Бөхбаатар Баруун Үзэмчин хошууны Жирийнгол суурингийн Жаран багийн малчин. Одоогоор 500 гаруй хонь ямаа, дөчөөд адуу, тавиад үхэр, тавиад тэмээ маллаж байна.
Хонин сүргийн орлого ба өвс бордооны зардал
Сүүлийн жилүүдэд бэлчээрийн газар муудсанаас эднийх бог малаа нэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэл тэжээдэг. Мэдээж ингэх нь өвс бордооны зардал их орно. Өнгөрсөн намар Бөхбаатарынх хадлангаасаа 3400 боолт өвс авч гаднаас 5000 боолтыг худалдан авч бэлтгэсэн байв. Гаднын өвсийг тээж оруулах зардал ба өвсний үнэ нийлээд нэг боолт нь 22 юань хүрэх болохоор нийт зардал 35 мянган юань болно. Мөн 7500 килограмм бордоо авсан 15 мянган юанийн зардлыг нэмбэл өвс бордооны нийт зардал 50 мянган юань хүрнэ.
Бөхбаатар: - Өвсний нөөц хангалттай. Бордоог тахиад 5 мянган килограмм нэмж авах шаардлагатай. Өнгөрсөн онд зарсан хурганы орлого өвс бордоо аваад дуусчихлаа гэж ярилаа.
Тэрээр өнгөрсөн онд нэг хургаа 300 юаниар үнэлж 200 гаруй хурга зарж нийт 60 мянган юань олсон байна.
Адууны орлого ба банкны зээл
2016 оны нэгдүгээр сард Бөхбаатар банкнаас 100 мянган юанийн зээл авчээ. Энэ оны нэгдүгээр сард зээлийн хугацаа нь дуусаж 30 гаруй адуугаа зарж зээлээ барагдуулсан юм. “Банкны зээлээ цагт нь буцаахгүй бол хүү нь өсөөд их өртэй болно. Иймээс би адуугаа худалдаж зээлээ буцаасан гэж тайлбар хийж байлаа.
Үхрийн орлого ба зардал мөнгө
Амьдралын өргөн хэрэглээнд жилд ойролцоогоор 50 мянган юань зардаг. Усны зардал ихэнхийг эзэлнэ. Мөн хүүхдүүдийн сургалтын төлбөр, машины бензин гээд олон зүйл байдаг. Өнгөрсөн жил эднийх үхэр худалдсан 50 мянган юаниараа амьдралын зардаа болгосон байв.
Тэмээний орлого ба бэлчээрийн газрын түрээс
Бөхбаатарынх 333 га бэлчээрийн газраас гадна бусдаас 266 га газар түрээсэлж байна. Түрээсний мөнгө жилд ойролцоогоор 25 мянган юань. Энэ зардлыг тэмээгээ худалдаж олдог байв. Өнгөрсөн онд 7 тэмээ зарж 40 мянган юанийн орлого олжээ.
Ямааны орлого ба хавар зуны хүнс
Бөхбаатарынх арваад ямаатай. Хэдийгээр тоо цөөн ч хаврын улиралд малчдын эдийн засгийн эх үүсвэр болдог. Жилд ойролцоогоор 4000–5000 юанийн орлого олно.
Бөхбаатарынх ийнхүү Үзэмчин хонио гол болгон маллахын зэрэгцээ бусад малыг цөөн тоогоор маллаж байна. Малын үнэ ханш, жилийн өнгийг даган сонголттой зардаг юм байна.
