solongonews
Эрүүл орчны төлөө ажил дээрээ шинэлсэн цэвэрлэгч
2017-02-06 21:37
Цагаан сараар шөнөжин түжигнэсэн ёслолын буудлагаас болж бохирдсон гудамж талбай нар мандахтай зэрэгцэн хэвийн байдалдаа орж цэвэр цэмцгэр болдог.

    Хот болгонд ийм нэг хэсэг хүмүүс үүрийн харанхуйгаар ажилдаа гарч, шөнийн гүнээр ажлаасаа тарж, хот суурингаа цэвэр тохилог байлгадаг. Тэд бол хүрээлэн буй орчны цэвэрлэгчид юм.

2 дугаар сарын 2-ны өглөө Бугат хотын Дархан-Муумянган холбоот хошууны Дархан зам дээр цэвэрлэгч Чан Чин гуай хогийн савыг хогийн машинаар ачин цэвэрлэж, ажил ихтэй бужигнана. Чан Чин гуай энэ жил 50 настай, энэ ажлаа хийгээд жилийн нүүр үзэж байна. Өглөөний долоон цагаас үд хүртэл ажилладаг билээ.

“Бидэнд бүтэн жилдээ амралтын өдөр гэж байдаггүй, цагаан сар ч адилхан. Гэвч яахав, бид амарвал олон нийтийн амьдрал ахуйд нөлөөлнө. Харин би ажлаа дуусгаад ах дүү нартаа очиж золгоно” гэж Чан Чин гуай ярьж байлаа.

Энэ жил 65 настай Чулуу “Монгол” хотхоныг ОО-г долоон жил цэвэрлэсэн. Түнляо нутагтай тэрээр гэр бүлийн хүнтэйгээ хамтдаа  амьдрал ахуйгаа ийн хичээн үргэлжлүүлсээр байна. Тэрээр хэлэхдээ, “Ажлаа голохгүй хийсээр байх болно. Над шиг бөгтөр нуруутай хүнд энэ ажил тохирно, хөдөлмөрт юун ялгаа байх билээ” гэж байлаа.

Хүрээлэн буй орчны ажилчдын ихэнх нь нэлээд нас ахисан хүмүүс байдаг. Тэдний ариун цагаан хөдөлмөрөөр бид бүхэн тохилог орчинд амьдарч байгаа билээ. /Бэлтгэсэн АНАР / 

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл