2009 онд манай баг бэлчээрлүүлэх ажлыг зогсоож, “Битүүмжлэх шилжүүлэх” бодлогод хамрагдсан болохоор манайх хэдэн бог малаа айлд тавиад, “үхэр сүргийнхээ угийг таслаад яах вэ” гэж нэг улаан цоохор охин бяруу үлдээж айлд тавиад хот орсон юм.

Улаан Цоохор
2011 онд манай багийн айлууд дахин нутаг буцаж эхлэхэд манайх ч хотоос хөдөөдөө буцаж билээ. Айлд тавьсан малаа авахад улаан цоохор охин бяруу маань сайхан биетэй, сүү сайтай үнээ болоод нэг хөөрхөн тугал дагуулж ирсэн билээ. Тэр жил манайх цайны сүү, тавагтай идээ дундарсангүй тансаг сайхан зуншсан юм. 2012 онд улаан цоохор минь ихэрлэж, эр охин хоёр тугалтай болж, манайх их бага дөрвөн үхэртэй боллоо. Ихэр тугалтай ч сүү сайтай болохоор манайх бас нэг зун цайны сүү дутсангүй. 2013 онд улаан цоохор минь сувайрсан боловч 2011 оны тугал нь шүдлэн гунж болчихсон сайхан ухаа халзан тугал гаргаж, тэр жил манайх мөн сүү цагаан идээтэй сайхан зуншсан. 2014 онд улаан цоохор минь гунжтайгаа хоёул тугаллаа. Ингээд л үхэр сүрэг маань өсөх замдаа орсон юм. 2015 онд улаан цоохор сайхан шар цоохор тугал гаргаж, мөн түүний төлүүдийнх нь тугалтай нийлээд манай үхрийн тоо арван хоёрт хүрсэн юм.
Манайх 2009 онд ганцхан охин бяруу л үлдээсэн бол улаан цоохор үнээний өнөр хишгээр одоо арваад үхэртэй болсон байна.
