5000 гаруй хоолны газар бий. Сагагийн гурилаа Өвөр Монголоос оруулдаг. Япон эрдэмтний судалгааны үр дүнгээс үзвэл буудай ба цагаан будааны шим тэжээл тус тус 70, 50 байхад сагагийн шим тэжээл нь харин 80-92 байдаг гэж гарчээ.

Саруул ирээдүйтэй сагагийн нутаг

Өвөр Монголын Туняао хотын Хүрээ хошуунд одоогоор сагаг тарих цаг арай болоогүй ч Цэнгэлт харин хаврын тариан ажлаа дуусгасан байлаа.

Есөн наснаасаа аавыгаа дагаж тариан ажилд гаршсан Цэнгэлт сагаг тарих, арчлахаас хураах хүртэл бүх явцыг сайн мэднэ. Сагаг тарихаас өмнө газрын хөрсийг гурван удаа хагалан, хөрсийг нь зөөлрүүлэх нь сагагийн ургацад сайн. “Гурав хоноод соёолдог, гуч хоноод цэцэглэдэг, жар хоноод боловсордог” сагагийг цагаан шүүдэр унахаас 60 өдрийн өмнө тарьдаг. Сагагийг тарихад төмөртэй ойртуулахгүй, модон малтуур, модон хүрз хэрэглэдэг нь сагагийн хальсыг гэмтэхээс хамгаалж байгаа хэрэг гэж Цэнгэлт сагаг тарих арга туршлагаа ярилаа.

Улсын Чанар Шалгах Товчоо, Хятадын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Эрүүл Мэндийн Судалгааны Тасгаас хяналт хийх ба шим тэжээлийн агууламжийн задаргаа хийж Хүрээ нутгийн сагаг 10.3%-11.9% уураг, 63.3%-75% цардуул, 10.3%-13.8% бүдүүн ширхэглэг агуулагдаж, В1, В2, ВE-ийн агууламж нь цагаан будаа, буудай, эрдэнэ шиш зэргээс өндөр байдаг. Цайр, кальци, төмөр, флавоной зэрэг элементүүд болон 18 төрлийн амин дэм агуулагддаг. Сагаг нь чихрийн шижинг эмчлэх, ходоодны хеликобактерыг устгах, цусан дахь холестрины хэмжээг бууруулах, ходоод гэдэсний өвчлөл, архаг өтгөн хаталтыг эмчлэхээс гадна хаван хөөх, зүрхний титэм судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлж эмнэх үйлчилгээтэй. 

Ли Шижэний “Өвсөн эмийн төв”-д, “Сагаг хий хөөж, гэдсийг тайвшруулдгаас ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулан, улмаар хий зангираа, гэдэс өвдөх, хэхрэх өвчинг засна” гэжээ.

Шим тэжээлийн мэргэжилтэн сагаг бол эм ба хүнсний хос ашигтай таримал бөгөөд шим тэжээл, эрүүл мэнд, эмд хэрэглэх зэргийг нэг болгосноор 21-р зууны хамгийн сайн ирээдүйтэй бохирдолгүй хүнс хэмээгдсэн гэжээ.

Хүрээ хошууны газар зүйн байршил, хөрс шороо зэрэг нь сагаг тарихад таатай орчин бүрдүүлж, жилд 350 мянган мү /15 мү = 1 га/ талбай сагаг тарьж, сагагийн гаралт нь Хятад улсын 1/4 хувийг эзэлж байна. Хүрээ нутгийн сагаг болон сагагийн бүтээгдэхүүн нь одоогоор Хятад улсын дотоод ба олон улсын зах зээлд ихээр борлуулагдаж, ялангуяа Европ тив болон Япон, Солонгос, Сингапур зэрэг улсаар борлуулалт сайтай байна. Одоогоор Хүрээ хошуу нь Далайн гармаар дамжин жил бүр 10 мянган тонн хар сагаг ба гурван мянган тонн сагагийн бүтээгдэхүүнийг гадаадад гаргаж, сагагийн гулирын хүнс нь улсын дотоодын Бээжин, Гуанжүө зэрэг их хотын хэрэглэгчдийн итгэлийг олж байна. Хүрээ хошуу нь “Хятад улсын сагагийн нутаг” хэмээгдэж, одоогоор Хүрээ нутгийн сагаг нь бүс нутгийн брэнд болж хөгжсөн аж.

Туняао хотоос гадна Өвөр Монголын Улаанхад хот, Улаанцав хот, Хөххотын Үчуань шянь, Чин Шүйхэ шянь, Бугат хотын Гүян Шянь зэрэг бүс нутагт сагагийг тарьдаг. Өвөр Монголын сагаг тарьж буй талбай ба ерөнхий уналт нь Хятад улсад тэргүүлж, Өвөр Монгол нь улсын дотоодын сагагийн гол гаралтын орон болов. Бүртгэлд 2019 онд Өвөр Монголын сагаг зэрэг ам хүнс тарьсан талбай нь 12 сая мү /15 мү = 1 га/ талбайд хүрч, аж үйлдвэрийн өртөг нь 21 тэрбумд юаньд хүрсэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл