solongonews
Дарвагар цагаан сэрх минь
2016-12-26 16:28
Сэрх гэж нас гүйцсэн эр ямааг хэлнэ.

Цас хаялан тэнгэр хүйтэрч, цагаан гууны хадлан нийтдээ цасанд хучигдаж, хаашаа харсан ч цас. Өнөө орой салхигүй намуухан байгаасай гэж хадланд суусан оторчид бодолдоо даатгана. Бага л салхи гарвал шуурга босож бэлтгэл муутай оторчдод гамшиг болох нь тэр ээ. Хонь малаа гэрээс ойр байлгаж, маргааш отор буух бэлтгэл ажлаа шалавдан хийж, адуу үхрээ ойртуулан хураана. Маргааш өглөө эрт отрууд нүүдэллэж, би хонио суурин зүг буцаах замд залж оруулахад дарвагар цагаан сэрх минь сүргийн түрүүнд зам дагуулан явахаар нь би санаа амар гэрээ ачаалахаар буцав.

Дарвагар цагаан сэрх охины минь амин хайртай сэрх. Охин сургуулиас ирвэл хамгийн түрүүнд хонинд очиж дарвагар цагаан сэрхэндээ амттай идээ өгөхөөр толгой түрүүгээ маажуулан эрхлэн аашлах бөгөөд эзэн минь ирчихлээ гэсэн шиг хэнээс ч айхгүй сарталздаг сан. Охин минь их сургуулиа төгсгөхөд хайртай ишиг нь ч бүдүүн сэрх болчихжээ. Ямаа гэж тэжээл авахдаа сайн, амь бөхтэй амьтан даа хөөрхий. Дарвагар цагаан сэрх дутуу амьтай гарсан ишиг юм. Тухайн үед манайд нэг номхон нутгийн сэрх байсан л даа. Охин минь багадаа унаж тоглосоор байж хоёулаа бүр ижилдэж дассан. Хөгшрөөд зарах үед 75 килограмм хүрч, наймаачныг гайхаш алдуулж байсан. Харин охин минь сургуулиас ирээд сэрхийг нь зарсан хэмээн уйлж унжиж байлаа. Дараа охиндоо дарвагар цагаан сэрхийг зааж өгсөн нь энэ билээ. Багаас нь өхөөрдөн тэжээснээс сургуульд явсных нь дараа гэр эргэн майлж охиныг минь хэдэн өдрөөр эрдэг. Дарвагар цагаан сэрх бүдүүрэх тутам улам дүрсгүй болж, хонь дагуулан тор хүрээ шургах, эрт хотондоо буцах, үүд хаалга нээж гэрт орох зэрэг аливаа хэргийн түрүү тэр л гэж мэд.

Бид гэрээ ачаад буцахад үд аядаж тэнгэр хүйтрэн бага шуурга гүйж байлаа. Хонио хөөж гүйцэхэд дарвагар цагаан сэрх хонио дагуулан шууд өвөлжөө уруугаа явж байв. Дарвагар цагаан сэрх сүргийн түрүүнд явж байсан цагт бэлчээр нутгаа андахгүй сайн мэднэ. Дарвагар цагаан сэрх минь энгийн үед дандаа л уршиг татдаг ч хэрэгтэй үед бол сүргийн түрүү нэрээ хамгаалж, эзэндээ бага бус тус болдог юм.

Зохиогч: А.Түмэннаст
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл